Антонио Гутерриш НҮБ-ын тэргүүн болох магадлал өндөр байна
Португалын Ерөнхий сайд асан Антонио Гутерриш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болох магадлал өндөр байна.
НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүний халааг авахаар өрсөлдөж буй 12 өрсөлдөгчийн тоог цөөрүүлэх буюу тэдний нэрсийн жагсаалтыг хумих талаарх эхний санал хураалтыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ энэ долоо хоногийн пүрэв гарагт явуулсан юм.
НҮБ-ын АЗ-ийн 15 гишүүн санал хураалтын үеэр нэр дэвшигч тус бүр дээр "дэмжиж байна”, "дэмжихгүй байна” болон "ямар ч хувилбар алга” гэсэн гурван хувилбараас сонголтоо хийжээ.
Эх сурвалжуудын мэдэгдсэнээр, мөн НҮБ-ын дүрвэгчдийн асуудал хариуцсан дээд комиссароор 10 жил ажилласан Антонио Гутерришийг АЗ-ийн 15 гишүүний 12 нь "дэмжиж байна” гэсэн бол нэг нь ч "дэмжихгүй байна” гэсэн хувилбарыг сонгоогүй байна.
Эхний хаалттай санал хураалтаар Словенийн Ерөнхийлөгч асан Данило Тюрк хоёрдугаарт оржээ. Түүнийг АЗ-ийн 15 гишүүний 11 нь "дэмжиж байна” гэсэн бол хоёр нь "дэмжихгүй байна” гэжээ.
Харин ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова болон өөр хоёр өрсөлдөгч адил санал авснаар гуравдугаар байрт орсон байна.
АЗ хоёр дахь санал хураалтыг удахгүй явуулах аж.
Бан Ги Мүний НҮБ-ын тэргүүнээр ажиллах үүрэг хугацаа энэ оны сүүлчээр дуусах юм.