Ширхэг тамхи амьдралын тань 11 минутыг “хулгайлна”
Та тамхи татдаг уу? эсвэл та тамхичин уу? гэсэн асуултын алинд нь та хамаарах вэ?
Хааяа нэг, баяр ёслолоор, найзуудтайгаа уулзах үедээ, гадуур үдэшлэг цэнгүүн зэрэг хаа нэг тамхилдаг гэсэн хариулт өгөх аваас үүнийг зайлшгүй уншаарай.
Их Британийн насанд хүрэгчдийн хоёр хувь нь "хааяа” тамхи татдаг гэсэн судалгаа байдаг бөгөөд өдөрт нэгээс илүү тамхи татдаггүй аж.
Өдөрт тамхийг хэдэн ширхгээр нь угсруулж татдаг архаг тамхичдыг бодвол хааяа нэг тамхи татах нь эрүүл мэндэд тийм ч их хор нөлөөгүй гэж бодвол том андуурч байна шүү.
Өнгөрсөн сард Их Британид хийгдсэн судалгаагаар өдөрт 20 ширхгээс их тамхи татдаг 65 мянган хүн тархины цусан хангамж дутагдсаны улмаас цус харвах өндөр эрсдэлтэй гэдгийг дахин баталжээ.
Архаг тамхичдын хувьд тамхинаас болж нас барах магадлал ихэсдэг бол "хааяа” нэг тамхи татдаг хүмүүст ч мөн адил эрүүл мэндийн сөрөг нөлөөтэйг илрүүлжээ.
"Stroke” сэтгүүлд бичсэнээр байнгын бус хааяа тамхи татдаг хүмүүс цус харвах магадлал энгийн хүнтэй харьцуулбал гурав дахин их байдаг байна.
Ялангуяа эмэгтэйчүүдэд тамхи эрчүүдийг бодвол илүүтэйгээр заналхийлдэг байна. Тамхи татсанаар эмэгтэй хүний дааврын хэмжээ буурч, арьс цусанд байх коллагеныг ялгарахыг багасгадаг аж. Ингэснээр арьс хөгширч, эмэгтэйчүүд наснаасаа овортой харагддаг.
2014 оны судалгаагаар Их Британийн 1,1 сая хүн "хааяа” тамхи татдаг гэсэн үзүүлэлт гарсан бөгөөд хамгийн гол асуудал бол тэдгээр хүмүүс өдөрт ганц хоёр ширхэг тамхи татах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж боддог гэж Royal Devon & Exeter Hospital-н доктор Мартин Жеймс хэлж байна.
2000 онд хэвлэгдсэн "BMJ” сэтгүүлд гарсан судалгаагаар нэг ширхэг тамхи таны амьдралын 11 минутыг үгүй хийдэг гэсэн байдаг.
Архаг тамхичдын хувьд өдөрт 20-с их тамхи татдаг бол 10 жилээр амь насаа богиносгож байна гэсэн үг. Харин өдөрт таван ширхгээс бага тамхи татаж буй бол дөрвөөс зургаан жилийг алдаж байгаа юм.
Тамхи таван нас, архи арван нас гэсэн үг Монгол хэлэнд бий. Эрүүл мэндээ бодоорой.
И.МӨНХЦЭНГЭЛ
Сэтгэгдэл байхгүй байна.