Персийн буланд зөрчил даамжирч буй үед иранчууд шинэ хөлөг онгоцтой боллоо
Ираны Хувьсгалыг хамгаалагчдын корпус /ИХХК/ 55 м урт тэнгисийн цэргийн хөлөг онгоцыг мягмар гарагт усанд тавьжээ. Энэ хөлөг онгоц ньь нисдэг тэрэг болон 100 орчим хүнийг тээвэрлэх хүчин чадалтай гэж тус улсын үндэсний телевиз мэдээллээ.
Уг хөлөг онгоцыг усанд тавих ёслол Бушер хотын боомтод болсон байна.
Энэ цаг үед Иран болон АНУ-ын Персийн булан дахь харилцаа нэлээд хурцадмал байгаа билээ. Энэ онд гэхэд, АНУ болон Ираны хөлгүүд хоорондоо тун ойрхон зайд зөрж өнгөрсөн тохиолдол 30 орчим удаа гараад байгаа нь 2015 оны мөн үеийнхтэй харьцуулбал 2 дахин нэмэгдсэн тоо юм.
9 дүгээр сарын 4-нд ИХХК-ын дайрагч хөлөг онгоц Персийн булангийн төв хэсэгт АНУ-ын эргийн харуулын хөлөг онгоцонд 91 м орчмын зайд ойртон ирэх үед Америкийн хөлөг онгоц чиглэлээ өөрчилсөн ажээ. Ийм тохиолдол энэ сард хамгийн цөөндөө гэхэд 4 удаа гараад байгаа юм.
"Энэхүү шинэ хөлөг онгоц Иран улсын тогтоон барих хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа бөгөөд бидний дайснуудын, ялангуяа Америкийн цэргийн тактикийн тооцоонд нөлөөлж чадна "гэж ИХХК-ын Тэнгисийн цэргийн адмирал Али Фадави ёслолын ажиллагааны үеэр хэлжээ.
Уг хөлөг онгоцыг ямар төрлийн зэвсгүүдээр тоноглосон талаар Фадави дурдсангүй. Энэ хөлгийг "Khatam al-Anbia” гэдэг компани ИХХК-ын хяналтын дор Бушер хотод үйлдвэрлэжээ.
Дээрх ёслолын үеэр уг хөлөг онгоцон дээр байрлуулсан улаан даавуун дээр "америкчууд гахайнуудын тэнгисийн буландаа очих хэрэгтэй, Персийн булан бол бидний гэр орон ” гэж бичжээ.