Шадар сайд аа, томуу ЦАР ТАХАЛ-ын хэмжээнд хүрлээ. А.Цогцэцэг сайдыг дахиад загнаач
Хүйтний улирал эхэлж, ханиад томууны дэгдэлт ихэссэнтэй холбогдуулан дүүргийн эмнэлгүүд оргүй болсоор нэлээд хугацаа өнгөрлөө. Улмаар Нийслэлийн хэмжээнд хувийн эмнэлгүүдэд хэвтэх оргүй хүрэлцэхгүй, хүүхдээ тэвэрсэн ээжүүд гэрээсээ гудас авчран хонгилд зулж хэвтэх үзэгдэл энэ жил дахин давтагдаж байна.
Түргэн тусламжийн дуудлага эрс нэмэгдсэн тул яаралтай дуудлагадаа ч амжиж очихгүйд хүрснийг холбогдох мэргэжилтнүүд онцолж буй. Одоогоор Нийслэл дэх улсын эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахын зэрэгцээ өрхийн эмнэлгүүд амралтын өдрөөр ажиллаж байгаа ч ачаалал дээд чигтээ тулчихаад байна.
Яг ийм эгзэгтэй, хүнд үед салбарын сайд нь Улсын онцгой комиссын хуралдааны үеэр Шадар сайд У.Хүрэлсүхэд загнуулах болсон шалтгаанаа хэвлэлүүдэд тайлбарлаж, өөрийнх нь эсрэг нам дотор нь хор гүйж эхэлсэн талаар учирлаж явна.
Тухайлбал, саяхан "Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үеэр А.Цогцэцэг сайд "У.Хүрэлсүх сайдыг цаанаас нь намайг шахаад өг гэж шахалт ч ирсэн байж болзошгүй. ...Б.Бат-Эрдэнэ сайд өмнө нь шийдэгдчихсэн асуудлыг Улсын онцгой комиссын хуралдааны үеэр дахин ярьсанд би их гайхсан. Энэ бол амбицаа өргөх гэсэн хувь хүний санаа, эсвэл өөрийн хүнээ томилгоонд оруулж чадаагүй хүмүүсийн хутгаж байгаа үйлдэл гэж би харж байгаа” гэхчилэн ярьсан юм.
Уг нь Улсын онцгой комисс өнгөрсөн сарын 15-нд болсон. Одоо бараг сарын хугацаа өнгөрчихөөд байна. Мартах болоогүй юм уу гэж асуумаар энэ сэдэвтэй зэрэгцээд томуугийн дэгдэлт гэрлийн хурдаар өсөж буйг Эрүүл мэндийн сайдад сануулууштай. Бөөлжиж, суулгадаг, янз бүрийн шинж тэмдэг бүхий томуугийн шинэ төрлийг эрүүл мэндийн салбар чухам ямар жороор эмчлэхээ ч мэдэхгүй, хүндхэн байдалд байгаа юм. Насанд хүрэгчид далд байдлаар вирусын тээгч болж, хүүхдэд халдааж байгаа нь тогтоогдсон ч мэргэжилтнүүд ахуйн зөвлөгөө өгөхөөс хэтрэхгүй байна.
Харин салбарын сайд нь томуугийн асуудлаар сэтгүүлчдэд "Томуугийн дэлгэрэлтээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч байна. Гэхдээ томуугийн оргил үе болоогүй байна. Нэгдүгээр сарын дундуур томуугийн дэгдэлд оргил үедээ хүрэх судалгаа гарсан. Тэр үед бид ор дэлгэж ажиллуулах уу, урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэх гэсэн асуудлын хүрээнд ярилцаж байна. Цаашид холбогдох ажлууд хийгдээд явна” гэсэн мэдээлэл өгч байгаа нь хачирхалтай. Уг нь одоо ор дэлгэх хэмжээнд хэдийнэ тулчихсан баймаар.
Гэвч одоогийн нөхцөлд байдалд нийцүүлэн НҮБ-ын Хүн амын сангаас 35 мянган хүн тун вакцин авчирч, өнгөрсөн долоо хоногт хийсэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран санамжуудыг гаргасан хийгээд Засгийн газрын хуралдаанаар 0-1 насны хүүхэдтэй ээжид Эрүүл мэндийн даатгалын сангаас лист олгодог болсон зэрэг томоохон ажлууд хийсэн мэдээллийг салбарын сайд нь өгч буй юм.
Томуугийн дэгдэлт энэ чигээрээ үргэлжлээд явахад Эрүүл мэндийн яам нэгдүгээр сард л ор дэлгэнэ гээд сууж байх нь. Гэтэл түүнээс өмнө томуугийн дэгдэлт цар тахлын хэмжээнд тулах эрсдэл үүсээд байгааг салбарын сайд нь эрхбиш гадарлаж баймаар. Энэ асуудал цаашдаа хурцдаж гэмээнэ, Улсын онцгой асуудал болно.
Шадар сайд У.Хүрэлсүх ч тэр. Эрүүл мэндийн сайдаа хоёр машины асуудлаар хэвлэлийнхний өмнө загнаж орхисон. Одоо харин томуу цар тахлын хэмжээнд хүрэхүйц аюултай нөхцөл үүсчихээд байхад чиг үүргийнхээ хүрээнд жинхэнэ утгаар нь сануулга өгөх ёстой ч чимээгүй явах юм.
Далай ламын айлчлалаас үүдэн, урд хөрштэй улстөрийн харилцаа эвгүйдэх дээрээ тулчихаад байхад Шадар сайд У.Хүрэлсүх адууг хилээр амьдаар нь гаргахыг бүрмөсөн хориглох даалгаврыг П.Сэргэлэн сайдад өгсөн нь бас л зоримог алхам байсан. Одоо тэр "зоримог аашаа” дахин үзүүлж, А.Цогцэцэг сайдыг гомдоллож явахын оронд ажлаа хийхийг үүрэгд. Монгол Улс эрсдэлийн өмнө бэлэн байх ёстой. Эх сурвалж: news.mn
Сэтгэгдэл байхгүй байна.