Хэн нь худлаа яриад байна вэ

Ингэж явсаар тэрбээр суудлаасаа буусан. Тэр бүх дуулианыг нам дотроос нь зориудаар гаргасан гэх мэдээлэл өнөө хэр л яригдаж байна. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа ярьсан нь АН дотроо зургаан сайдаас болж зөрчилдөж, улмаар Ерөнхий сайдынхаа суудлыг хөндөх хэмжээнд хүрэв үү гэсэн хардлага төрүүлэх болов. С.Ламбаа зөвлөх "УИХ-ын дарга Ерөнхий сайдад бүрэн эрхийг нь өгчихсөн. Сайд нарыгаа өөрөө томилоод оруулж ир гэсэн. Магадгүй Ерөнхий сайдад бэрхшээл байгаа байх.
Гэхдээ хэнийг сонгох вэ гэдэг нь Ч.Сайханбилэгийн өөрийнх нь мэдэх асуудал. Хэрвээ хуульд заасан хугацаанаас өмнө буюу энэ сарын 6-наас өмнө зургаан сайдынхаа нэрийг оруулж ирэхгүй бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудал яригдана” хэмээн ярьсан аж.
Үндсэндээ С.Ламбаа зөвлөхийн үг бол АН-ын даргын үг. Гэтэл Ерөнхий сайд эндээс өөр зүйл ярьж байгаа. Өчигдөрхөн гэхэд л ЗГХЭГ-ын дарга нам дотроо шийдээд санал болговол өргөн мэдүүлнэ гэдгийг мэдэгдчихсэн. УИХ-ын дарга нь эрх нь Ерөнхий сайдад байгаа хэмээн ярих. Харин Ерөнхий сайд намын удирдлагууд мэдэж байгаа. Надад эрх мэдэл байхгүй хэмээн ил тод зарлах.
Энэ тохиолдолд ард түмэн хэн нь худлаа яриад байгааг мэдэхээ болиод байна. Юутай ч энэ сарын 6-наас өмнө намын санал болгосон сайд нарыг хүлээж авахгүй бол өөрийн чинь суудалтай ярина шүү гэдгийг УИХ-ын даргын зөвлөх далдуур болон шулуухан мэдэгдчихлээ. Харин Ерөнхий сайд ямар хариу барих нь сонирхол татсаар байна. Ерөнхий сайдын эсрэг өдөр өнжихгүй сөрөг мэдээлэл гарч эхэлсэн нь ч Н.Алтанхуягийн араас явуулах нь уу гэсэн хардлагыг улам лавшруулж байна.
Б.Балжир