“Овоо босгоогүй бол шаазгай суухгүй”
-Бүхэл бүтэн гурван хүний амьдралаар тоглосон эр ямар ч хариуцлага хүлээхгүй үлдэх нь. Харамсалтай нь, энэ бүхнийг зохицуулдаг хууль, эрх зүйн орчин манайд алга-
Эмийн явдал эрд, эрийн явдал үрд гэдэг. Дорнод аймгийн Хэрлэн суманд харамсалтайгаар амиа алдсан долоохон настай хүүгийн аав Ц гэр бүлээс гадуурх амьдралтай байгаагүй бол өнөөдөр жаалхан хүү амьд сэрүүн байх байлаа. Түүгээр ч зогсохгүй нялх хүүхэдтэй эмэгтэй болон ажил амьдралын захаас дөнгөж л атгаж явсан 18-хан настай хүү хоёр ял авч, шоронд явах дээрээ тулахгүй байв.
Шуудхан хэлэхэд, ямар ч гэм зэмгүй, амьдралын өнгийг ч таньж мэдээгүй жаалхан хүүгийн амиа алдах болсон шалтгаан нь эцгийнх нь хормой хотны явдлаас үүдэлтэй. Гэвч янаг амрагийн явдлаасаа болж бүхэл бүтэн гурван хүний амьдралаар тоглосон эр өнөөдөр ямар ч ялгүй, ямар ч хариуцлага хүлээхгүй үлдэх нь.
"Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэх үг бий. Үүнээс үзэхэд, талийгаач хүүгийн эцэгтэй нь гэр бүлээс гадуурх, амрагийн харилцаатай байсан С гэх эмэгтэй бусдын нөхрийг өөрийн болгох гэсэн атгаг хүсэлдээ хөтлөгдөн бяцхан хүүг нь хөнөөлгөж, амьдралд дөнгөж хөл тавьж явсан 18-хан настай хүүд "алуурчин” нэр зүүлгэхээс гадна өөрөө "ялтан” болсон ч энэ бүхний гол буруутан нь хүүгийн эцэг болж таарлаа.
Хууль, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна
Харамсалтай нь, манайд энэ бүхнийг зохицуулдаг хууль, эрх зүйн орчин гэж алга. Уг нь, Ерөнхийлөгчийн өргөн барьсан багц хуулийг өнөөгийн парламент хүлээж авсан бол хүний санаанд оромгүй ийм аймшигт эмгэнэлтэй хэрэг магадгүй гарахгүй байж ч болох байв. Хэрэв уншигчид санаж байгаа бол гурван жилийн өмнө татварын байцаагч хоёр эмэгтэй гэр бүлийн асуудал, хардалтаас болж нэгнийхээ амийг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсан. Нэг нь шороонд булагдаж, нөгөө нь шоронд явсан эл гашуун хувь тавилан хоёр бүсгүйтэй янаг, амрагийн харилцаатай байсан Д.Батболд гэх залуугаас болсон байдаг. Хоёр бүсгүйн амьдралаар тоглосон мань эр өнөөдөр ямар ч хариуцлага хүлээгээгүйгээс гадна та, бидний дунд эгэл жирийн амьдарч явна. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр гэмт хэргийн цаг хугацаа болон үйлдэгдсэн шалтгаан нөхцөл нь ондоо хэдий ч жинхэнэ "гэм буруутан" нь, жинхэнэ хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь ямар ч гэмгүй, ямар ч хариуцлага хүлээхгүй хуулиас гадуур үлдэж байгаагаараа ижилхэн юм. Энэ бол манай улсын хууль, эрх зүйн орчин дутмаг, бүр "үгүйлэгдэж" байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн хэрэгт гэмт этгээдээс гадна нэг, хоёр цаашлаад олон хүний амьдралаар тоглосон, хэрэг гарах шалтгаан сэдлийг өгсөн этгээдийг ч давхар цээрлүүлж, зохих "ял", хариуцлагыг нь оноож байх хэрэгтэй байна.
Дахин давтагдахгүй гэх баталгаа алга
Уг нь бол өмнөх Засгийн газрын үед баталсан Гэр бүлийн тухай хууль болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх байлаа. Гэвч одоогийн парламентад 65-ыг бүрдүүлж, олонхи болсон МАН-ынхан ард түмнийхээ эсрэг кноп дарж, хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсан юм. Шинэ хуулиар гэр бүлд тулгардаг олон бэрхшээлийг хуульчилж өгсөн төдийгүй, ялангуяа гэр бүлээс гадуурх янаг амрагийн харилцааг цаасан дээр хараар "гэмт хэрэг" гэж тодорхойлж, хариуцлагыг нь ч тусгаж өгсөн байв. Харамсалтай нь, өмнөх парламентын үед баталсан энэхүү шинэчлэлийг одоогийн олонх хүлээж аваагүй төдийгүй өнөөг хүртэл хуулийн төслийн дахин УИХ-д өргөн бариагүй байна. Гэтэл энэ бүхнийх нь балгаар өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэл "цэцэглэж", гэр бүлээс гадуурх амьдрал газар авсаар сүүлдээ гэм зэмгүй хүүхдийн амь хохирлоо. Нэн яаралтай хууль, эрх зүйн орчинг нь чангатгаж, цаг алдалгүй баталж өгөхгүй бол энэ мэт гэмт хэрэг дахин гарахгүй гэх баталгаа алга.
Эх сурвалж:
Сэтгэгдэл байхгүй байна.