Х.Эрдэнэт-Од: Д.Сумъяа мөнгөн медалиар үлдсэн тамирчдынхаа үүдийг нээж өглөө
-Рио-де-Жанейро хотоос мэдээлж байна-
Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа Монголын багийн салхийг хагалж мөнгөн медаль хүртлээ.
Жүдо бөхийн эмэгтэй баг тамирчдын анхны медалийг эх орондоо авчирлаа. GoGo мэдээллийн агентлагийн сурвалжлах баг эмэгтэй жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одоос ярилцлага авснаа та бүхэнд хүргэж байна.
Өөрийнх нь дархан жин 57кг-д шавь нь багшийнхаа хүрээгүй амжилтад хүрч олимпийн мөнгөн медальтан боллоо.
-Д.Сумъяагийн барилдааныг харахад дайчин, өөртэй итгэлтэй тайван барилдаж байсан. Өглөөнөөс хойш ийм тайван байсан уу?
-Тийм. Өглөөнөөс хойш их тайван байсан. Тайван гэхээс илүү төвлөрчихсөн
байсан. Миний хувьд багш хүн хэдий ч жаахан догдлоод байсан чинь өглөө
Сумъяаг хараад л тайвширчихсан. Маш гоё төвлөрсөн. Мэдээж барилдаад
эхлэхэд нь би сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадаагүй л дээ. Гэтэл
Мацүмотог ялчихаад Сумъяа ямар байдалтай байсныг харсан байх.
-Дэлхийн чансааг тэргүүлж явсаар олимпийн наадамд жингээ тэргүүлэн барилдлаа. А хэсэгт багтсан мөнхийн өрсөлдөгч Португалийн Телма Монтейрогийн эсрэг ямар тактик боловсруулсан бэ?
-Дэлхийн чансааг тэргүүлнэ гэдэг амаргүй том үзүүлэлт. Чансаагаа байнга хадгалах, амжилтаа бататгаж явахыг шаарддаг. Дэлхийн тэргүүн бөхийн байр сууриа батагаж нэр төртэйгээр олимпод барилдаж чансаагаа харууллаа. Хамгийн эвгүй өрсөлдөгч яах аргагүй Монтейро. Өмнө нь хоёр, гурван удаа ялагдчихсан. Өрсөлдөгчийн судалгаа их хийсэн, алдаан дээрээ маш их ажилласан. Тэгээд л эн тэнцүү үзсээр торгуулиар ялсан.
-Олимп, дэлхийн аварга Каори Мацүмототой зооны аваргын төлөө
барилдсан. Дэвжээнд гарахаар зэрэгцээд зогсч байхад Мацүмото цаанаа л
тогтворгүй нервтсэн гэхээр байдалтай байсан. Харин Д.Сумъяаг дэвжээнд
гарахад нь ямар зөвлөгөө өгөв?
-2015 оны Чингис хаан Гранприд Сумъяа Мацүмотог нутгийнхаа дэвжээнд
ялсан. Сарын дараа Астанагийн ДАШТ-д хагас шигшээд ялагдсныг та бүхэн
мэдэж байгаа байх. Зооны аваргын төлөө барилдах гээд гарахын өмнө
"Астанад яаж ялагдлаа. Одоо тэрнийхээ хариуг авах ёстой шүү” л гэж
хэлсэн.
-Дэвжээнд гараад 22 секундын дотор цэвэр ялна чинээ тааварлаж байв уу. Эсвэл бэлдсэн мэх байв уу?
-Миний прогнозоор эн тэнцүүхэн үзээд ганц, хоёр торгуулиар шийдэгдэх
болов уу гэж бодсон. Нэг нэгнийхээ барилдааныг мэднэ, алдаа л гаргахгүй
бол ойрхон барилдаан болно гэж үзсэн. Богинохон хугацааны ялалт дэндүү
гоё байсан.
-Ингэж л олимпийн эмэгтэй жүдо бөхийн анхны медалийг Доржсүрэнгийн Сумъяа хүртэх учиртай байж?
-Үнэхээр сайхан байна. Монгол Улсад эмэгтэй жүдо бөх 1988 оноос эхлэн
хөгжсөн түүхтэй. Энэ цагаас л хойш олимп, дэлхийн аварга цолны төлөө маш
олон тамирчин, дасгалжуулагч нар хөлс хүчээ зориулж өнөөдрийг хүрсэн.
Олимпийн медальтай шавь энэ цаг үеийн шигшээ багаас төрөх учиртай байж.
Охиноороо маш их бахархаж байна даа.
Үе, үеийн эмэгтэй жүдочдын хөлс хүч хөдөлмөрийн үр дүн Риогийн наадмаар үнэлэгдлээ. Монголын жүдо бөхийн шигшээ багийн хамт олонд маш их баярлалаа. Д.Сумъяаг минь дэмжиж ивээн тэтгэж байдаг байгууллага хамт олонд баярлалаа. Ар гэрийнхэн найз нөхөд гэр бүлийнхэнд нь баярлаж байна. Жүдо бөхийн ийм өндөр төвшинд хүргэхийн төлөө зүтгэсэн Х.Баттулга ерөнхийлөгчийгөө баярлуулж чадсан. Дахиад ч Монголын жүдочид ард түмнээ баярлуулах болно оо.
-Эхний учраа ДАШТ-ий хүрэл медальт Нидерландын Санне
Вархагентай таарч эвгүй барилдаан хийсэн. Д.Сумъяагийн онцлог жижигхэн
бөхчүүдтэй барилдахаар эвгүй байдаг гэж ярьдаг нь бас л ортой шүү?
-Д.Сумъяагийн хувьд анх IJF-ийн тэмцээнд барилдаж эхлэхдээ өндөр
хүмүүстэй барилдах нь хэцүү байдаг байсан. Ингээд энэ тал дээр илүү
ажиллаад өндөр бөхчүүдийн эвийг олоод эхэлсэн. Гэтэл эсрэгээр биеэр
намхан өөртэйгээ ойролцоо бөхтэй таарахаар бас хүндрэл гарах болсон учир
дахиад л хөдөлмөрлөж эхэлсэн. Ер нь миний охин энэ амжилтад хүрэхийн
тулд бүхий л амьдрал залуу нас цаг хором бүрийг зориулж яваа.
-Лондоны олимпийн наадамд тивүүдэд олгодог квотоор орж
Д.Сумъяа энэ олимпийн цикльд үнэхээр гайхалтай өндөр төвшинд
бэлтгэгдснээ хэсгийн барилдаан бүрт харуулсан. Таны хэлсэн шиг
хөдөлмөрснийх нь үр дүн?
-Тийм. Энэ хугацаанд шигшээ багийн багш нарыгаа гайхширтал
хөдөлмөрлөсөн. Амжилт гаргахын тулд бүхий л зүйлээ зориулж зүтгэсэн.
Олимпийн мөнгөн медаль хүртсэнд нь баярлаж байна. Миний авч чадаагүй
медалийг авсан учраас өөрөө хүртсэнээс илүүтэй баярлаж байна. Гэхдээ энэ
бүхнээс илүү яаж тууштай зүтгэж хөдөлмөрлөснийг нь хажуунаас нь харж
байсан болохоор энэ бүхэн ирэх ёстой л шагнал гэж бодож байна. Энэ зан
чанарыг нь тамирчин байсан хүний хувьд, дасгалжуулагчийн хувьд үнэхээр
биширч байгаа гэдгээ дахин, дахин хэлмээр байна.
-Жил хүрэхгүй хугацааны өмнө Астанагийн ДАШТ-д багшийгаа уйлуулж байсан шавь нь өнөөдөр дахиад уйлууллаа?
-Баярлахын хажуугаар бас сэтгэл дундуур байна. Яагаад гэхээр алтын
дайтай мөнгөн медаль болохоор гомдолтой байна. Та бүхэн ч гэсэн
барилдааныг нь шууд үзсэн болохоор мэдэж байгаа байх. Манайхны хэлдгээр
гарт эргэж үүрэхэд нь үнэлгээ өгсөнгүй. Хэрвээ вазариг нь өгсөн бол
Сумъяа маань торгуулийн давуугаар ялчих байлаа. Өмнө нь энэ үүрээ мэхэнд
үнэлгээ өгдөг байсан. Сумъяаг энэ үүрээгээр хоёр ч удаа ялж байсан.
Гэтэл энэ удаад өгөөгүй. Барилдааныг нь нягталж үзмээр санагдсан.
Хөлд хүрсэн, гарны хөшилтийн талаар асуудал яригдаж байгаа. Миний суусан талаас яг нарийн сайн харагдаагүй учраас би 100 хувь хэлж мэдэхгүй байна. Алтан медаль авах бүрэн боломжтой байсан. Сумъяа Силваг дараалаад хоёр удаа ялчихсан байсан. Силвагийн хувьд ялагдчихсан хүн учраас арай нягт барилдлаа. Багахан хэмжээний хөдөлгөөний алдаа гаргаад л вазари алдчихсан. Юутай ч гурван сая Монголчуудыг баярлуулж мөнгөн медалиар салхийг нь хагалж үлдсэн тамирчдад хаалгыг нь нээж өглөө.
-Жүдо бөхийн олимпийн наадмын эхний өдөр Г.Отгонцэцэг
олимпийн хүрэл медаль хүртэж Казахстаны төдийгүй Монголын ард түмнийг
баярлуулсан. Энэ олимпийн цикльд шигшээ багт бэлтгэгдэж жил гаруйн өмнө л
Казахстан улсыг зорьсон шүү дээ?
-Монгол охин, энэ цаг үеийн шигшээ багийн л бүтээгдэхүүн болохоор мэдээж
баярлаж хөөрцгөөсөн. Олимпод нэг жинд хоёр хүн барилдахгүй учраас л
Отгонцэцэг минь Казахстан улсыг зорьсон. Мэдээж явахад нь багш хүний
хувьд хармын сэтгэл төрж л байлаа. Энхбаатар багштайгаа маш их
хөдөлмөрлөсний үр дүнд олимпийн шагналын тавцанд гарч чадсан.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Үлдсэн барилдаануудад амжилт хүсье.
-Баярлалаа.
Рио-2016 олимпийн наадмын албан ёсны гэрэл зурагчин Ч.Ганбат
Сэтгэгдэл байхгүй байна.