Умард Солонгос далангийн усыг урьдчилан мэдэгдэлгүйгээр юүлжээ
Цэрэггүй бүсийг дамнан урсдаг гол руу Умард Солонгос урьдчилан мэдэгдэлгүйгээр далангийн усыг юүллээ гэж Өмнөд Солонгосын албаны хүмүүс мэдэгдсэн байна.
Үүний улмаас голын усны түвшин нэмэгдэн аюул учруулж болзошгүй гэж тэд болгоомжилж байгаа юм.
Өмнөд Солонгосын армийн албаны хүмүүс хэлэхдээ "Умард Солонгосын тал лхагва гарагийн оройн 18:00 цагийн үед Имжинь гол дээрх далангийн усыг юүлж эхэлсэн” гэв. Умард Солонгост ширүүн бороо орсоор байгаа аж.
Гол нуураас хол байхыг Өмнөд Солонгосын Газар, дэд бүтэц ба тээврийн яам ард иргэддээ зөвлөж байна.
2009 онд далангийн усыг гэнэт юүлсний улмаас Өмнөд Солонгосын зургаан иргэн амиа алдсаны дараа далангийн усыг юүлэхээсээ өмнө урьдчилан мэдэгдэж байхаар Умард Солонгосын талтай тохиролцсон юм.
Гэсэн хэдий ч умардынхан 2011 оноос хойш урьдчилан мэдэгдэлгүйгээр далангийн усыг юүлсээр байна.