“Энэ онд дөрвөн ихнаяд төгрөгийн төсвийн алдагдал хүлээнэ”
Улс, эх орноо эдийн засгаас аврах УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн пүрэв гарагт нээлтээ хийж, дараах өдөр нь анхны хуралдаанаа хийв. Хэдийгээр УИХ-ын дарга М.Энхболд энэ удаагийн ээлжит бус чуулганыг улс төрийн янз бүрийн асуудлыг хөндөхөөсөө илүүтэй элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэрээх чухал асуудлыг хэлэлцэн батлахаар зарлан хуралдуулж байгаа ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газрын бодлого, хойшид авч хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр нь парламентад суудалтай бусад намын төлөөлөл болон олон нийтэд төдийлэн таалагдахгүй байгаа нь өнгөрсөн долоо хоногийг үйл явдлаас бэлхнээ харагдана. Гэсэн ч Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн УИХ-д өргөн барьсан 2016 оны төсвийн тодотголын төслийг гишүүд ээлжит бус чуулганыхаа эхний өдөр хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Ө.Энхтүвшин: Энэ жил цэцэрлэг сургууль барих төсөв баталж чадахгүй бол хүүхэд харах үйлчилгээг дэмжих ёстой. Гэтэл хүүхэд харах үйлчилгээний төсвийг хасчихсан байна. Дээр нь Монгол Улсын хүн болгон дээд боловсролтой болох гэж зүтгээд талх барьдаг, барилга барьдаг хүүхдүүд ховордоод байхаар нь МСҮТ-д суралцдаг хүүхдүүдэд тэтгэлэг олгож эхэлсэн. Гэтэл эргээд хасчихсан байх юм. Түүнчлэн төсвийг танана гэчихээд харин ч зардал нэмэгдсэн байна.
У.Хүрэлсүх: Би тухайн үеийн Ерөнхий сайдад "Улс орон дампуурчихсан байна. Ард түмэндээ энэ байдлаа үнэн байдлаар нь хэлээч ээ” гэж захиж байсан. Харамсалтай нь ард түмэнд тэр үнэнийг хэлэхгүйгээр нуун дарагдуулсан. Манай нам эдийн засгийн хямралыг хэрхэн давж гарах талаар хөтөлбөр боловсруулсан ч харамсалтай нь хэрэгжүүлээгүй.
Г.Занданшатар: Улс орныг хэн ийм байдалд оруулсан эзэдтэй нь ярьж, хариуцлага тооцох хэрэгтэй. Бид тоо баримт хангалттай ярьсан. Энэ мөнгө чинь нэг тийшээ алга болсон байж таарна. Нийгмийн хамгааллын яаманд ямар үйл явдал болсон юм. Энэ бүгдийг бидэнд хэлж өгөх хэрэгтэй.
Ж.Эрдэнэбат: Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа талаар мэдээлэл бид өгсөн. Цагаан дээр хараар бичсэн зүйлийг худлаа хэлээд хэрэггүй гэж бодож байна. Цаашдаа эдийн засгийн хямралыг юунаас болов гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгч ажиллана.
Д.Лүндээжанцан: Мөнгөний авдар хоосон, өр зээлэндээ баригдсан нь яах аргагүй үнэн. Бид энэ хүндрэл бэрхшээлээс яаж гарах вэ. Вальютын нөөц -1.5 тэрбум ам.доллар болчихоод байна. Хүмүүс үүнээс гарах хоёр зам байдаг гэж яриад байна. Нэг нь бол Олон улсын вальютын сангаас зээл авах хөтөлбөр. Нөгөөх нь өр зээлээ үргэлжлүүлэх юм байх. Энэ хоёр арга аль аль нь хэцүү шүү дээ.
С.Бямбацогт: Шүүгчдийн цалинтай холбоотой асуудалд тодорхой хуулиудтай зөрчилдөж магадгүйг анхаарах ёстой.Шүүхийн ерөнхий зөвлөл нэлээд данхар бүтэцтэй болсон байгаа. Тиймээс энэхүү байгууллагын зардлыг бууруулах тооцоог Сангийн яам бас хийж үзэх ёстой байх.
Х.Болорчулуун: Монгол Улс дөрвөн их наяд төгрөгийн төсвийн алдагдал энэ онд хүлээх гэж байна. Энэ бол улсын төсвийн тал хувь нь. Дээр нь өр зээлээ төлөх хугацаа дөхөж байна. Энэ их өрийг яаж төлөх юм бэ. Ерөнхий сайд хэмнэх танах тухай ярьж байна. Энэ нь зарим талаараа зөв ч гэлээ боломжит орлогоо ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй. Монгол Улс байгалийн баялаг ихтэй. Газрын баялаг ард түмний өмч гэдэг эрхээ эдэлж чадахгүй байна. 900 мянган тонн газрын том импортоор авч байгаа гэтэл нэг сая гаруй тонн газрын тосны түүхий эд гадагш гаргаж байна.
С.Эрдэнэ: Өмнөх Засгийн газрын алдааг ярих юм бол хэрээ хэрээний харыг гайхав гэдэг болно. Тэгж ярих юм бол хадгаламж зээлийг хоршог хэдэн мянгаар нь дампууруулаад, нэг хүн гадаадад очиж казино тоглоод явж байсан асуудлыг ерөөсөө ярихгүй юм. Ардчилсан нам ганцаараа дампууруулчихсан юм шиг юм яриад байх юм. Би өөрөө амьд гэрч байна шүү. Яриад байвал ярих асуудал зөндөө бий.
О.Баасанхүү: Оюутны сургалтын төлбөрийн зээлийг зогсоосон. Ингэснээр гадаадад суралцаж байсан оюутнуудын тэтгэлэг зогсож байгаа нь үнэн үү. Хэрэв тийм бол би дэмжихгүй.
Эх сурвалж: