Иргэдийнхээ халааснаас хумсалж төсвийн алдагдлыг бууруулахаар төлөвлөжээ
-Тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ-
Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт орохоор болоод байгаа юм. Энэ дундаас иргэд төдийгүй ажил олгогч нарт хамааралтай нэгэн сэдэв бол нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээр болсон явдал. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын тэтгэврийн санд ажилтан болон ажил олгогчоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг 5 нэгжээр үе шаттай нэмэгдүүлэх замаар тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулахаар тусгажээ. Улсын Их Хурлаас 2007 онд Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулж тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлөх хувь хэмжээг бууруулж байсан юм.
Мөн Тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэв.
-Хүүхэд харах үйлчилгээний зардлыг бууруулна-
2016 онд хүүхэд харах үйлчилгээнд зориулж нийт 10.6 тэрбум төгрөгийн зардал батлагдсан билээ. 2016 оны эхний хагас жилийн байдлаар нийт 1,263 хүүхэд харагч бүртгэгдэж, 6.175 хүүхэд уг үйлчилгээнд хамрагдсан ба нийт 746.1 сая 25 төгрөг зарцуулжээ.
-Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авахгүй-
Төрийн жинхэнэ, төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь ажилласан жилээс хамааран 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог. Энэхүү журамд өөрчлөлт оруулан 1-12 сарын цалингын дундаж хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг олгох тухай хуулийн төсөлд тусгасан байна.
-Хүүхдийн мөнгө аваагүй бол 2019 оноос нөхөн олгоно-
Энэ оны эхний зургаан сард өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаанд хамрагдсан нийт өрхийн хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгосон. Харин үлдсэн саруудад өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаанд хамрагдаж, амьжиргааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд сард 20 мянган төгрөг олгохоор тооцож тодотголын төсөл, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулсан байна. Ингэснээр 2016 оны анх УИХ-аас батлагдсан зардлыг 79.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцов. Үлдэх 40 хувьд хамрагдах бусад хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцсон байна.
-Шүүгчдийн 2.7-3.3 сая төгрөгийн цалинг бууруулна-
Хямралаас үүдэн 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болоод байгаа. Үүнтэй холбогдуулан шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай ижил түвшинд хүргэж, бууруулах юм байна. Улсын Их Хурлын 2011 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2013 оны 45 дугаар тогтоолоор шүүгчийн албан тушаалын цалинг 2,700.0 мянган төгрөгөөс 3,300.0 мянган төгрөг байхаар тогтоож хэрэгжүүлсэн бөгөөд цалингийн хэмжээг Улсын Их Хурлын 2015 оны 11 сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор баталсан. Гэтэл өнөөгийн шүүгчийн цалин хөлс нь төрийн албан хаагчийн дундаж цалингаас өндөр, адил мэргэжил, ур чадвар шаардах төрийн бусад адилтгах албан тушаалын цалингаас хэт өндөр байгаа нь хуулийн дээрх зарчимд нийцэхгүй байна. Иймд нийт 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлэн тогтоодог байхаар хууль эрх зүйн орчныг өөрчлөхөөр төсөлд тооцож тусгав. Ингэснээр 2016 оны төсвийн тодотголд 3.2 тэрбум төгрөг, 2017 оноос жилд 7.7 тэрбум төгрөгөөр цалингийн санг бууруулахаар тооцож байгаа аж.
-Гадаадын тэтгэлэг хөтөлбөрт 2019 он хүртэл шинээр оюутан хамруулахгүй-
2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтөд Гадаадын их дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дараах байдлаар тусгажээ. Тухайлбал, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт 2016-2019 онуудад шинээр оюутан хамруулахгүй байх, цаашид зээлийн эргэн төлөлтийн хэмжээнд тохируулан хамрагдах оюутны тоог тогтоох зарчимд шилжих юм байна. Гадаадын их дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2016 онд Засгийн газар хоорондын гэрээгээр 7.3 тэрбум төгрөг, дэлхийн шилдэг 100 сургуульд 11.5 тэрбум төгрөг бусад арга хэмжээнд 4.5 тэрбум төгрөг нийт 33.1 тэрбум төгрөг батлагдсан. Төсвийн боломжтой уялдуулан энэхүү хөтөлбөрийг одоогийн батлагдсан зардлын хэмжээнд үргэлжлүүлэх буюу зардал нэмэгдүүлэхгүй байхаар төсөвлөсөн байна.
-Оюутны 70 мянгыг зогсооно-
2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд оюутны асуудлыг дараах байдлаар шийдэх юм. Их дээд сургуульд суралцагч оюутны сурлагын амжилтад үндэслэн олгодог үндэсний тэтгэлэг 70 мянган төгрөг олгохыг зогсоохоор тусгасан байна. Ингэснээр 2016 онд 11.7 тэрбум төгрөг, цаашид жил бүр 33.7 тэрбум төгрөгийн зардал буурахаар тооцжээ. Түүнчлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсоох, харин төгсөгчдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх зохицуулалтын арга хэмжээг авахаар болсон байна. Үүний дүнд 2016 онд 9.6 тэрбум төгрөгөөр, цаашид жил бүр 19.8 тэрбум төгрөгөөр бууруулах аж. Мөн оюутны нийтийн тээврийн татаасны 50 хувийг төрөөс хариуцах, бусад хэсгийг тухайн оюутан хариуцдаг болох юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна.