Нохой, муур тэжээх, устгах журмыг хэлэлцүүллээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, устгах журам”-ын шинэчилсэн төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн холбогдох байгууллагууд, ХААИС-ын Мал эмнэлгийн сургууль, Нохой судлалын холбоо, устгалын байгууллагууд болон дүүрэг, хорооны холбогдох албан хаагч, иргэдийн төлөөлөл оролцсон. Хэлэлцүүлэгт оролцогчдоос журмын төсөлд нохой, муур бүртгэлжүүлэх үйл ажиллагааг илүү нарийвчлах, мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэх зохицуулалт оруулах, нохой, муур эзэмшигчдэд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх, үржүүлэхээс бусад тохиолдолд нохойг заавал үргүйжүүлж, хөнгөлсөн байх шаардлагыг тусгах саналыг тус тус өглөө. Журмын төсөлд санал авах үйл ажиллагаа www.ubservice.mn цахим хаягаар үргэлжилж байна гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.