АНУ-ын Сонгуулийн хорооны мэдээллийн санд гадаадын хакерууд нэвтэрсэн байж болзошгүй
Саяхан гадаадын хакерчид байж магадгүй хэсэг хүмүүс АНУ-ын Төрийн Сонгуулийн мэдээллийн хоёр санд нэвтэрснийг нотлох баримтуудыг АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны /ХМТ/ ажилтнууд олсон бөгөөд цахим аюулгүйн байдлын системээ сайжруулах тал дээр анхаарахыг төрийн сонгуулийн албаныханд уриалсан байна.
Үүнтэй холбоотойгоор, ХМТ-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 8 дугаар сарын 18-нд нууц зөвлөмж гаргасан байна. Дээрх зөрчлийн талаар хамгийн түрүүнд "Yahoo News” мэдээлсэн бөгөөд Аризона болон Иллинойс мужийн сонгогчдын бүртгэлийн санд гадаадын хакерчид нэвтэрсэн бололтой.
Иллинойс мужид илүү ноцтой халдлага гарсан бөгөөд төрийн сонгуулийн зөвлөлийн нэгэн ажилтны хэлснээр, хакерчид 200 мянга орчим сонгогчдын хувийн мэдээллийг хулгайлснаас хойш сонгогчдын бүртгэлийн сан 10 хоногийн турш ажиллахгүй байгаа аж.
Аризонагийн хувьд сонгогчдын бүртгэлийн системд нь вирусийн программ илэрсэн хэдий ч сонгогчдын мэдээлэл алдагдаагүй байна.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын албаны нарийн бичгийн дарга Жэ Жонсон цахим системийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхээр төрийн сонгуулийн албаныхантай 8 дугаар сарын 15-нд уулзалт хийхээр товложээ.
Оросоос дэмжлэг авдаг хакерчид ирэх 11 дүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг үймүүлэхээр оролдож магадгүй хэмээн АНУ-ын тагнуулын албаныхан сэрэмжилж байгаа аж.
Тухайлбал, саяхан Ардчилсан Үндэсний хорооны мэдээллийн санд нэвтрэх зорилго бүхий кибер халдлагуудыг Оросын Засгийн газарт ажилладаг хүмүүс үйлдсэн байж болзошгүй гэж Америкийн тагнуулынхан үзэж байгаа юм. Харин Оросын тал уг кибер халдлагад огт хамаагүй гэдгээ мэдэгджээ.
Сэтгэгдэл байхгүй байна.