Тайсон Фьюри аварга цолнуудаасаа татгалзлаа
28 настай тэрбээр ярихдаа "миний хувьд эмчилгээндээ голлон анхаарч, биеэ бүрэн тэнхрүүлэх хэрэгтэй байна” гэжээ. "Би боксын рингэн дээр аваргын титмүүдийг бүгдийг нь зүүж үзлээ. Харин одоо эдгээр титмээ би хамгаалах боломжгүй болоод байна. Ийм учраас миний бие дэлхийн аваргын титмүүдээсээ албан ёсоор татгалзах шийдвэр гаргалаа” гэж дэлхийн аварга боксчин мэдэгдсэн байна.
Дэлхийн боксын байгууллагаас /WBO/ Фьюрид сануулга өгч "хэрвээ Владимир Кличкотой хийх ёстой тулаанаа хойшлуулах болсон учир шалтгаанаа 10 хоногийн дотор тайлбарлахгүй бол таны дэлхийн аварга цолыг хураана” гэж анхааруулж байсан юм.
Фьюри, Кличко нарын тоглолт энэ оны 7 дугаар сарын 9-нд болох байсан боловч Фьюри бэртэл авсан гэх шалтгаанаар 11 дүгээр сарын 29-нд хийхээр хойшлуулсан байна. Гэтэл Фьюриг төлөөлдөг "Хеннесси спортс" компани өнгөрсөн сарын 24-ний өдөр мэдэгдэхдээ "эрүүл мэндийн шалтгаанаар Фьюри рингэнд гарч чадахгүй боллоо” гэсэн юм. Харин хэд хоногийн дараа тэрбээр кокаин хэрэглэдэг байсан нь тодорхой болж, өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрчээ.
Сануулан дурдахад, 2015 оны 11 дүгээр сард Германд болсон тоглолтод Фьюри Украины боксчин Кличког оноогоор ялснаар Олон улсын боксын холбоо /IBF/ болон Дэлхийн боксын холбооны /WBA/ аварга цолыг нэгэн зэрэг хүртэж байсан билээ. Харин дараа нь цолоо хамгаалах тоглолт хийхээс татгалзсаны учир IBF-ийн аваргын титмээ хураалгасан байна.
Фьюри мэргэжлийн боксын рингэнд ялагдаж үзээгүй бөгөөд 25 удаа ялсан ажээ.