Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал болж, баяр наадмын бэлтгэл ажлын талаар салбар хороод ажлын явцаа танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 сарын 04-ний өдрийн хуралдаанаар комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Засгийн газрын 2015 оны 79 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулсны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын даргаар Монгол Улсын Шадар сайд ажиллаж байсан бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уг комиссыг тэргүүлэн ажиллаж байгаа юм.
Наадмын бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаа бөгөөд ихэнх нь бэлэн болсон гэдгийг салбар хорооны дарга нар хэллээ.
Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдаж, 1000 гаруй сур харваач, 80 багийн 800 гаруй шагайн харваач цэц мэргэнээ сорино. Зургаан насны болон эрлийз морьдын уралдаан болох бөгөөд барилдах бөхчүүдийг энэ сарын 8-10-нд бүртгэж эхлэх юм. Мөн баяр наадмын өдрүүдэд Цагдаагийн байгууллагын 6000 гаруй алба хаагч, нэмэлтээр Оюутан цагдаа, Олон нийтийн цагдаа, Хууль сахиулах их сургууль, Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Батболд 07 сарын 08 буюу Баасан гарагт Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн байр, морь барианы газартай танилцаж, хүлээж авна гэдгийг хэлээд иргэдээ амгалан тайван сайхан наадуулж, тэдний аюулгүй байдлыг хангахын төлөө ажлаа хариуцлагатай хийхийг салбар хорооныхонд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна.