Иргэний нисэхийн бялуу хүртээх шинэчлэгдсэн бүтэц
Зам, тээврийн хөгжлийн Сайд энэ оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 70 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ын бүтцийг шинэчлэн баталсан байна. Энэхүү бүтэц нь Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, Засгийн газрын 2015 оны 258 дугаар тогтоолоор баталсан Иргэний нисэхийн ерөнхий газрын дүрэм болон Засгийн газрын 2016 оны "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоолд нийцэхгүй, зөрчилдөж байсныг Эрхэм Сайд "анзааралгүй” баталсан бололтой.
Дээрх тогтоолд зааснаар ИНЕГ-ын орон тооны хязгаарыг УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн дагуу 106 ажилтантай байхаар тогтоосон бөгөөд тухайн тогтоолын "… хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь 100- гаас дээш ажилтантай бол дэд дарга (орлогч дарга) 1-тэй байх чиглэл баримтлах” заалтыг зөрчиж, ИНЕГ-ын бүтцийг 2 Дэд даргатай байхаар баталжээ.
Иргэний нисэхийн тухай хуулийн 8.1-д "Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн”, 8.2.-т "Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үйл ажиллагаагаа иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангуулахад чиглүүлнэ” гэж хуульчилсан байдаг.
Гэтэл шинээр батлагдсан ИНЕГ-ын бүтцээр, нисэхийн үйлдвэрлэл аж ахуй хариуцсан дэд дарга нь агентлагийн Тэргүүн дэд, тус агентлагийн үндсэн чиг үүрэг болох аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалт хариуцсан Дэд дарга нь Тэргүүн дэдээс шатлал доогуур статустай байхаар зураглал гаргаж баталжээ.
Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн ерөнхий загварын дагуу үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлох ёстой бөгөөд ИНЕГ нь шинэ бүтцээр өөрийн тэргүүлэх чиглэлээ иргэний нисэхийн үйлдвэрлэл үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагаа гэж тодорхойлсон нь Иргэний нисэхийн тухай хуулийн 8.1-д заасныг зөрчиж байна. Мөн дээрх тогтоолын зарим зүйл заалтууд бүтцийн зөрчигдсөн нэгжүүдийг шинээр бий болгожээ. Үүнд :
Засгийн газрын агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн оноосон нэр нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэртэй давхардахгүй байх гэж заасан боловч Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн үйл ажиллагаатай давхцсан Нисэх буудлын бодлого, зохицуулалтын хэлтэс, Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын хэлтэс гэх мэт нэршилтэй нэгжүүд бий болсон байна.
Мөн тогтоолоор Засгийн газрын агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгж, ажилтны чиг үүрэг, хариуцах ажил нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, албан хаагчийн болон тухайн агентлагийн харьяа төв, орон нутгийн байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгж, гэрээний үндсэн дээр төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж байгаа хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын хариуцсан чиг үүрэг, ажилтай давхардахгүй байх гэсэн заалттай.
Гэтэл Иргэний нисэхийн тухай хуульд заасан агаарын тээврийн хөгжлийн асуудал, эдийн засгийн зохицуулалтын чиг үүргийг тодорхойгүй болгож, Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтэс, түүний харъяанд "Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх тасаг"гэгчийг байгуулжээ. Энэ нь агаарын тээврийн компаниудын үйл ажилагаанд хутгалдан оролцох, агаарын тээвэрлэгчийн дотоод зохион байгуулалтын чиг үүргийг агентлагийн хэмжээнд татан авч, аж ахуйн үйл ажиллагааныхаа хүрээг тэлэхэд чиглэсэн гэж харагдаж байна.
Мөн өнөөдөр иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа "Агаарын тээвэрлэгчдийн холбоо” болон "Ерөнхий зориулалтын агаарын тээврийн холбоо”-ны үйл ажиллагаатай давхцуулж, Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх нэгж бий болгосон нь хэсэг бүлэг албан тушаал горилогч этгээдэд зориулан бий болгосон "бялууны хэлтэрхий” гэж үзэхээр байна.
Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д тодорхойлсон хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөрийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу боловсруулан батлуулж, зах зээлийн зарчмаар хувийн хэвшлийн оролцоотойгоор хөгжих ёстой салбарыг төрийн чиг үүрэгт хамааруулж, ИНЕГ-ын орон тоог нэмэгдүүлэн, захиргааны зардал гарган тасаг байгуулан ажиллуулах болсон нь хачирхалтай байна. Энэ жишгээр бол агаарын тээврийг хөгжүүлэх тасаг, агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээг хөгжүүлэх тасаг гэж байгуулах нь дутагдаад байгаа бус уу. Зүй нь эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан батлуулснаар хэрэгжүүлбэл зохих Зам, тээврийн хөгжлийн яам, түүний агаарын тээврийн бодлогын хэрэгжилт хариуцсан нэгж хийх ёстой ажил юм.
Аливаа нэгжийн нэр тухайн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, үүрэг хариуцлагыг илэрхийлсэн байдаг. Гэтэл шинэ бүтцээр хэд хэдэн нэгжийн нэрлэгээг дутуу дулимаг тооцоолон харьяаллыг нь сайтар тооцож үзээгүй баталсан байна. Жишээ нь, Нислэгийн аюулгүй ажиллагааны хангалт, үйл ажиллагааны нарийн шаардлага хэрэгцээг хангаж, шалгаж дүгнэж байдаг Шалгалтын нислэг, зураглалын нэгжийг зөвхөн Нислэгийн журам боловсруулалтын нэгж болгон чиг үүргийг нь өөрчилсөн байна.
Төсвийн болон аудитын тухай хууль тогтоомж, Засгийн газрын 2012 оны 129 дүгээр тогтоолоор баталсан "Дотоод аудитын дүрэм” болон дээрх 04 дүгээр тогтоолын заалтыг зөрчин Дотоод аудитын алба гэсэн санхүүгийн аудитын нэгжийг бий болгосон.
Тухайлбал, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг Төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайдын эрхлэх ажлын хүрээнд яамны бүтцэд байгуулах, тус нэгж нь төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарах хуулийн заалтыг зөрчсөн нь мөн л дээр дурьдсанчлан үндсэн чиг үүрэгт хамааралгүй аж ахуйн үйл ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг хэт анхаарсан, яамны чиг үүрэг, нэгжтэй давхардсан бүтэц болсон гэж үзэхээр байна.
Иргэний нисэхийн ерөнхий газрын шинээр батлагдсан бүтэц нь Иргэний нисэхийн тухай хууль, Засгийн газрын холбогдох тогтоолуудыг зөрчсөн, түүхэнд байгаагүй онцгой бүтэц буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бус бодлого зохицуулдаг яамны чиг үүргийг хавсран хэрэгжүүлдэг, улмаар "Монгол Улсын олон улсын иргэний нисэхийн гэрээ, конвенциор хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангуулахад чиглүүлж, иргэний нисэхийн үйл ажиллагаанд аюулгүй ажиллагааны болон аюулгүй байдлын хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлж, иргэний нисэхийн эдийн засгийн зохицуулалт, агаарын навигацийн болон нисэх буудлын хөгжлийн бодлогын хэрэгжилт хангах” хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон гэж үзэж байна.
Түүнчлэн энэхүү бүтцийг батлахдаа мэргэжлийн Засгийн газар байх зарчмыг алдагдуулж, бүтцийн өөрчлөлт нэрээр халхавч хийн албан тушаалын томилгоо хийх, бялуу хуваах зорилготой гэж үзэхээр байгаа бөгөөд өнөөдөр ч энэ санаагаа хэрэгжүүлж, тус байгууллагад томоохон хэмжээний халаа сэлгээ хийгдэж, нарийн мэргэжлийн дадлага туршлага бүхий ажилтнуудыг намын шахалт гэх нэрийн доор мэргэжлийн бус, ажлын дадлага туршлагагүй намын дэмжигчдээр солих үйл ажиллагаа эхлээд байна. Энэхүү эмх замбараагүй, хууль тогтоомж зөрчсөн үйлдэл нь нарийн мэдлэг мэргэжил, дадлага туршлага, өндөр сахилга хариуцлага шаарддаг, онцгой салбарт эрсдэл үүсгэхийн зэрэгцээ 2017 онд хийгдэх иргэний нисэхийн олон улсын байгууллагын аудит шалгалтын үнэлгээнд шууд нөлөөлж, улмаар Монгол Улс агаарын орон зайгаа ашиглах эсэх асуудал ноцтой тавигдаж байгаа нь хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигтай харьцуулашгүй юм. Иймд Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн ерөнхий загварт заасан бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчмыг үл баримтлан үйл ажиллагааны стратеги болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг боловсруулалгүй, чиг үүрэг нь тодорхойгүй, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн схемийг батлуулснаар хуулиар олгогдсон үндсэн чиг үүргийг гажуудуулан үйл ажиллагаанд эрсдэл үүсгэж, хууль тогтоомж зөрчихөд хүргээд байгааг анхаарч, энэхүү алдааг засч, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.