Оросын онгоц Сирийг бөмбөгдлөө
ОХУ-ын холын тусгалын бөмбөгдөгч "Ту 22М3” загварын зургаан онгоц Сирийн Палмира хотын ойролцоох "Исламын улс” бүлэглэлийн төвийг онилон агаарын цохилтуудыг амжилттай хийсэн байна. Энэ талаар ОХУ-ын Батлан Хамгаалахын сайд өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Энэ сарын 8-ны өдөр холын тусгалын "Ту 22М3” бөмбөгдөгч зургаан онгоц "Исламын улс” бүлэглэлийн төвийг устгахаар Палмира хотын баруун, баруун хойд хэсэгт орших Эс Сүхне суурьшлын газарт агаарын цохилт өглөө. Манай онгоцууд байгаа амжилттай устгаад бааздаа эргэн ирсэн” хэмээв. Түүнчлэн түүний мэдээлж буйгаар эдгээр суурьшлын бүсэд томоохон террорист сургалт явуулдаг цэргийн бааз болон хяналтын төв байрладаг бөгөөд газар доор хадгалсан байлдааны зэвсгүүд, явган цэргийн байлдагч гурван автомашин, 12 хүнд даацын машин, олон тооны дайсны цэргүүдийг устгасан гэжээ. ОХУ 2015 оны есдүгээр сарын 30- наас Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын хүсэлтээр Ал- Нузра болон бусад "Исламын улс” бүлэглэлийн эсрэг агаарын цохилт үзүүлж байгаа юм.
- See more at: http://www.unen.mn/content/65547.shtml?alias=world#sthash.v6ky3EOn.dpuf