Мэнни Пакьяо Мэйвезерээс даагаа нэхэв
Зодгоо тайлсан мэргэжлийн боксын нэрт тамирчин Мэнни Пакьяо арваннэгдүгээр сарын 5-нд Лас Вегас хотноо рингэнд дахин гарахаар болсон билээ. Хэрвээ Флойд Мэйвезер мөн рингэндээ эргэн гарч түүнтэй тулахыг хүсвэл бэлэн байх болно гэдгээ ярьжээ.
"Би 63,5 болон 66,6 кг-ын жинд хэнтэй ч тулалдахад бэлэн байна. Хэрвээ Мэйвезер надтай тулалдахыг хүсвэл, хөгжөөн дэмжигчид бид хоёрын тулааныг үзэхийг хүсвэл, би бэлэн байна. Энэ бол үнэхээр үзүүштэй, агуу тулаан байх болно" хэмээн филиппины домогт боксчин өгүүлсэн байна.
Арваннэгдүгээр сарын таванд Мэнни Пакьяо WBO холбооны хагас дунд жингийн дэлхийн аварга Жэсси Варгастай тулалдах юм.