Ахан дүүсийн асгарсан их авъяас
Дэлхийн хөгжмийн урлагийн түүхэнд тодорсон ах дүү хамтлаг, дуучид гэвэл Австралиас гаралтай алдарт "Bee Gees” хамтлагийн ах дүү гурав Барри Гибб, Робин Гибб, Морис Гибб нар байна. Америкийн гэр бүлийн хамтлаг асан "Жексон-5” хамтлагийн Майкл, Мэрлон, Тито, Жеки, Жермайн нар байна. Түүнчлэн 1980-аад оны үед Францын "Ах дүү Гибсон” хэмээх хар арьст гурван нөхөр байлаа.Ингэж ах дүүсээрээ нийлж хамтлаг байгуулаад нэрд гарсан нь тун ховор. Харин манайд бол "Хурд” хамтлаг. "Хурд”-ынхны хамгийн том ах Ганболд нь жинхэнэ авъяасын уурхай байсан бөгөөд тэрбээр алдарт "Цэргийн бодол” дууг анхлан зохиож дуулсан хүн. Ганболдын дүү Ганбаяр, Төмөрцог, Отгонбаяр, Отгонбаатар, Мөнхбат, Дэрмээ нар Монголын рок попын ертөнцөнд "Хурд”, "Чоно” гэсэн нэрийн дор нэгдээд өөрийн гэсэн өнгө аястай дуугаа дуулаад явж байна. Хамгийн том ах Ганболдынх нь хүү Батбаяр "Чоно” хамтлагийн гишүүн. Ганбаярын том хүү Зол-Эрдэнэ шинэ залуу "Аадар” хамтлагийн бөмбөрчин. Мөн сүүлийн үед "Хурд”-ын ахан дүүсийн ганц эмэгтэй Байгальмаагийн хүү Буяннэмэх гэж сайн дуулдаг залуу гарч ирээд байгаа. Авъяасыг угаасаа өнгөгүй зүйл гэдэг. Чухамхүү түүнийг хэрэглэсэн цагт л өнгө будгийг олж авдаг. Аялгуу зохиодог, хөгжим тоглодог, сайхан дуулдаг гээд бүхий л авъяасыг Янжинлхам бурхан энэ гэр бүлд харамгүй хайрлажээ. Тийм ч учраас энэ гэр бүлээс Ганбаяр, Отгонбаяр, Цогоо гээд ах дүү гурван гавъяат төрж гарлаа. Монголын эстрад урлагийн түүхэнд бол ховорхон тохиолдол шүү.
Тиймээс би бээр тус хамтлагийн 20 жилийн ойд зориулсан номыг бичих явцдаа ийм нэгэн сэтгэгдэл тэрлээд, Цогоогийн гавъяатын найран дээр уншиж байлаа.
Эгэлгүй гайхамшигийг бүтээхээр эвлэлдэн нэгдсэн мэдрэмж
Элчилгүй талын хөрсөн дээр эгшиг садруулсан ертөнц
Ерээд оны эстрад урлагийн их тэсрэлт
Эх орон, аав ээж, амраг хайрын дуулал
Чилээдүү нийгмийг цочроосон чавхдаст гитарын чичиргээ
Чинхүү хүслийг бадраасан цэвэр уянгын рок
Цэцэн билэгт түмний цээжинд эгшиглэсэн аялгуу
Чихний чимэг болсон жинхэнэ Монгол хамтлаг
Аяа, энэ бол "Хурд”
Ахан дүүсийн асгарсан их авъяас
Мөнх тэнгэрээс бидэнд илгээсэн утга уянгын зардас
Мөнхөд дуурсагдах Монгол түмний гайхамшигт "Хурд”
Хэрэг зориг, хэлбэр агуулга, хэмнэлт ертөнцийн зохицол
Хэсэг авъяасыг гагнаж зангидсан Ганбаярын их тэмүүлэл
Хэви метал, классик рокийн цогц аялгуун дундаас
Хээнцэрлэн уянгалах Цогоогийн цээл хоолой
Олон цаг тасралтгүй пижигнэх амьдаас амьд тоглолт
Оройлон тоглогч Нааяагийн аргил гитарын төвөргөөн...
Оргилсон сэтгэлийн утсыг рокоор хөндөн зугаацагч
Отгонбаярын сүүн өнгөөр солонгорох соль гитарын чихраан...
Омогшил, эрэмшил, тачигнасан хурд, нижигнэсэн алга ташилт
Оч мэт цахилан бөмбөрдөгч Отгонбаатарын нүргэлээн...
Орилоон, чарлаан, исгэрээн...
Омоглон фенүүдийн хашгираан...
Аяа, энэ бол "Хурд”
Ахан дүүсийн аагилсан их авъяас, асгарсан их хөлс
Мөнх тэнгэрээс бидэнд илгээсэн утга уянгын зардас
Мөнхөд дуурсагдах Монгол түмний гайхамшигт
"Хурд”
Сэтгэгдэл байхгүй байна.