Халхголтой холбоотой шийдвэрийг хүчингүй болгоно
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймгийн төвд ирсэн даруйдаа Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж, нутгийн иргэдтэй уулзлаа.
Засгийн газраас хийж байгаа ажил, цаашдын зорилтынхоо талаар танилцуулж эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд бололцоотой бүх арга хэмжээ авч байгааг хэллээ. Төр, засаг тогтвортой байх, хууль хяналтын байгууллага нь шалгана гэх мэтээр дарамт, хүндрэл учруулдаггүй, төрийн албаны хүнд суртлаас болж төлөвлөсөн ажил сунжирдаг өнөөгийн байдлыг өөрчлөхийг хөрөнгө оруулагчид хүсч байгаа учир энэ чиглэлээр ажиллаж байна. Засгийн газар ганцаараа зүтгэх бус, иргэд маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх орондоо үйлдвэрлэсэн бүтэээгдэхүүнийг худалдан авч хэрэглэх нь өнөөгийн хүндрэлтэй байдлаас гарахад чухал нэмэр гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Дорнодчууд, ялангуяа Халхгол сумын иргэд Халхголд чөлөөт бүс байгуулах, үндэсний бүтээн байгуулалт хөтөлбөр нэрийн дор өмнөх УИХ, Засгийн газрын гаргасан тогтоолын хүрээнд газар нутгийг нь зарсан, худалдсан хэмээн ихээхэн бухимдаж, энэ чиглэлээр тууштай арга хэмжээ авахыг хүсч байлаа. Энэ нутагт 170 мянган га газрыг бусдад олгосон тухай өмнө нь яригдаж байсан ч одоо 320 мянган га болж нэмэгдсэн байна. Иймээс өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгож, Халхголын бүс нутгийг экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нутаг болгоно. Ингэхдээ нутгийн ард иргэд, аймаг, сумын удирдлагаас гаргасан саналыг аль болох тусгаж оновчтой шийдвэр гаргана гэдгээ Ерөнхий сайд хэллээ.
Амьдрал ахуй хүндэрсэн, төрийн албаны хүнд суртал их, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ тааруу гэдгийг иргэд сануулж, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын ажлыг дуусгахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, "Петро Чайна Дачин Тамсаг Монгол” компанид ажиллах монгол ажилчдын тоог нэмэх, газрын тос тээвэрлэх хатуу хучилттай зам баригдаж дуусаагүй учир байгаль орчинд асар их хохирол учруулж байгаад арга хэмжээ авахыг хүсч байлаа.
Засгийн газрын хувьд гүйцэтгэл нь өндөр хувьтай ч он дамжсан, царцсан обьектуудыг эхний ээлжинд ашиглалтад оруулахын төлөө байна. Ялангуяа ирэх жилээс гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудыг өргөтгөж эхэлнэ гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна.