Өмнөд Солонгост зугтаж очсон умард солонгосчуудын тоо 30 мянгад хүрч магадгүй
Умард Солонгосоос Өмнөд Солонгост зугтаж ирсэн хүмүүсийн тоо 2016 оны эхний найман сарын хугацаанд 15 хувиар нэмэгдсэн гэж Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамнаас өнөөдөр гаргасан мэдээлэлд дурджээ. Энэ нь Умард Солонгосын удирдагч улс орноо хатуу гараар удирдаж байгаатай холбоотой гэж албаны хүмүүс үзэж байна.
Өнгөрсөн оны 1-8 дугаар сард Умард Солонгосын 777 иргэн Өмнөд Солонгост зугтаж очиж байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар энэ тоо 894 болж нэмэгджээ.
Ингэснээр наймдугаар сарын эцийн байдлаар, Өмнөд Солонгост зугтаж очсон умард солонгосчуудын тоо нийтдээ 29 688 болсон ба оны эцэс гэхэд 30 мянгаас давах магадлалтай байна.
Хятадын зүүн нутгийн Нинбо хотын нэгэн ресторанд ажиллаж байсан Умард Солонгосын 13 иргэн энэ оны дөрөвдүгээр сард Өмнөд Солонгос руу зугтсан юм. Мөн Хятадад ресторанд ажиллаж байсан Умардын гурван иргэн зургадугаар сард Сөүл рүү зугтсан билээ. Пхеньяны эрх баригчид ар гэрийг нь сайн судалж, итгэл алдахгүй гэж үзсэний үндсэн дээр иргэдээ гадаад орнууд дахь ресторанд ажиллуулахаар илгээдэг аж.
Саяхан Их Британи дахь Умард Солонгосын ЭСЯ-ны дэд сайд Тэ Юн-хо гэр бүлийнхний хамтаар Өмнөд Солонгост зугтаж очсон юм.