Туркэд болсон халдлагыг 12-14 настай амиа золиослогч үйлдсэн гэв
Сиритэй залгаа хилийн ойролцоох хотод хуримын үдэшлэгийн үеэр болсон, олон хүний аминд хүрсэн террорист халдлагыг 12-14 настай амиа золиослогч үйлдсэн гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдлээ.
Өнгөрсөн бямба гарагийн орой Туркийн зүүн өмнөд нутгийн Газиантеп хотод гадаа хуримын үдэшлэгийн үеэр болсон халдлагыг холбогдох албаны хүмүүс мөрдөн шалгаж байна.
Ерөнхийлөгч Эрдоган өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ "лалын хэт давруу үзэлтнүүдийн "Лалын улс” бүлэглэлийн амиа золиослогч 51 хүнийг хөнөөж, 69 хүнийг шархдуулсан” гэв. Шархадсан 69 хүний 17-гийнх нь бие тааруу байгаа аж.
Уг халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл хараахан хүлээгээгүй байна.
Харин Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, дэлбэрэлт болсон газраас амиа золиослогчийн хантааз олджээ.
Өнгөрсөн оны 10 дугаар сард нийслэл Анкара хотод амиа золиослогч этгээд дэлбэрэлт үйлдэн 100 орчим хүний аминд хүрч байсан юм.
Эрдоган хэлэхдээ "Сиритэй залгаа Туркийн хил орчмын бүсэд "Лалын улс”-ынхан нөлөөгөө бэхжүүлж байгаа нь энэ үед Газиантеп хотод халдлага боллоо” гэв.
Сэтгэгдэл байхгүй байна.