Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг)
Эмэгтэй хүний бачимдан хашгирах дуунаар шөнө дөл болтол "айпад"-аа
"тэврэн" хэвтэж байсан би цочин бослоо. Халаадаа нөмрөөд үүд рүү очиход
хаалганы цаана эмэгтэй хүний арга ядсан дуугаар мэгшин уйлах дуу
сонсогдоход хаалганд чихээ нааж, хэрэгт дурлав. Уйлах эмэгтэйтэй хамт
нэг эмэгтэй хүн, нэг эрэгтэй хүн ярилцаад байгаа сонсогдов. Дурангаараа
харах гэтэл хэн нэгэн байрны дэггүй багачууд бохь наагаад "бөглөж"
орхижээ.
"Хаалганы хонх дуугаргаад амар заяа үзүүлэхгүй нь ээ. Цагдаа дуудаад
өгчихвөл яасан юм бэ?" гэж эмэгтэй хүн хэлэхэд эрэгтэй хүний аргил
бүдүүн дуу гарч "Ингээд орхисон нь дээр. Цагдаа ирвэл "ухаж төнхөөд" шал
балай юм болно" гэж цааргалах ажээ. "Чам муу "банзлаас" хамаг хэрэг
үүсэж байгаа юм. Зүгээр мөрөөрөө явахгүй хаа явсан газраа охид
хүүхнүүдийн толгой эргүүлж явдаг дүүрчихсэн хулгайч шүү. Би унтаж
амармаар байна шүү. Энэ муу сэгсийсэн алмасаа эндээс түргэн зайлуулаач
чи" гэж эмэгтэй хоолой нь хяхтнан хэлэхэд эрэгтэй нь цаад эмэгтэйд хэлж
байгаа бололтой "Чи яасан хүний амьдралд гай болсон новш вэ. Эндээс
хурдан далд ор" гэж хөөх аж.
"Яваач ээ тэнэг ээ, битгий хүнд гай болоод бай. Босооч. Хурдан
зайлаад өг" гэж эрэгтэйг зандрахад эмэгтэй нь хажуугаас нь " Чи одоо
хэнд эрхлээд байгаа юм бэ? Наад залуу чинь миний нөхөр. Чам шиг хөдөөний
сайран хацартад олдохгүй сайхан залуу. Дахиж "нүдүүлье" гээгүй юм бол
нүднээс хурдан далд ор" гэж давшилна. Нөгөө бүсгүй нь босохгүй байгаа
бололтой уйлаад байх юм. "Өргөөд доошоо шидчих. Яасан хүний үгэнд
ордоггүй дургүй хүргэсэн хог вэ. Алив, Буянаа, дороос нь өргө... Новш
минь чи юу гэж далимдуулаад байнаа?" "Яасан юм бэ? Санаандгүй мөөмөнд нь
хүрчихлээ"
Арай доошоо шат руу шидэхгүй байлгүй дээ гэж бодож байтал түсхийгээд
шат руу бүгдээрээ өнхөрч унах сонсогдов. Ёо ёо гэж зэрэг орилдоод, нуруу
бөгс гэж хараах дуулдана. Тэр хооронд би хаалгаа хурдан онгойлгоод
дуранд наасан бохийг авч амжлаа. Шатны доошоо харвал тэр дор хүмүүсийн
хүндээр амьсгалах, хараал зүхэл болох дуу хадна. Хаалганы дуугаар эхнэр
нөхөр хоёр "Хүн гарч ирэхээс өмнө гарч зугатъя. Энэний толгойноос цус
гоожиж байна" гэж хэлэх сонсогдлоо.
Шат тожигнуулан тэднийг доош "зугатсаны" дараа би бүрэн чөлөөтэй болж
шатны дор орцны хана түшин ёолох бүсгүйг олж харав. Задгай унжих өтгөн
хар үснээс нь улаан цус нүүр рүү нь олгойдон урсана. Ийм юм харсан
эмэгтэй хүн яаж зүгээр байх вэ дээ. Би бүсгүй рүү очиж "Яаж байна? Босож
чадах уу? Манайд ороод цусаа цэвэрлэ" гэж гуйлаа. "Зүгээр ээ, намайг
орхи." "Юу ярьж байгаа юм бэ? Толгойноос чинь цус гараад байна. Цус
алдаад үхвэл яана" "Хамаагүй хамаагүй. Чи намайг орхи. Үхсэн нь дээр
надад..."
"Чи ингэж болохгүй. Манайд ороод цусаа тогтоохыг бод. Босох гээд үз
дээ" гээд би түүнийг хүчээр татлаа. Надаас нэг олон насаар эгчгүй тэр
бүсгүй лав хорин гурваас хэтрэхгүй. Харин өндөр нуруулаг болохоор хүнд
юм аа. Ер нь махлагдуу талдаа шүү. Их эршүүд ажээ. Намайг сугадан босгох
гэж хамаг хүчээ шавхаж байхад нэг гараараа шал тулаад өөрөө босоод
ирлээ. Түүний дэргэд бол би хариугүй хүүхэд шиг намхан байлаа.
Бүсгүй миний тусалцаагүй хана түшин алхсаар гэрт минь орж ирэв.
Хаалгаа дангинатал түгжсэнийхээ дараа би бүсгүйг дагуулан усны өрөөндөө
орлоо. Түүнийг хүйтэн усаар толгойныхоо цусыг шавших хооронд би марль
хөвөн олж ирэв. Учир явдлыг нь оньсого шиг тааварлаж ядан байсан би
толгойгоо хананд хэгз цохиулсан бүсгүйг дотроо өрөвдөж байлаа. Цусыг нь
тогтоож толгойг нь боож өгөөд цус болсон цамцыг нь тайлуулж угаагаад,
банны өрөөний хэцэн дээр байсан ахынхаа угаасан цамцыг өмсгөв.
Хэдэн хормын дараа бид хоёр гал зуухны өрөөнд өөд өөдөөсөө харан
халуун кофе ууж суулаа. Одоо тэр бага зэрэг тайвширсан боловч нүдний
аньсган дээр нь нулимс гялтагнаад, мяраалаг том хөхтэй цээж нь уралдааны
морь шиг түхэлзэн амьсгаадна. Гил хар үстэй, торомгор том алаг нүдтэй
бүсгүй ажээ. Түүний сэтгэлийн шаналан далайн хар шуурга цунамигаас
дутахгүй "шуурч" байгаа даа гэж бодсон би орцонд юу болоод өнгөрсөнийг
асууж зүрхэлсэнгүй.
Кофе ууж, бас миний найрсаг занд талархсан бүсгүй хэсэг чимээгүй сууж
байсанаа өөрөө яриа өдлөө. Тэр нилээд аманцар бололтой гал зуухыг
эргүүлэн тойруулан харсанаа,
-Гал зуухаа сайхан тохижуулжээ гээд миний зүг сайхан алаг нүдээрээ тунаран харж,
-Чи гэртээ ганцаараа байгаа юм аа гэлээ.
-Тиймээ. Ганцаараа...
-Нууц биш бол чи хэдүүлээ амьдардаг юм бэ?
-Ахтайгаа хоёулаа.
-Ах чинь байхгүй байгаа юмуу?
-Байхгүй. Ах хөдөө уурхайд ажилладаг юм.
-Чи оюутан уу?
-Тиймээ, сурч байна.
-Чи энэ хажуу айлаа сайн мэдэх үү?
-Хорин таван номер уу?
-Тиймээ, хорин таван номер...
-Авгай нь саяхан төрсөн шүү дээ. Нэг ах эгч хоёр амьдраад хэдэн жил болж байна.
-Өөр хүмүүс байдаг уу?
-Байсан юм аа. Энэ Буянаа ахын хадам аав ээж хоёр байсан л даа.
Гурван жилийн өмнө хөдөө явж байгаад машинтайгаа осолдож, нас
барцгаасан. Хуучны хур хөрөнгөтэй баян хүмүүс байсан гэж хүмүүс ярьдаг.
Хүргэн хүүтэйгээ таардаггүй байсан тул хүргэн хүү нь машиныг нь засах
нэрээр нэг "муу юм" хийчихлээ гэцгээдэг. Уулын уруу гэнэт тооромсоггүй
болоод эрчээрээ өнхөрсөн гэдэг... Гэхэдээ би сайн мэдэхгүй. Байрны
хүмүүс эд нарт жаахан дургүй байдаг юм. Юунаас болоод тэгдэгийг нь ч би
мэдэхгүй. Гаднаас нь харахад нүдэнд дулаахан л хосууд байдаг гэж би
түүнд хамаг мэддэгээ ярилаа.
Гэвч Буянаа ахын надтай тааралдах болгондоо талимаарсан харц шидэж
"Орцны гүнжээр юу байна даа?" гэж инээмсэглэдэгийг хэлсэнгүй. Заримдаа
ментолтой бохь халааснаасаа гаргаж өгдөгийг дурьдсангүй. Надтай нас
ойролцоо энэ залуу бүсгүйгийн толгойг "эргүүлж" ямар нэгэн муу зүйл
хийсэнийг гадарлаж эхэлсэн тул бүсгүйг Буянаа ахтай "танилцсан" түүхээ
хуучлахаас өмнө тэр хүнийг "ямар муухай хүн бэ?" гэж хар буусан байсан
юм.
-Орой болжээ. Хоноод яв даа гээд би түүнд ахын орны даавууг сольж ор засах гэтэл бүсгүй,
-Танихгүй хүний орон дээр унтаад яах вэ. Хэрүүл уруул хийж яваа
хэсүүл хүн эр хүний орон дээр унтаж таарахгүй. Чи шалан дээр дэвсэх юм
шидчих. Хөдөөний бориг надад нөмрөөд хэвтвэл юу ч байсан яах вэ гэж
татгалзав. Би орныхоо өмнө гудас дэвсэж түүнд унтах газар бэлтгэв.
Орондоо ороод гэнэт мартсанаа санасан мэт би,
-Толгой чинь өвдөж байна уу? Анальгин бий шүү гэхэд тэр тоосон шинжгүй,
-Зүгээр дээ, толгой өвдөх нь гайгүй байна. Харин зүрхний эм байвал... гэж зөөлөн асуув.
-Зүрхний эм гэж харин байхгүй шүү. Ах бид хоёр тийм эм хэрэглэж үзээгүй гэхэд
-Ах чинь хань ижилгүй залуу хүн үү? гэж бүсгүй эмэгтэй хүний зангаар сонирхов.
-Би хорьтой, ах гуч хүрч байгаа. Миний ах чинь сайн хүн шүү дээ. Хөдөө уурхайд экскаватор барьдаг хүн.
-Уучлаарай, ахаас чинь өөр хүн байдаггүй юмуу?
-Аав ээж минь намайг аравтай байхад өнгөрсөн юмаа...
-Уучлаарай... Миний ээж ч гэсэн өнгөрөөд удаж байна. Аавтайгаа л
хоёулаа хүн шүү дээ. Ээжээс хойш аавын архинд донтох нь тэвчишгүй
болсон. Нээрээ, хоёулаа танилцаагүй байгаа юм байна шүү дээ. Намайг
Энхмаа гэдэг. Чамайг?...
-Ямар сонин юм бэ? Бидний нэр ойролцоо юм аа.
-Бас Энхээ юу?
-Үгүй ээ, тун ойролцоо. Энхриймаа гэдэг.
-Нээрэн, ямар адилхан юм бэ? Энхмаа, Энхриймаа... Чи унаган хотынх уу?
-Тиймээ би хотынх...
-Би бол Сэлэнгийн охин доо. Манай сум төмөр замын өртөөтэй болохоор
явуулын хүмүүс их явдаг газар. Архи спирт тасрахгүй. Аавын архи уудагыг
болиулах гэж би их хөөцөлдсөн. Сүүлдээ дийлэхгүй болоод зөнгөөр нь
орхисон л доо. Аав комбайнчин хүн болохоор жилийн гурван улиралд
"салгалаад" комбайн, трактор бариад тостой хутгалдаад явна. Ажилгүй
үедээ нөгөө шилтэй цэнхэртэйгээ "найзална" шүү дээ. Хэлээд үгэнд орохгүй
хүнийг үхэхгүй амьд мэнд явбал боллоо гэж бодох болсон.
Ээжээс хойш би сургуулиа орхиод үнээ малтай "зууралдсан" хүн. Хэдэн
гахай, тахиатай. Аав хүнсний ногоо тарина. Тэр бүгдийг боловсруулж,
хадгалж, борлуулж худалдах хамаг ажлыг би хийнэ. Эхлээд ганц эмэгтэй хүн
хэцүү байсан л даа. Яваандаа тэгээд сурчихсан шүү... Өртөөний дэргэд
дэлгүүртэй. Сүү, цагаан идээ, ааруул хурууд, төмс ногоо, дарсан жимс
жимсгэнээ худалдана. Өртөө зөрлөгтэй тул суудлын вагон зогсох хооронд
овоо хэдэн төгрөг олно. Ноднин жилээс би өөрийн нэр дээр хоршоо
байгуулсан юм.
Жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих төсөлд багтахаар хотоос ирсэн
төлөөлөгчидтэй очиж уулзахаар сумын буудалд очлоо. Тэнд би нүдэнд
дулаахан, биерхүү өндөр залуу олж харсан нь энэ Буянаа билээ. Нутгийн
давжаа, хөөрүү залуучуудыг бодоход жинхэнэ эр хүн шиг харагдсаныг
нуугаад яах вэ. Эр хүн болохоор намайг хараад сээтэн хаяж байгааг би ч
нэг муу юм мэдэлгүй дээ. Тэгэхээс тэгэх гэсэн шиг наалинхайтан аашилж,
Буянаагийн сэтгэлд "итгэл" төрүүлээд орхилоо.
Хоёр хоногийн дараа үнээгээ сааж байтал Буянаа машинтай давхиж ирлээ.
Тэр хоёр хоногт би ч түүнийг үгүйлсэн юм шүү. Хэзээ ч хүнд уруу
татагдаж байгаагүй би эрэгтэй хүнийг чин зүрхнээсээ тэгж хайрлана гэж
огт бодоогүй. Царайлаг, соёлтой, албаны "том" хүн. Миний амьдрал аж
ахуйтай танилцаж, хэд хоног манай гэр, ногооны талбай, дэлгүүрээр
эргэлдэж, найз хүүхнүүдийн минь нүдийг "бүлтийлгэв". Найз хүүхнүүд маань
намайг төрөл арилжтал будаж гоодож, тэрийгээ өмс, энийгээ соль гээд
намайг нийслэл хотод миссийн тэмцээнд явуулах гэж байгаа юм шиг хөл
хөөрцөг боллоо.
Миний "буянаар" найз хүүхнүүдийн маань хоёр нь "төсөл"-д хамрагдаж,
зээл авахаар болов. Би ч түүнийг гэртээ ирэхэд байгаагаараа зочилж,
ааваар хонь гаргуулж, тогооны хорхог амсуулав. Аавд архи өгч
"авилгадаад" Хараа руу загасанд явуулж, тул загасны махаар дайллаа. Аав
ч "хүндэт зочны" хөлд хэд хоног нэвширтэл уув. Түүнийг явахад би найз
хүүхнүүдтэй нийлэн "үдэн гаргалтын бяцхан цайллага" зохиож, дарсан жимс,
ногоо, өөрсдийн гараар "нэрсэн" нэрмэл ч өгч явууллаа... Түүнийг
явсанаас хойш би сэтгэл минь гэгэг гэгэг хийгээд хэдэн өдөр газар олж
гишгихгүй, зүрх минь хөөрөн булгилж байсан юм.
Арайхийн тайвшраад ажил төрлөө эрхэлж явтал тэр над руу утастадлаа.
Аймаг дээр ажлаар ирсэн гэнэ. Намайг ирж уулзаач гэж урилаа. Зээл авч,
гурван хүн ажилдаа туслуулахаар авсан би барьж байсан үнээний фермийн
дулаан саравчаа дуусгалгүй орхиод, хамаг өөдтэй хувцсаа сольж өмсөөд
аймаг руу гарч одов. Түүний буусан буудал руу таксигаар очиж явахадаа би
өөрийгөө удирдан зогсоож чадахаасаа өнгөрсөнөө мэдсэн юм. Ой ухаан минь
"хяналт"-аа алджээ. Зүрх минь түүнд тэмүүлж байсан болохоор төрсөн биеэ
түүнд "тушаахаас" бэлэн амьтан буудлын хаалгаар орлоо.
Тэр надад зориулж өрөөндөө ширээ засчээ. Алим, жимс, чихэр чавга,
мэдээж миний аавын хайр зарласан чамин савтай архи. Эмэгтэй хүн гэхэд
хар бор ажилтай багаасаа зууралдаж өссөн болохоор миний бие хаа ч
хадуун, зан ааш ч хурц юм. Барагтай эрийг сээтэн хаяад байвал "нульдаг"
амьтан. Нуруу өндөр болохоор жаахан махлаг нь мэддэгддэггүй. Миний
нүдэнд нутгийн тоодгор дээлтэй харчуул дэнгийн эрвээхэй шатдаг тул
эмэгтэй хүний "зэвсэг" болсон наалинхай нүдээ тормолзуулаад... тэр ч
миний нүдэнд татагдсанаа яриад... их л дотно үдшийг өнгөрөөв.
Түүнийг намайг үнсэх гэж ойртоход нь би ичээд золтой л түүнийг сандал
дээрээс түлхээд унагаачихсангүй. Уухаа болбол би "ус" шиг ууна. Харин
согтохгүй. Нүд нь талимаараад инээгээд суудаг билээ. Эмэгтэй хүнийг
нутгийн эрчүүд согтоож байгаад хэргээ бүтээдэг гэдгийг мэдэх тул муу
санаалаад согтдоггүй юм. Харин гэнэт ирсэн гэнэн хайр минь нүдийг минь
сохиолж, ухаан бодлыг урвуулаад хаячихжээ. Утаанд угаартсан хүн шиг
эргүүтэж өгсөн.
Нэг хартал надад хайрлан дурлахын "онолын хичээл" зааж байсан хайрт
залуу минь "тасраад" уналаа. Түүнийг өргөж оронд нь хувцсыг нь тайлан
хэвтүүлээд түүнийхээ цэвэрхэн царай, шулуун хамар, өтгөн хөмсөг, нүдний
дор байх хар мэнгийг бахархан ширтэж хэвтсэн би өөрөө "нам" унтжээ.
Нойрон дунд л нэг уухчиж амьсгаадсан дуу... Бурхан минь тэр намайг
нүцгэлээд үг зүггүй амьсгаадан, үнсэж үлгэнэ... "Би хүнтэй унтаж үзээгүй
шүү дээ. Үзээгүй" гэж би нулимс дуслуулан хэлж байсанаа санадаг.
Өглөө сэрэхэд минь тэр босож хүйтэн ундаа ууж суусанаа хөнжлөө сөхөж,
цусан толбо болсон орны цагаан даавууг заан инээмсэглэнэ. "Биеийн юм
чинь ирсэн юмуу?" "Зүгээр байгаарай. Чиний хийсэн ажил. Согтоод унахад
минь чи ашигласан байна шүү дээ" "Тэгвэл чамайг шалганаа" "Шалга шалга.
Шалгалтанд би бүдрэхгүй"... Тэр миний эрхтнээр оролдож, тэгэх бүрд нь би
дуу алдаж... Уучлаарай. Би хамаа намаагүй ярьдаг хүн шүү дээ. Гэхэдээ
би чамд итгэж байна. Тэгж би "хүүхэн" хүн болж, эрэгтэй хүнтэй анх
ойртсон минь тэр. Халуун янаглал, хайрын далайд умбасан би энэ хэдэн
хоног савангийн үнэр шиг арилаад өнгөрсөнийг анзаарсангүй.
Түүний ярьж байсан, хэлж байсан үг үсэг бүрт итгэж байлаа. Тэр
эхнэрээсээ салаад жил болж байгаа гэж ярьсан. Надтай амьдаръя. Удахгүй
чамайг хот руу дуудана. Эхнэртээ байраа өгсөн тул одоохондоо найз
нөхдөөрөө хоног төөрүүлж байна. Өөрийн гэсэн байртай болоод хөдөө газрын
үзэсгэлэн гоо чамайгаа үүрд хайрлан амьдарна гэж хэлсэн. Жинхэнэ монгол
бүсгүйчүүд хөдөө л байдаг юм байна. Зоримог, хатуужилтай, үнэнч ариун
сэтгэлтэй, эрүүл чийрэг бие махбодтой, үнэхээр эр хүнд хань болж, өмөг
тшиг болох бурхны охид байна. Тэр дотроос хээрийн зэрлэг жимс шиг чиний
ааг амт, уруулын бал энэ хорвоод миний амталж үзээгүй, огт мэдэрч
байгаагүй шинэ мэдрэмж, исгэлэн гашуун улаалзганаас өөрцгүй анхилам
амттай. Хотын хүүхнүүд бол туниа муутай, яагаа ч үгүй өвчин ярьсан,
ёолсон ярвайсан, гоёлж гангалж, хов ярихаас өөр юмгүй юмнууд байдаг юм.
Ямар азаар би танай суманд ирж, ямар тавилангаар би чамайгаа олж авав аа
гээд тэнгэрт өргөтөл намайг магтдаг байлаа.
Түүний томилолт дууссан тул тэр намайг бүхлээр нь залгичих шахан
үнсэж долоож, бараг уйлчихсангүй эргэн эргэн харсаар толгойгоо унжуулан
явсан юм. Гэртээ хариад би түүний үгийг дахин дахин санаж, түүний ирж
авахыг хүлээлээ. Биеийн юм маань ирэхээ больсон тул эмчид үзүүллээ. Хоёр
сартай жирэмсэн болжээ. Хүүхдээ төрөхийг хүлээгээд хайрт түүнийгээ
ирэхийг хүлээгээд хэдэн сар өнгөрөв. Тэр явсанаасаа хойш утсаар огт
ярьсангүй. Ямар нэгэн юм болж дээ гэж муугаар бодон шөнө орондоо уйлж
унжина. Хавар нь би өвөл хүйтрэхээр дутуу орхисон үнээний фермийн
саравчаа засаж байгаад саравчин дээрээс хальтирч унаж, хүүхдээ
зулбачихлаа. Төрөхөд ганц хоёр сар дутуу байсан юм шүү дээ. Эмнэлэгт
очоод хүн болсонгүй өнгөрсөн.
Буянаа ч сураггүй. Газар тэнгэр ээлжлэн дайвалзаж, хорвоо чи
бөөрөнхий шүү дээ, хүний зовлонд цадах болоогүй юү гэж кинон дээр гардаг
шиг Хараа голыг урийн шар үертэй байхад нь харайх л дөхсөнгүй. Хүн
жаргал даадаггүй зовлон даадаг болохоор тэр бүх зовлон гунигийг тэсч
гарахаас өөр арга байсангүй. Хир барагтай бол усан нүдэлж үзээгүй би тэр
нэгэн сохор хайраасаа болж, байсхийгээд нулимсаа бөмбөрүүлдэг уяхан сул
амьтан боллоо. Гэвч би шазруун, хор шартай амьтан байж. Хот орж байгаад
чамайг олж, тооцоо хийнэ дээ гэж шүд зуун боддог байсан.
Тэгж тэгж нэг өдөр хот орлоо. Ажлын газрыг нь төслийн нэрээр
баримжаалан хайж яваад оллоо. Тэгтэл тэр төслийн мөнгө "идсэн" хэрэгт
ороод ажлаасаа хөөгджээ. Нутгийн итгэлтэй хүний зөвлөсөнөөр хувийн
мөрдөгч олж авлаа. Зах дээр зарах гэж авчирсан ачааны машинтай хүнсний
ногоогоо "бөөнөдсөн" тул хэдэн төгрөгтэй байсан болохоор ажлаа амархан
бүтээлээ. Түүний тусламжтай энэ гэрийг нь заалгаж ирсэн юм. Хонхыг нь
дараад гэрт нь орсон. Эхнэр нь хаалгаа тайлж өгсөнийг огт тоосонгүй.
Буянаатай уулзах гэж яваагаа хэллээ. Юун хүн бэ? гэхээр нь сүйт бүсгүй
нь гэж шуудхан хэлсэн.
Гэтэл тэр үгийг сонсоод эхнэр нь муухай хашгираад нөгөө өрөөндөө
ороод мань Буянааг чирээд гараад ирлээ. Тэр намайг таниад гайхан
харсанаа хойшоо ухрав. Энэ юун хүүхэн бэ? Надад чи хэлээд өг гэж эхнэрээ
шаардахад Буянаа ингэж хэллээ. "Тиймээ, энэ хөдөөний хүүхэн чинь тэр
жил намайг ажлаар очиход зээл олгож өгөөч гээд буудалд ирж, намайг
согтоож унагасан хүүхэн мөн шиг байна. Өглөө сэртэл миний өвөрт хэвтэж
байсан юм. Чи намайг зөвөөр ойлгоорой. Энэ намайг согтоож "урхидсан"
хүүхэн" гэж өчихөд эхнэр нь "Энэ анхны удаагийнх биш шүү. Энэ тэгээд яах
гээд байгаа юм бэ? Хурдан хөөж явуул" гэж ориллоо. Угаасаа би тэсрэх
бөмбөг шиг тэднийд орсон хүн шүү дээ. "Буянаа гуай та бузар явдлаа яаж
ингэж булзааруулж чадна вэ? Надтай сууна. Ганцаараа амьдардаг. Чамд би
ухаангүй хайртай гээд явсан чинь худлаа гэжүү? Би зүгээр чиний улаан
нүүрийг харж чиний юу гэж хэлэхийг өөрийн биеэр үзэх гэж ирсэн юм. Чи ч
дээ ийм увайгүй, явсан газраа "хүүхэд" хийж явдаг ухна байсан юм уу?
Намайг чи хүүхэдтэй болгоод явсанаа мэдэх үү? Харин чиний энэ хуурамч
худалч, хүний амьдралаар тоглодогы чинь мэдээд тэр хүүхэд хүн болсонгүй"
гэж би уйллаа.
Уул нь муусайн юмнуудад нулимсаа үзүүлэхгүй гэж бодсон ч тэссэнгүй
уйлж орхив. "Тэгээд чи юу хүсээв? Мөнгө үү? Энүүнд хэдэн төгрөг өгөөд
хөөгөөд гарга. Чиний шалигаас болж, эцэг эхийн минь хураасан хэдэн
төгрөг дуусах нь. Чи ер нь энэ гэрт юутай ирсэн юм бэ?" гээд эхнэр нь
Буянааг цохиод авахад би хаалга нуруугаараа даран "Би эндээс явахгүй. Та
нарын мөнгө надад хэрэггүй. Та нар намайг яавал яа. Цонхоороо гаргаад
шид" гэж хэллээ. Тэгтэл эхнэр нөхөр хоёр намайг чирч гаргах гэж бөөн юм
болсон. Тэд намайг арай гэж гаргаад үүднийхээ гадаа орхиход нь би
Буянаагийн хөлөөс гараасаа зуурчихлаа. Буянаагийн хөлийг тавиулах гэж
эхнэр нь миний гараас хазаж, Буянаа нөгөө хөлөөрөө миний мөр рүү
өшиглөв.
Тэгэхэд нь "Та нар намайг ал. Цагдаа иртэл би эндээс явахгүй" гэж
хашгирсан. Гэтэл тэд намайг шат руу түлхэх гээд би хоёулангаас нь зэрэг
зуурсан тул хамтдаа гурвуулаа доошоо өнхөрлөө. Намайг толгойгоороо хана
мөргөөд, нүд нүүр рүү цус урсахад тэр хоёр намайг орхин зугатсан. Харин
чи гарч ирээд намайг татахад миний толгой эргэн нүд харанхуйлж байсанаа
танайд орж ирээд хүйтэн усаар толгойгоо угаахад гайгүй болсон. Чамд би
маш их баярласан шүү гэж Энхмаа санаа алдан ярилаа.
Ямар ч гэнэн итгэмтгий юм бэ дээ гэж хэлэх гэсэнээ би болив. Гомдсон
хүнийг дээрэс нь гомдоож яаж болох вэ. Түүний төөрөлдсөн хайр цээжин
дотроо борооны үүл шиг зангирч, хариугүй түүнийг багалзуурдах гэж
байгаа. Тэгээд би сэтгэлийг нь засах санаатай,
-Таныг би ойлгож байнаа. Та энэ бүгдийг болоогүй гэж бодоод тайван унтаж амар даа гэлээ.
Энхмаа тайвширч чадахгүй байгаа бололтой хоолой нь зангирч,
-Намайг чи та гээд яахав. Зүгээр Энхмаа гэл л дээ. Би чамаас олон эгч
биш. Хорин дөрөв хүрэх гэж байна. Надад тусалсанд баярлалаа. Чамд би
бөөн төвөг болчихлоо доо гэж гунигтай хэлэв.
-Өглөө яая гэж бодож баййна даа? Миний бодлоор бол ахиж түүнтэй уулзаад хэрэггүй биз дээ.
Тэр хэсэг чимээгүй болсоноо уртаар санаа алдаж,
-Яахаа мэдэхгүй байна. Тэгэхэдээ л надад хэцүү байна. Би Буянаатай
уулзахаас өмнө эр хүнтэй учирч яваагүй. Эр хүнийг хайрлаж үзээгүй. Зүв
зүгээр явсан амьдралд минь гэнэт орж ирээд, сэтгэлийн тамд унагаасан энэ
хүнийг зүгээр орхимооргүй байна гэв.
-Өс хонзон авах гэжүү?
-Тэгсэн ч яадаг юм. Нүүрий нь тэр гэхийн тэмдэггүй болтол маажаад хаячихъя аа...
-Тэгж болохгүй байх аа. Сайн бод. Тэглээ гээд тэр хүн дахиж чамайг хайрлахгүй.
Энхмаа дуугарсангүй. Эмэгтэй хүн болохоор надад ч хүнд байлаа.
Хэдийгээр би Энхмаа шиг зовлон үзээгүй ч надаас түрүүлж, хүнд
хууртагдаж, хүүхдээ дутуу төрүүлж, түүн шигээ хайр сэтгэлээ "оршуулсан"
Энхмаа бол миний дэргэд хал үзэж халуун чулуу долоож яваа бүсгүй.
Түүнийг дуугарахгүй болохоор би хэсэг хэвтэж байгаад унтаж орхижээ.
Өглөө намайг сэрэхэд Энхмаа босчихсон банны өрөөнд байсан цамц
хувцсаа янзалж зогсоно. Ахын цамцыг угаагаад тавьчихаж. Индүүдэх үү
гэвэл над руу ичингүйрэн харж "Индүүдсэн нь дээр үү? Би барагтай бол
хувцсаа индүүддэггүй юм. Нойтон дээр нь сайн сэгсрээд, татаж тэнийлгээд
хатаачихдаг. Тэгээд ч надад юм индүүдэж байх зав гардаггүй" гэж өөрийгөө
харин шударгаар хүлээлээ. Түүний шулуун зан надад таалагдаж байсаныг
хэлэхийн аргагүй. Манай ах ч бас ийм шулуун шударга хүн. Маягтай зантай
хүнд дургүйгий нь яанаа.
Цайгаа уугаад би сургуульдаа явлаа. Энхмаа харин зах орно гээд
толгойгоо боосон шархан дээрээ лент наагаад надаас алчуур гуйж зангидаад
одлоо. Орой гэртээ ирээд хоолоо хийж байтал хонгилд бөөн шуугиан болоод
явчихав. Хаалга руу очиж чагнавал нөгөө Энхмаа ирчихсэн Буянаа ахын
хаалгыг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн " Та нар наад хаалгаа тайл даа.
Буянаа би чамд хэдэн үг хэлээд явах минь. Чи ямар муухай хүн бэ? Яаж
тэгж хүний сэтгэлээр тоглож чадаж байна вэ? Эр хүн юм бол чи гараад ир
дээ " гэж хашгирна.
Би гарах гэсэнээ битгий дахиж хэл ам гаргаарай гэсэн миний үгийг үл
хэрэгссэн түүнд гомдол төрж, хаалгаа нээсэнгүй. Тэгсэн ч холдож чадахгүй
хаалган дээрээ чагнан зогссоор... "Новшнууд аа, хаалгаа тай л даа. Би
сүүлчийн удаа чамд ганц нэг үг хэлчихье. Хаалгаа онгойлго доо. Би...
би... чамайг ийм хүн гэж мэдээгүй шүү дээ... Би... би..." Тэгсээр хаалга
цохих гар нь суларсаар... түүний дуу багассаар чимээгүй болчихов.
Шатаар олон хүний өгсөх чимээ гарч "Согтуу байна шүү дээ" "Энэ хүүхэн
агсам тавиад байна гэсэн юм аа" гэх дуу гарах нь цагдаа нар ирсэнийг
гэрчилнэ. "Цаанаас нь өргө" "Чи юугаа хараад байгаа юм бэ? Цээжнээс нь
өргө" гэх дуугаар би ухасхийн гарч "Уучлаарай. Наад хүн чинь манай эгч
байгаа юм. Манай гэрт оруулаад өгөөч" гэж хоолой чичрүүлэн гуйлаа.
Энхмаа "тас үсэрчээ". Түүнд өөрийн гэсэн ухаан алга. Шөнө дундын үед
Энхмаа сэрж, жорлон руу ум хумгүй гүйсээр ороод таг болов. Би яасан юм
бол гэж араас нь эмээн очвол Энхмаа суултуур дээр толгойгоо наачихсан
байдагаараа огьж байлаа. "Энхриймаа нуруун дээр дараад өгөөч. Бишээ
голоор нь... Аан зөв. Дахиад дороос нь дээшээ... Чи яасан гарын дүйгүй
юм бэ? Хөөш дахиад... Боль боль ингэж дардаггүй юм. Би аавынхаа нурууг
дараад сурчихсан юм. Ах чинь архи уудаггүй юмуу? Шартдаггүй юмуу?
Бөөлждөггүй юмуу? За яахав, гомдоогүй биз дээ. Ахиад нэг оролдоод үз
дээ"
Ердийн үед бол тэр маш хөгжилтэй хүн байх аа. Гэвч түүнийг яаж ч
муухай "ааш" гаргасан би "тэвчиж" чадахаар байлаа. Яагаад ч юм бэ,
түүнтэй дөнгөж өчигдөр танилцсан хирнээ надад нэг л дотно хүн шиг...
Хоёр сар уулзаагүй ахыгаа би санасан байлаа. Ах маань нэг иймэрхүү
хөгжилтэй, шударга яриатай хүн сэн. Ахтай минь адилхан зантай эмэгтэй
хүн байдаг гэж төсөөлөөгүй явжээ.
Бөөлжиж чадахгүй огиод байсан тул Энхмаад маш хэцүү байсан байх.
Тэгээд өөрөө баахан хүйтэн ус уусаны эцэст овоо бөөлжлөө. Үс нь
сэгсийсэн, нүднээс нь нулимс бөмбөрсөн түүнийг харахад хичнээн
өрөвдөлтэй байсан ч тэр энэ донжгүй байдлаа нуух гэж оролдохгүй байлаа.
Жаахан дотор нь онгойсоны дараа тэр надад болсон явдлыг нуулгүй ярьсан
юм.
Зах дээр очиж, дахиж хойноос нь ирсэн ногоогоо зарсан Энхмаа жолооч
нарыг хоолонд орох уу гэхэд дагаад явжээ. Солонгос хоол идэж, солонгос
архи уужээ. Яасан зөөлөн архи вэ ? гээд Энхмаа өгсөн болгоныг нь
"залгиад" байж. Орой нь надад миний алчуурыг авчирч өгөнгөө жаал жуул
жимс ногоо хүргэж өгөх байсанаа орь мартжээ. Нэг мэдэхэд Буянаагийн
хаалгыг цохиод зогсож байсан нь санагдсан гэнэ. Тэгээд гар хөл, дуу
хоолой нь сулран суларсаар нам "унасан" байна. Түүний хөгжилтэй сэргэлэн
зан нь эргэж ирсэн бололтой үс гэзгээ гараараа янзлаад,
-Маргааш хагас сайн өдөр. Чи надтай явж зах дэээр оч. Хоёулаа захаар
явъя. Хаанаас юу авахыг минь зөвлө. Чамд би жаахан жимс ногоо өгнө. Ах
чинь загасанд дуртай бол уу. Манай нутгийн хэдэн жолооч ирсэн. Давсалсан
загас өгье. Хоёулаа сайхан танилцлаа. Бүсгүй хүн болохоор чи миний
зовлон жаргалыг сэтгэлээрээ ойлгож хуваалцлаа. Би яагаад ч юм бэ чамайг
хараад сэтгэл онгойгоод явчих юм. Чи эерэг энергитэй, сэтгэл сайтай охин
байна. Дахиж би хэзээ ч "агсам" тавьж айл амьтан үймүүлэхгүй.
Энэ Буянаа гэдэг бухан бяруутай ахиж хэзээ ч харьцахгүй. Би түүнийг
чиний хэлдэгээр аман дотроо тас тас зажлаад, шүлстэйгээ хамт гаргаад
шидчихсэн. Нутгийн жолооч ах нар гэрий нь заагаад өг. Бялба нүдээд өгье
гэсэн л дээ. Гэхэдээ би хэл ам гаргаад яахав гээд зөвшөөрөөгүй. Тархи
толгойгоо харуулаад цагдаад өргөдөл өгвөл чадах л байсан. Би тэгээгүй.
Амьдралд минь том сургамж өгсөн "гавъяа"-гийн үнэлээд зүгээр "хаячихъя".
Цаас шиг базаад хаячихъя. Тэр шидсэн цаас чиний хөлд тааралдвал чи шууд
өшиглөөд хогийн сав руу чиглүүлчихээрэй гэж Энхмааг хэлэхэд би
тэссэнгүй инээд алдав.
-Тэр муу бухан бяруу охид хүүхнүүд болгон руу хайрын харц шиддэг байх
даа. Чамайг тэгж харвал чи шулуухан нүд рүү нь нулимаарай. Өвлийн
амралт чинь хэзээ болох вэ? Манайд нэг яваад ирээч. Ах чинь өвөл амардаг
бол хамт дагуулаад ир. Би та хоёрыг сайхан дайламз. Аав бид хоёр идшээ
идэж бардаггүй хоёр шүү дээ. Мах идэж махсаагаа гарга. Манайд төрөл
бүрийн дарсан даршилсан ногоо бий. Сүү тараг ид. Чи ингэхэд зун юу
хийдэг хүн бэ? Манайд ирж надтай ажиллаач. Жимс ногоо тарьж арчилж
ургуулж сур.
Өглөө голын хүйтэн усанд нүүр гараа угаагаад хөл нүцгэн нойтон
шүүдэр дээгүүр алхвал өвөл ханиад ч хүрдэггүй юм. Манай гэрийн хойд талд
шүд хага ташим булгын хүйтэн ус байдаг. Ёо ёо хага ташна. Толгой
таштал хүйтэн. Чи үзээрэй. Шүд өвдөхөө больдог юм шүү дээ. Аав энэ бол
аршаан гэдэг юм. Хүмүүс болохоор аавын нэрсэн "сархад" гэж тоглодог....
Ямар ч байсан хоёулаа жирийн биш найзууд болно шүү. Чи тэгнэ гэж амла л
даа. Миний нүд рүү харж байгаад баруун гараа зүрхэн дээрээ тавьж
байгаад амла.
Би нэг итгэсэн хүндээ үхтлээ үнэнч. Чи ч надад итгэ. Айлын хаалга
нүдээд "агсам согтуу тавьдагыг" минь хүнд битгий хэлээрэй дээ. Ахдаа ч
бүү хэл. Би аавдаа ч хэлэхгүй. Манай аав хэдий уух дуртай ч агсам
тавьдаггүй хүн. Би харин "аймаар" байгаа биз. Айлын хаалга өшиглөсөн
гэлүү?... Аав сонсвол сур бариад хөөнө шүү... Ахиад ийм "алдаа"
гаргахгүй гэдгээ "алдааг" минь дэндүү сайн мэддэг тул чамд л гэж хүлцэл
өчье.
Тоост хорвоод "хүн" болох гэж "хөл"-д орохыг алдан явахадаа томоос
том "алдаа" хийсэнийг минь чи л мэднэ. Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа
итгэ гэж над шиг духаараа хана мөргөсөн эмэгтэй хүн л хэлсэн буйзаа. Би
бүр толгойгоо "хагартал" мэдлээ. Хэзээ "том" болж ухаан орно доо.
Өнөөдөр дахиад агсам тавьдаг юм билүү. Эхнэртэй мөртлөө илүү харж билүү
долоодог эрчүүдийг эгнүүлж зогсоож байгаад "хосыг нь урт авах" уу? Чи юу
гэж гэж бодож байна. Тэднийг өмөөрөөгүй биз дээ. Бүгдийг нь нүцгэн
зогсоож байгаад халгайгаар ороолгоё гэхэд нь би инээд муутайг хэлэх үү
даган инээлээ.
Бид төрсөн эгч дүү хоёр шиг нэг гудсан дээр хэвтчихээд эрчүүдийг шоглон дооглож жаал инээлдэв.
-Муусайн эрчүүдийг дооглох яах вэ. Намайг чи хар даа. Нүднээс
гарчихсан байгаа биз. "Нөхөр"-тэй хаягдчихсан юмуу? Хүний нөхөр
"хүзүүдээд" өөрөө буруутсан биз дээ?... Намайг харин дооглох ёстой
бишүү. Нармийчихаад нус нулимстайгаа холилдчихсон... Ийм дагина байж
болох уу? Дагинаа хат даа, Буянаагийн эхнэрийн дэргэд бол хоронд
мансуурсан ялаа юу? Юу вэ? Буянаа ялааны алуур барьчихсан дутуу үхсэн
бол гүйцээгээд өгье гээд зогсож байгаа бус уу. Буянаа руу соотолзож
харсан ч сохоож харсан ч тэр зээл өгөх л байсан.
Харин би өөрөө гүйж очиж түүнийг "давраасан" юм. Надаас агь гангийн
үнэр үнэртдэг гэж тэр хэлж байсан. Тэр эхнэрийнхээ этгээд чамин үнэртэй
гадаад усны үнэрт уйдахадаа тэгж хэлсэн. Хаалга үүд нь шорон шиг байнга
"битүү" улсууд харшилтай ч болсон юмуу. Хамраа онгойлгох гээд хээрийн
салхи үнэрттэл би таарсан юм. Би чинь хүнд дурлаж үзээгүй танхил охин
байлаа. Ханцуйгаа шамалсан тоодгор дээлтэй "аавын цээж" болсон
хөдөөгийн залуусаа харж залхсан би нар салхи үзээгүй үүлэн цагаан
залууг хараад үлгэрт итгэдэг бага нас шигээ хөл алдан сэтгэлээ "өгсөн"
нь үнэхээр харамсалтай.
Гэнэн томоогүй хөдөөх охины онгон талын салхи шиг хайрыг тэр
уушигныхаа хэмжээгээр амьсгалж аваад, өөртөө дутагдаж байсан хүчил
төрөгчөөр цэнэглэж дүүргээд одоходоо салхины чигээ өөрчилж, дахиж хэзээ ч
надтай уулзахгүй гэдгээ мэдсэн атлаа бал бурам шиг хуурамч үгээрээ
надад "итгэлийн бялуу" зүсэж өгөөд явжээ. Амсах төдий хуурсан "хайрын
бялуу" чихэрлэг биш гашуун байсаныг би хожим ойлгосон. Өчүүхэн жаахан
үрийнхээ бахирах дууг нэг удаа сонсоод, дараа нь хаврын урь унасан
зөөлөн хөрсөн дор "нутаглуулахадаа" алсад дутаан одсон "аав"-ынх нь хүн
чанарыг хамт оршуулсанаа мэдэрсэн.
Олон хүмүүс түүнтэй очиж уулзана гэхэд хориглож байсан. Найз хүүхнүүд
маань "Хөсрийн булай амьтныг март. Дахиж түүнтэй бүү холбогд" гэсээр
байтал зүтгэсээр байгаад ирж уулздаг би "галзуурсан" хүнээс ялгаа байна
уу? Хувийн мөрдөгч түүнийг дөрөв дэх удаагаа гэрлэсэнийг анхааруулсаар
байхад " Худлаа байгаасай. Түүний ажил нь болохгүй, зав гарахгүй байсан
юм биш биз. Тэр намайг жирэмсэн болсоныг мэдээгүй. Үрээ алдсаныг
сонсоогүй. Тэр гэр орноо төвхнүүлж байгаад намайг "авах" гээд утсаар
ярих завгүй байгаа " гэж өөртөө хэлсээр бурханд залбирсаар орсоныг яах
вэ.
Тэгтэл үнэн аль талд байсан гээч. Нүдээ бөлцийтөл дарвайтлаа будаж
оо энгэсэгдсэн ярвайсан хүүхний өвөрт байж байх нь тэр. Тэр хүүхний
хөхөвчин дотроос Буянаа гуай толгойгоо цухуйлгаж, намайг гүтгэсэн. Би
түүнийг согтоож унагаад өөрөө эхэлсэн гэнэ л дээ. Хуцдаг хулгай ч шүү.
Түүнтэй унтахыг биш түүнийг хайрлаж, түүнд хайрлуулахыг би хүссэн.
Тэрнээс бус хүчил төрөгчийн цэнэглэгч болохыг хүсээгүй. Бие биеэ
цэнэглэсэн нэмэх хасах цэнэг байхыг мөрөөдсөн.
Ийм л юмтай учирлаа. Чи залуу охин эрчүүдээс болгоомжилж явах ёстой
шүү. Тэдэнд нүүр өгч огт болохгүй. Сургуулиа төгс. Ажилтай бол. Хүнтэй
суух гэж яараад яадаг юм бэ. Мөнгөтэй төгрөгтэй, байртай, машинтай
болчихвол тэд өөрсдөө чиний өмнө өвдөг сөгдөөд ирнэ. Тэр үед нь чи дух
руу нь чанга няслаад, ёо гэж хэлээгүйгий нь сонгож ав гэж түүнийг
хэлэхэд би түүний сэтгэлийн шуурга намдаж чадахгүй байгааг ухаарч,
-Энхмаа би чиний юу хэлэх гээд байгааг үнэн сайн ойлгож байна.
Гэхэдээ эрэгтэй хүн бүхэн "Буянаа" биш шүү дээ. Эрэгтэй хүнийг би
ахаараа зүйрлэж бодоод сурчихжээ. Миний ах бол хүнд "Буянаа" биш "буян"
болох хүн. Та ахыг минь хараарай. Тан шиг ийм үнэн шударга яриатай,
шулуун гүдэс...
-Намайг битгий "та" гэж хэлээрэй гэж анхааруулсан байх аа...
-Уучлаарай. Хайрын зовлон гунигыг надаас өмнө амссан болохоор "та"
гээд байгаа юм. Дурлалын гунигт түүх чинь хүүхэд гаргаж ч үзээгүй надад
дэндүү "ахдаад" байна. Өвөл би амралтаараа ахыгаа дагуулаад очноо.
Хувцас хунар, хов жив ярьдаггүй чам шиг эмэгтэй ахад минь таалагдах ч юм
билүү мэдэхгүй шүү дээ...
-Би одоо хүнтэй суухгүй. Хичнээн "бурхан" байсан ч эгцэлж харахгүй.
Унтъя хоёулаа. Өглөө бантан хийж идье. Харин чи зах хамт ороод миний
авах юмыг тааруулаад авч өг. Эрэгтэй хүнд юу дээр...
-Эрэгтэй хүний тухай дахиж дурсахгүй гээ биз дээ? Юун эр яриад унав?
-Аавыгаа л хэлж байна. Аавдаа юу авах вэ? Өмд ,цамц, гутал, хувцас
бүгдийг нь авах хэрэгтэй. Тэгэхэдээ аль нь зүгээр үү, чи зааж өгнө шүү.
За хоёулаа унтъя...
Намайг бантан хийхийг хараад Энхмаа "Чи нэг л сурамгай биш байна.
Алив би хийе" гээд өөрөө гялалзууллаа. Түүний хийсэн бантан ёстой амттай
байсан шүү. Бантанг сайхан хийвэл цуйвангаас гоё амттай болдог юм
билээ. Зах дээр очиж түүний авах юманд тусалцахад тэр зөндөө баярласан.
Миний сонирхож байсан хүзүүний ороолтыг зүгээр ээ гэсээр байтал хүчээр
авч өгөөд өөрөө надад ороож өгөөд... их сэргэлэн мэдрэмжтэй бүсгүй юм.
Тэдний нутгийнхан байрласан зах дээр очиж би түүнийг үдэж өгөхөөр
очлоо. Энхмаа надад шуудай дүүрэн ногоо, шил сав дүүрэн дарсан жимс,
өргөст хэмх өгсөн тул явах замдаа намайг гэрт минь хүргэж өгсөн. Энхмааг
гаргаж өгөөд эргэж харахад гурван давхрын нэг айлын цонхны хөшигний
цаанаас эр эм хоёр хүний толгой цухуйж байсаныг хараад би Буянаа ахыг,
авгайтайгаа тийн нууцаар харж байсаныг мэдсэн юм. Намайг гэртээ орохоор
түлхүүрийн нүхээ эрж байх зуур тэдний гэрт хүн орилох, эд хогшил
түжигнэх чимээ гарч байсан билээ.
...Энхмаа харьсанаасаа хойш өдөр болгон утсаар ярих тул би шинэ
жилээр ахыгаа дагуулан тэднийд очлоо. Аав нь их сайхан намбатай хөгшин
байсан. Архи их уудаг л гээд байсан хөөрхий өвгөн нас ахиад даахаа
больсон юм билээ, дуртай дуртай гэхэд гурав дөрвөн дугарааны дараа
сандал дээрээ суугаагаараа дурандаа таг. Хангай газар болохоор ой модон
дунд их хүйтэн байсан л даа. Морь унаж, үнээ сааж, тугал хариулж, гахай
хооллож, тахиатай хөөцөлдөж яасан зугаатай байсан бэ?
Цас багатай их хүйтэн байсан тул Энхмаагийн аав "Хар зуд болох нь
дээ "гэж дурамжхан байсан. Ах Энхмаагийн аавтай өвс ачиж ирэхээр ууланд
өвс нуруулдсан газар руу тактортой явсан тул би Энхмаатай хамт сүү тараг
боловсруулж, хайлмаг, ээдэм хийсэн. Өвлийн тэр тэсгим хүйтнийг бид
бүхний найз нөхөрлөл, халуун сэтгэл гэсгээж чадсан билээ. Хөдөөний
хүмүүст хийх ажил захаасаа ундардаг ажээ. Өглөө босоод Энхмаа үнээгээ
саахаар гарна. Би даараад гал түлж гэрээ халаахаас нааш чонон дахан
дороос босохгүй тул ах өөрийн сайн дураар босчихсон тугал татаж өгнө.
Эр хүн гэсэн дээ овоо доо гэж би баярлана. Зовлонд учирсан үед нь
"тусалж" байсан миний сэтгэл муу найзыгаа ахтайгаа ч болов танилцуулаад
сэтгэлийг нь онгойлгох юм сан даа гэж боддог байсан. Гуч хүртлээ эмэгтэй
хүнтэй нийтийн бүжиг ч хийж яваагүй манай "шударга" ах түүний сэтгэлд
хүрээ ч үү, үгүй юү би сайн мэдэхгүй. Гэрээгээр хот суурин газар руу сүү
өгдөг болсон Энхмаагийн үнээний фермийн ажилд цаг нар үгүй. Дөчийн
бидонтой сүү сэвсхийтэл өргөх түүнийг хараад ах "Муухан эр хүнийг
хавьтуулалтгүй сүрхий бүсгүй юм аа. Ажилсаг, гүжирмэгийг нь хэлэлтгүй"
гэж уулга алдсанаа "Хүлээж бай Энхмаа. Би ачаад өгье" гээд түүний зүг
хөл алдан гүйнэ.
Миний амралтын хугацаа нүд ирмэх зуур дууссан тул би хот руугаа
буцахаар боллоо. Ах "Өвгөнтэй би ууланд үлдсэн өвсөө зөөж дуусгаад
харина" гээд явсан учир Энхмаа намайг мотоциклоор өртөөнд хүргэж өглөө.
Намайг ороосон чонон дахаа тэр хуйлан мотоцикль дээрээ тавих зуур,
-Ахыгаа аваад явахгүй яасан юм бэ? гэж инээсэглэлээ.
-Чамд би ахыгаа үлдээгээд явлаа шүү. "Дүү"-гийн ёсоо
874 сэтгэгдэл