Томилгоотойгоо тоглосоор 100 хонов Матрын булан 2016/09/30 1 Өчигдөр долларын ханш 2285 төгрөгт хүрч дээд амжилт тогтоожээ. Үүнээс цааш өсөх нь ч тодорхой байна. Гэтэл үүний эсрэг Монголбанк, Засгийн газар ямар ч алхам хийж байгаагаа зарласангүй, долларын өсөлттэй тууштай тэмцэгч өнөөх Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа нар ч таг чиг. Тэднийг онцлохын учир нь Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа нар Ардчилсан нам засаглаж байх үед долларын ханшийн тухай хамгийн их ярьж, гудамжинд гарч жагсах нь халаг байлаа. Гэтэл одоо нэг нь парламентад олонхи болсон намын бүлгийн дарга, нөгөө нь Төсвийн Байнгын хорооны дарга болж хувирсан биш ноён долларын чихийг мушгихаа ч болив. Засгийн газар бүрдэж эхэлснээс хойш бараг гурван сар боллоо. Энэ хооронд ардчиллынхны балгаар баларч, сүйрч байгаа улс орон хүлээж авсан тухай л эрх баригчид хангалттай ярилаа, дэлхий даяар ч мэдлээ, бүгдээрээ ойлголоо. Эхнээсээ олон улсын санхүүгийн агентлагууд манай улсын зээлжих зэрэглэлийг хасаад эхэллээ. Хямрал даварсаар байхад томилгооноос өөр ажил хийж мэдэхээ байсан Засгийн газарт энэ хүнд байдлаас гарах ер нь ямар гаргалгаа байна вэ? Сураг сонсоход зээл, тусламж л хайж байх шиг. Үүнээс ч өөр хувилбар олохгүй л байгаа бололтой. Гэтэл зэрэгцээд цагтаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр улсынхаа нэрээр бонд босгосон нөхдийг шалгаад хориод эхлэх шив. Энэ нь хөрөнгө оруулагчдад, олон улсын зах зээлд ямар мессеж түгээж байна вэ гэхээр монголчууд бонд босгоод, зээл аваад түүнийгээ идээд уучихдаг л юм байна, ийм маапаантай нөхөдтэй харилцах ч хэрэг байна уу даа гэсэн ойлголт л төрүүлнэ. Монголд хэнийгээ шалгах нь хууль хяналтын байгууллагынхны хэрэг. Гэхдээ хуулийнхан маань улс төрийн уур амьсгалд хөтлөгдөж ажиллаад байвал, олон хүн шоронд хийснээр улс орон хөгжихгүй, дэлхий даяарчлагдаж байгаа энэ цаг үед гадагшаа гарч байгаа мэдээлэл нь дандаа болохгүй, бүтэхгүй сэдэвтэй байж боломгүй мэт. Улс нь ирээдүйгүй болсон, байгаа бүх юмаа тавиад туучихсан юм шиг мэдээллийг ямар мэдээллээр сольж гадагшаа түгээх вэ гэдэгт энэ улсад гэрэл гэгээ татуулж, үүрэг хариуцлага хүлээх ёстой Засгийн газар, эрх баригчид маань нэгийг бодож хоёрыг тунгаах ёстой баймаар. Гэтэл харин ч эсрэгээрээ байгаа шүү. ТЭЗҮ нь батлагдсан ямар ч төсөл, хөтөлбөр манай улсад алга л гэнэ. Хүчирхийллийн эсрэг хууль хэрэггүй л гэнэ, хэрэгтэй л гэнэ. Саяхан гадны жуулчин, британийн алдарт уулчныг монголд амиа алдсан тухай гадна дотногүй шуугилаа. Одоо Дорнодод долоон настай хүү амиа алдсан тухай ид шуугиж байна. Нийгэм нь ч ийм л байдалтай. Тэгэхээр ийм нөхцөлд манай улсад хөрөнгө оруулалт цутгах уу. Засгийн газрын зүгээс эсрэг альтернатив хувилбар нь юу юм гэдэг дээр нэг ч үг ганхийсэнгүй томилгоотойгоо зууралдсаар зуу хоног нь дөхчихлөө. Эх сурвалж: 1