Мөнгөтэй хүний ялыг ”борчууд” үүрдэг
Шинэ парламент байгуулагдаад эрх зүйн шинэчлэлийн хэрэгжих хугацааг хойшлуулж, таван хуулийн төслийг буцаах шийдвэр гаргалаа. Буцаагдсан хуулийн нэгд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль багтсан юм. Иймд уг хуулийг боловсруулах ажлын хэсэгт багтаж ажилсан АН-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг дагалдах таван хуулийг буцаалаа. Буцаасан хуулиуд дотор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль багтсан нь олны дургүйцлийг хүргэж байна. Таны хувьд эдгээр хуулийг боловсруулах ажлын хэсэгт багтаж ажилласан болохоор харамсалтай санагдаж байгаа байх.
-Ардчилсан парламенттай Монгол Улсын түүхэнд батлагдсан хуулийг буцааж татсан тохиолдол байхгүй. Тэр тусмаа хүний эрхийг хамгаалах заалтуудтай хуулийг буцааж татсан түүх үгүй. Хүний эрхийн маш олон дэвшилт гарсан, хүний эрхийг бүх талаас нь хамгаалах цогц тогтолцоотой хуулиудыг хэрэгжүүлэхээс татгалзаж, батлагдсаны дараа татаж авч байгаа хар түүх энэ удаагийн парламентад гарлаа. Иймээс 2016 оны наймдугаар сарын 30-ны өдрийг хүний эрхийн түүхэнд хараар бичигдэх өдөр гэж үзэж байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бол олон хүний амь нас, зовлон, шаналал, зодуур, хүүхдийн нулимсаар бичигдсэн хууль шүү дээ. Энэ хуулийг АН-ынхан бичээд АН-ынхан баталчихсан гэж МАН-ынхан эндүүрч боджээ. Уучлаарай тэгээгүй. Энэ хуулиуд бол аль нэг намын үзэл суртлаар бичигдсэн хууль биш. Энэ бол хүмүүнлэг сэтгэлээр бичигдэж намын харьяалал харгалзахгүй бүх эмэгтэй гишүүд дэмжиж баталсан хууль юм. Батлагдсаны дараа эрэгтэй, эмэгтэй хөгшин залуу бүх хүмүүс эрх зүйн шинэчлэлийг бушуухан хэрэгжээсэй гэж хүлээж байсан. Гэтэл гэмгүй царайтай, цагаан цамц өмсөөд, зангиа зүүсэн нөхөд харгис үйлдэл хийлээ. С.Бямбацогт гэдэг хүн гадна талдаа сайдын төрхтэй боловч дотор талдаа хар харгис зүйлийг хийж чаддаг хүн гэдгээ харууллаа. Түүний өргөн барьсан хар тогтоолыг эсэргүүцэх чадалтай гишүүн МАН-д ганц ч байхгүйд харамсаж байна. Энэ бол эмгэнэлтэй явдал.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дангаар нь өргөн барьж, яаралтай батлуулна гэж мэдэгдсэн. Эргээд өргөн барихдаа юун дээр анхаарах ёстой вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2005 онд баталсан. Гэтэл нэг ч цагдаа, шүүгч, прокурор, хуульч энэ хуулийг барьж ажиллаад, хүний амь нас аварч үзээгүй. Яагаад гэвэл гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн шинэчлэл цогцоор хийгдэх шаардлагатай байсан. Тиймээс л гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд төр өөрөө долоон хуулийг сүлжиж өгсөн. Цагдаа, шүүгч, хөрш айлынхан, яах ёстой гэдэг бүх заалтыг долоон хуульд тусгаж өгсөн байсан. Дээр нь ямар ял оноох нь тодорхой болсон. Гэтэл эдгээр хуулийг багцаар нь унагааж байгаа нь төр хүчирхийллийг өөгшүүлж байна гэсэн үг. Ингэж өөгшүүлснээр хүчирхийлэл үйлдэгчийн далайлт нь том, буулт нь чанга болно шүү дээ.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль дангаараа үйлчлээд явахад эерэг үр дүн бий болох боломжтой юу?
-Дангаараа үйлчилж байх үед нь хуульчид хэрэглэхгүй 11 жил болсон. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нүцгэн байх үед нэг ч хуульч энэ хуулийг хэрэглэж хүний амь авраагүй 11 жил болсон. Үүнээс болж сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 80 гаруй хүнийг хүчирхийллээс болж алдсан. Шүүхийн үүдэнд хүнийг хутгалаад амь насанд халтай гэмт хэргийг хийж байхад шүүгч байтугай цагдаа ч арга хэмжээ авч чадахгүй харж байгаад алуулж байсан.
-Эрх зүйн шинэчлэл хийсэн долоон хууль хэрэгжиж эхэлсэн бол гэр бүлийн хүчирхийлэлд ямар өөрчлөлт гарах байсан бэ?
-Хуулийн байгууллагын бүх субъект үүний эсрэг хөдөлдөг болох байсан. Тухайлбал хүчирхийлэлд өртсөн хохирогчийг Тахарын алба шууд хамгаална. Шүүх хуралд ороход хохирогчийг тусгаарлан оруулж, хүчирхийлэгчид ойртуулахгүйгээр шүүн таслах ажиллагааг хийлгүүлэх ёстой гэх мэт. Одоо эдгээр хуулийн хойшлуулаад, зарим хуулийг буцаачихаар хуулийн байгууллага хүчирхийллийн эсрэг хуруугаа хөдөлгөх эрх, үүрэггүй болж байгаа юм.
-Хүчирхийллийн дуудлага авсан цагдаа очсон айлдаа нэвтэрч орох эрх, хүүхэд зодож байхад хэлэхгүй өнгөрөөвөл хариуцлага хүлээх заалтууд байхгүй болж байгаа юм уу? Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг яаралтай батлаад ч дээрх заалтууд хэрэгжих боломжгүй гэсэн үг үү?
-Тийм хэрэгжих боломжгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг яаралтай батлаад ч өнгөрсөн 11 жил хэрэгжээгүйтэй ижил хэрэгжих боломжгүй. Учир нь Хууль сахиулах ажиллагааны тухай хуульд хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой дуудлага цагдаагийн газар ирэх юм бол нэн тэргүүнд очно гэсэн заалт байсан. Дээр нь хүний амь нас эрүүл мэндэд аюул учирсан үйлдэл хаалттай хаалганы цаана үйлдэгдэж байвал цоожтой хаалгыг эвдэж ороод хохирогчийг хамгаалах үүрэгтэй болох байлаа. Хоёрдугаарт хүчирхийлэлд өртсөн хүүхдийг нэн даруй аюулгүй газар хүргэх, хүүхэд асрах газар хүргэх заалт орсон байсан. Гуравдугаарт, хүчирхийлэлд өртөж байгааг мэдээлээгүй бол Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ. Тухайлбал, эмч, нийгмийн ажилтан, багш, төрийн албан хаагчид хүчирхийлэлд өртсөн иргэнийг мэдээллээгүй бол хариуцлага хүлээх заалт оруулсан байсан юм.
-Хэрэв эрх зүйн шинэчлэлээр хийгдсэн хуулиуд хэрэгжсэн бол хүчирхийлэлд өртдөг эмэгтэй өөрийгөө хамгаалуулах хуультай болж бага ч гэсэн айдсаас салах итгэл төрөх байж. Тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Саяхан Дархан-Уул аймагт болсон эмгэнэлт явдлыг бүгд сонссон байх. Хөөрхий эмэгтэй хоёр цаг зодуулж байхад нэг ч хүн дуудлага өгөөгүй байдаг. Яагаад гэвэл цагдаад дуудлага өгөхөд цагдаа шууд ирээд аврах хууль байхгүй, иргэн хүн цагдаад дуудлага өгөх үүрэг байхгүй. Ийм учраас нэгнийгээ харж байгаад алуулчихлаа. Чухамдаа бол есдүгээр сарын 1-нээс эхлээд хүчирхийлэл болж байхад дуудлага өгөөгүй иргэн торгуулах ёстой байсан.
-Эмэгтэйчүүдийн хорих ангид байгаа ихэнх эмэгтэй хүчирхийллийн улмаас гэмт хэрэг хийсэн байдаг. Тэдний хүндэтгэн үзэх шалтгаан нь шүүх дээр очоод хүндрүүлэх шалтгаан болчихдог. Олон жил зодуулаад нэг удаагийн үйлдлээр гэмт хэрэгтэн болоод ял эдэлж байгаа олон бүсгүй хорих ангид бий. Үүнийг яаж зохицуулах ёстой юм бэ?
-Ганцхан Монгол Улсад ийм байдаг зүйл шүү дээ. Гэр бүлийн хүчирхийллийг дэлхий даяар сайн ойлгож байна. Ардчилсан эрх чөлөөтэй бүх оронд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг биеэ хамгаалж үйлдэл хийснийх нь төлөө хөнгөрүүлдэг. Зарим газар ял өгдөггүй. Гэтэл ганцхан Монгол Улсад хүчирхийлэлд өртсөн хүн өөрийгөө хамгаалах эрхгүй байгаа юм. Олон жил зодуулсны эцэст ганцхан удаа өөрийгөө хамгаалаад гэмт хэрэгт холбогдохыг өш хонзон гэж үзэж байгаа юм. Өөрийгөө хамгаалсан хүн гудамжид хүн цохиж алсан хүнээс 5-10 жилээр илүү ял эдэлж байна. Харин шинэ Эрүүгийн хуулиар хүндрүүлэх нөхцөл байхгүй болсон. Дээр нь өөрийгөө хамгаалах үйлдлийг өөрийгөө хамгаалах үйлдэл гэж үздэг болох байлаа. Ингэснээр нөхцөл байдлаасаа хамаараад ял хөнгөрөх шалтгаан болж болох байлаа. Тэрхүү нөхцөл байдлыг авч үзэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн байхгүй юу. Энэ юу ч биш. Гэр бүлийн хүчирхийллийг тойрч энэ удаа ярьж байгаа болохоос эрх зүйн шинэчлэлд маш олон заалтаар хүний эрхийг хамгаалах ёстой байсан юм. Нүцгэн үнэн дэлгэхэд ядуу дорой айлын хүүхдүүд маш олон хүний хэргийг давхар үүрч байна.
-Юу гэсэн үг вэ?
-Аав ээж нь албан тушаалтай, мөнгөтэй хүний хэргийг ядуу борчууд үүрдэг болсон шүү дээ. Үүнийг болиулах томоохон өөрчлөлт Эрүүгийн хуульд орсон юм. Жишээлбэл хүний үйлдсэн хөнгөн гэмт хэргийг хүндэд нь багтааж яллана гэдэг ганц заалт одоогийн Эрүүгийн хуульд бий. Энэ өгүүлбэр бол тэр чигээрээ хөрөнгөлөг хурандааг төрүүлдэг уут юм. Энэ заалтаар хуулийнхан бизнес хийдэг нүх гэж хэлж болно.
-Ямар бизнес яаж хийдэг гэж?
-Хүнд хэрэг хийсэн ядуу нөхөр баригдлаа. Тэр хүн юу ч хийсэн байж болно. Жишээ татаад хүчингийн хэрэг хийлээ гэж бодоход 20 жилийн ял сонсоно. Гэтэл тэр 20 жил дотор багтах хөнгөн ялыг тэр нөхөр дээр нэмж овоолдог. Тагнуулын аргаар, залхаан цээрлүүлэх аргаар, гүйцэтгэх ажиллагааны аргаар нэмчихдэг. Ингээд тэр хүнд 10 хэрэг хийсэн болгож ялладаг. Тэр 10 хэргийн есөн хэрэг нь мөнгөтэй хүмүүсийн хийсэн хэрэг. Үлдсэн ганц нь өөрийнх нь үйлдсэн хэрэг байдаг. Гэтэл хөнгөн хэргийг хүнд хэрэгт багтаана гэсэн Эрүүгийн хуулийн заалтыг үндэслэж нэлээд олон хөнгөн хэргийг нэг уутанд хийж үүрүүлээд гаргачихдаг.
-Ийм зүйлийг хэн хийдэг юм бэ?
-Хуулийн салбарынхан хийдэг. Цагдаа, мөрдөн байцаагч гэх мэт. Ингээд л хөрөнгөлөг хурандаа төрж байгаа юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд байдаг ганцхан өгүүлбэр тэдэнд бизнесийн хаалга нээж өгдөг. Энэ бизнесийн хаалгыг шинэ Эрүүгийн хуулиар хаасан юм. Хөрөнгөлөг хурандаа төрүүлэхгүй, жинхэнэ шударга мөрдөгч төрүүлэхийн тулд энэ хаалгыг хаасан. Хүний хэргийг үүрдэггүй, хүний хэргийг ядуу дорой нэгэндээ овоолдоггүй байлгахын тулд "Хүн хэрэг болгон дээрээ тус тусдаа ял авна, аль ч ялыг нөгөө ялд шингээж, үүрүүлж багтаахгүй” гэдэг зарчим шинэ Эрүүгийн хуульд орсон юм. Ингэснээр хэрэг тохох бизнесээр гаршсан хүмүүсийн ашиг сонирхлыг хөндөж байгаа байх л даа. Хэргээ хүнд үүрүүлчихнэ гэж баярлаж байсан эрх мэдэлтэй хүмүүст эрх зүйн шинэчлэл гай болсон байж магадгүй.
-Эрүүгийн хуулийн хэдийн хэдэд зааж өгсөн бэ?
-Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. Хэрэг болгонд тус бүр дээр ял онооно гэж оруулж өгсөн. Үүнээс гадна давтан хэрэг хийсэн хүнд илүү ял оноодог байсан. Жишээлбэл 10 төгрөгийн хулгайг хоёр дахь удаагаа үйлдэх юм бол давтан гэдэг утгаараа 10 жилийн ял авчихдаг. Шинэ хуулиар гэмт хэрэг тус бүр дээр ял онооно гэсэн заалт оруулснаар ийм зүйл "үгүй” болох байлаа.
-Хэрэв Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль дагалдах хуулиуд хэрэгжээд эхэлбэл 1000 гаруй ажилтан, 90 гаруй тэрбум төгрөг шаардагдана гэж байсан?
-Ямар ч шорон барихгүй, ямар ч мөнгө хэрэг болохгүй. Өөрсдийн хийсэн хар үйлийг том мөнгө, том тоо ярьж асуудлын голоос зайлах гэсэн башир арга хэрэглэж байна.
-Эцсийн дүнд хуулиа ёсчилж батлаагүй, Төрийн эмхэтгэлд хэвлээгүй нь өнгөрсөн парламентын буруу юм биш үү?
-Сонгууль эхэлсэнтэй холбоотойгоор ирц байхгүй болсон. Сонгуулиас хойш 45 хонолоо. Өнгөрсөн 45 хоногт ганцхан минут сэтгэл гаргаад алх цохьчихсон бол эмэгтэйчүүд, хүүхдүүд, залуус бүгдээрээ зовлон, зодуур, нулимснаас салах байлаа.
Сэтгэгдэл байхгүй байна.