Нүдээр тань шинжихүй
Нүд,
эрчим хүчний хувьсуур болж, түүнийг авах өгөх хэрэгсэл болдог эрхтэн.
Баруун нүд нартай, зүүн нүд сартай тохирно. Өгөө, аваатай хүний нүд,
хөмсөг урт сэрвэгэр байдаг. Нүдний булан нь доошоо хүн бүтээл муутай,
биеэ нөөмтгий. Матрынхны дотор иймэрхүү хүн элбэг. Бөлцгөр нүдтэй хүн
эрчтэй, удаан ажилладаг болохоороо сүлд хүчээ их үрдэг. Өв тэгш
хүмүүсийн нүд зүүнээсээ баруун нь том, эм хүнийх баруунаасаа зүүн нь том
байдаг.
Баруун талынх нь арга, зүүн талынх нь билиг чанартайнх. Мэдрэмж сайтай, угаасаа манлайлах авъяастай, эрхэмсэг хүмүүс том нүдтэй байдаг. Аньсага үрчлээ ихтэй бол эрх мэдэлтэй явах тэмүүлэлтэйн шинж мөн. Хэтэрхий дүрэлгэр нүдтэй хүн мөрөөдөмтгий, залхуу, хааяа дэгсдүүлэх талтай. Хар нүдтэй хүн сэргэлэн, цовоо, сониуч байхаас гадна уран үгтэй байх нь элбэг. Сэрэмжтэй явахгүй бол хуншгүй загнах, нөхрийг залилахаас ч буцахгүй хүмүүсийн нүд дүгрэг, товгоргүй байх нь элбэг. Уртавтар нүдтэй хүн ухаалаг, онигор хөнхгөр нүдтэн хэрсүү, хааяа залилдаг. Ер ухархай уруугаа лав шигдсэн хөнхөр нүдтэй хүн хирийн юманд итгэх нь бага, хардамтгай, бүтэл муутайдуу байна. Цамаан хүний нүдний хоёр булан соотон байдаг. Хялар нүдтэй эр хүн зоримог, эм хүн мулгуудуу байдаг.
Нүдний цагаан нь шаргалтсан, хөхөлбөртсөн, нулимс цийлгэнэсэн, булан нь улайсан байвал сэтгэл санаа доройтсоных. Нүдний холбогч цагаан судалгүй бол энхрий, өр нимгэн, тачаангуйн шинж. Солонгон бүрхэвчний дээр буюу доор нь цагаан судал харагдаж байвал хатуу ширүүн авиртайнх. Хар гэгддэг маш бараан, хүрэн, ногоон нүдтэн найдвартай, үнэнч, амьдрах тэнхэл ихтэй. Амьдрах тэнхэл муутай хүмүүсийн нүдний солонгон бүрхэвч шар байдгаас гадна цайвар байна. Угийн мэдрэмж ихтэй, сайн санаатай, уриалагхан, санасандаа хүрдэг хүмүүсийн нүд цэнхэр байдаг бол цайвар, хүрэн нүдтэн харахад ширүүн төрхтэй боловч тайван, энхрий, өрөвчхөн, хайхрамж муутайдуу байх нь буй. Хөхөлбөр, ялангуяа гялалзсан хар нүдтэй хүн хатан зориг, эрч хүч, ажилсаг шинжийг бадраадаг. Уриалагхан, их сайхан сэтгэлтэй, шударга хүн орог саарал нүдтэй байдаг. Нөхцөл байдал өөрчлөгдөхийг хурдан мэдэрч хариулдаг, бэрхшээлийг туулж чаддаг, сониуч, хүсвэл хэнийг ч атугай илбэдэж дөнгөдөг хүмүүс бас орог саарал нүдтэй байдаг.
Дээд зовхи нь бөлцгөр нүдтэй улс хар амиа бодсон, бусдыг хайрлаж ивээх нь байтугай өрөөл бусдаас тэр бүхнийг хүртэж байх санаатай явдаг. Доод зовхи нь дээдэхээсээ бүлцгэр бол хүнд сэтгэл харамгүй ханддаг, өөрөө ч бусдын жаргал зовлонг хуваалцаж явдаг.
Цолмон гарагтны зовхи ямагт тэгш, хөмсөг нь дүгриг байна. Наран гарагтнуудын доод зовхи бөлцгөр, хөмсөг нь тал дүгриг байна.
Саран гарагтных дээд зовхи нь жаахан буусан, шулуун хөмсөгтэй байна.
Бүд гарагтны хөмсөг голдуу дүгриг, дээд зовхи нь доодохоосоо том байдаг бол Ангараг гарагтныхан бараавтар зовхитой, өтгөн шулуун хөмсөгтэй. Бархасвадь гарагтны царайг өтгөн, шулуун хөмсөг, тэгш сайхан зовхи нь чимдэг. Санчир гарагтны хөмсөг өтгөн, аньсага нь буусан, бадруун зовхитой байдаг.
Тухайлбал, Дэлхийн ханаас Наран гарагтан болбол өнгө нь солигдох жишээтэй.
Сэтгэгдэл байхгүй байна.