Монгол улсын өр хоёр сард 2 их наядаар нэмэгджээ
Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2016 оны эхний долоон сарын үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ нь орлогоосоо давж, төсвийн алдагдал хоёр их наяд төгрөгт ойртжээ.
Өнгөрсөн тавдугаар сард ҮСХ-ноос улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2 их наяд 85 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2 их наяд 962.1 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 877 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа гэж мэдэгдэж байсан.
Гэтэл хоёр сарын дараа буюу 2016 оны эхний долоодугаар сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5 их наяд 14.3 тэрбум төгрөг болж нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл, хоёрхон сарын дотор Монгол Улсын бусдад төлөх өр, төсвийн зарлага хоёр их наяд төгрөгөөр өссөн байна.
Ийнхүү улсын төсвийн алдагдал нэг их наяд 974.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс нэг их наяд 336.2 тэрбум төгрөгөөр өсчээ. Ингэснээр орлого 3.3 хувиар буурч, зарлага 32.6 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэж ҮСХ үзэж байна. Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 874.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 101.3 мянган төгрөг буюу 10.4 хувиар буурлаа. Үүнд цалин хөлсний орлого 32.6 мянган төгрөг буюу 6.3 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 31.8 мянган төгрөг буюу 31.9 хувиар буурсан нь нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ энэ оны хоёрдугаар улиралд 860.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 115.1 мянган төгрөг буюу 11.8 хувиар буурчээ.
Mөнгөний нийлүүлэлтийн тухайд энэ оны долоодугаар сарын эцэст 11.3 их наяд төгрөг болжээ. Мөнгөний нийлүүлэлт зургадугаар сартай харьцуулахад 120.1 тэрбум төгрөгөөр өссөн нь арилжааны банкуудын нийт хадгаламж 289.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нөлөөлжээ. Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш 2016 оны тавдугаар сард 2005.96 төгрөг, зургаадугаар сард 1964.93 төгрөг, долоодугаар сард 2031.90 төгрөгт хүрсэн байх юм. Гэхдээ ҮСХ дээрх төгрөгийн ам.доллартай харьцах үзүүлэлтийг тавдугаар сарынхаас зургаадугаар сард 2.0 хувиар чангарч, долоодугаар сард 3.4 хувиар суларсан гэж үзлээ. Төгрөгийн юаньтай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн сард 304.41 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.23 төгрөг буюу 4.5 хувиар чангарсан гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна.