Д.Бямбасүрэн: Монголчуудад мэдлэгээ баялаг болгох бүтээхүйн ухаан хэрэгтэй байна

0

Д.Бямбасүрэн: Монголчуудад мэдлэгээ баялаг болгох бүтээхүйн ухаан хэрэгтэй байна

 


 

ХҮН БАЙХЫН УТГА УЧИР

Үүнийг тайлбарлахад их сонин. Хүн төрөлхтөн энэ хорвоод яах гэж ирсэн, юу хийх ёстой юм бэ гэдэг асуултад янз бүрийн таамаглал гаргадаг. Юутай ч бид байгалийн жамаар энэ хорвоо дээр төрж, хүн төрөлхтөн үүсчээ. Буддын шашны гүн ухаанд хорвоо ертөнцийг бурхан бүтээгээгүй, их хоосноос шүтэн барилдлагын жамаар үүссэн гэж тайлбарладаг. Шүтэн барилдлагын жам гэдгийг хорвоогийн өөрийн хууль, жамаар үүссэн хэмээдэг. Гэтэл мөн л эргэлзээ бий. Зөвхөн дэлхийн орчинд амьдрал үүссэн биш ч юм шиг. Орчин үеийн шинжлэх ухаан нэг л зүйлийг гарцаагүй нотолдог. Тэр нь хүн төрөлхтөн энэ хорвоогийн хувьслын торгон үзүүр юм. Хорвоо гэдэг мөнхөд ийм замаар явж ирээгүй. Хорвоог насаар тоолбол тун саяхан буюу 14-15 тэрбум жилийн өмнө бид энэ орчлонгийн нэг өчүүхэн цэг болсон их тэсрэлтээс цацагдсан биетүүдээс үүдэлтэй. Тэр тэсрэлтийн үр дүнд хорвоод олон эерэг биетүүд, эгэл бөөмсүүд цацагдсан. Эрэг болоод эерэг биет нэг дор байвал гэрэл болж цацардаг. Гэтэл бид гэрэл болж цацрахад өртсөнгүй. Энэ хорвоогийн тэсрэлтийн дараа галактикууд үүсч, нарны систем, дэлхий, дэлхий дээрх амьдрал үүссэн гээд хөгжил хувьслын зам мөрийг шинжлэх ухаанд учралт замнал гэдэг юм. Учралт замнал буюу хорвоо ертөнц үүсэх маш бага магадлалтай байсан. Хүн төрөлхтөн энэ учралт замналаар замнасан нь хөгжих хувьсалын торгон үзүүр. Манай нарны системд хүн төрөлхтөн шиг хөгжингүй, оюун ухаантай амьтад өөр ертөнцөд байхгүй. Энэ бол ерөнхий төсөөлөл. Гэхдээ манай ухаант өвөг дээдсүүд, суутнууд хойч үедээ чи хэн бэ гэдгийг амьдралын туршлага, холч мэргэн ухаанаараа гарцаагүй нотолж, өвлүүлж үлдээсэн байдаг. Үүнийг бид заримдаа төдийлөн анзаарахгүй ч явах үе бий. Эрх чөлөө гэдэг үгийн ард дандаа хариуцлага бий. Зарим хүмүүс дэлхий ертөнц даяаршиж байна, би дэлхийн хүн гэдэг. Мэдээж хүн төрөлхтний эгнээнд хүмүүн төрлийг олж төрсөн болохоор чи дэлхийн хүн байлгүй яахав. Дэлхийн усыг ууж, агаараар нь амьсгалж энэ дэлхий дээр зогсож байгаа учраас чи дэлхийн хүн. Гэхдээ энэ дэлхий дээр долоон тэрбум хүн амьдардаг. Дэлхий дээр 240 гаруй улс орон, 800 гаруй үндэстэн угсаатан бий. Аль ч улс оронд, үндэстэнд тэнэгүүд хангалттай бий. Гэвч ухаантан, эх орончид шижир алт шиг ховор. Тиймээс өөрийгөө дэлхийн хүн гэж зарлахаасаа өмнө эхлээд чи монгол хүн болох ёстой. Монголоо ойлгодог, хайрладаг бол чи бусад үндэстэн угсаатанг ойлгож, хайрлан хүндэтгэнэ. Монголоо хоцрогдсон, ядуу гэж голоод баян газар сайхан амьдарна гэж байгаа бол чи Монголын хүн биш, дэлхийн ч хүн биш. Монгол угсаатан өнө эртний гайхамшигтай түүх, соёлтой улс. Английн түүхч Армод Гоби "Түүхийн ухаарал” номдоо "Монголын соёл иргэншлил бол үгсийн соёл иргэншил” гэсэн байдаг. Эрдэмтэн Лев Гумилёв "Орчин үеийн монгол угсаатан бол өөрөө өөрийнхөө түүхийн үзмэр болсон угсаатан” гэсэн байдаг. Гадаад ертөнц биднийг ингэж л хардаг. Монголчуудын өвлөж ирсэн нүүдэлчид, малчдын соёл иргэншил хүн төрөлхтний ухаарлын түүх юм.

УЛС ҮНДЭСТНИЙ ТҮҮХ МОНГОЛЧУУДААС ЭХЭЛДЭГ

Улс үндэстний түүх монголчуудаас эхэлдэг гэхэд "Монголын түүх хожуу үед ордог биз дээ” хэмээх нь бий. Үүнийг Германы философич Гегель "Хүн төрөлхтний түүх монголчуудаас эхэлнэ. Монголчууд хүн төрөлхтний түүхийг оюун сүнстэй болгосон” хэмээн бичсэн байдаг. Улс гүрнүүд нэг нэгнээ ноёлохын төлөө байлдаж, улс гүрэн үүсч, зарим нь мөхөж байсан. Харин монголчууд хүн төрөлхтний түүхэнд энх амгалан амьдралын төлөө том гүрэн улс байгуулж, төрт ёсны агуу их түүхийг бүтээж өгсөн юм. Хүмүүс дэлхийн хоёр том гүрний дундах түгжигдмэл Монгол орон гэж ярьдгийг би гайхдаг. Монголын гүрэнт улс байгуулагдахаас өмнө Хятад 12 тусдаа улс байсныг нэгтгэж одоогийн Хятадыг бүрэлдүүлсэн юм. Үндсэндээ Хятад улсыг Монгол Улсын бүтээл гэж хэлж болно. Германы нэрт түүхч үүнийг "Чингисийн өв” гэж үнэлсэн байдаг. Мөн ОХУ Уралаас баруун тийш 62 вант улс байхад монголчууд Москвагийн вант улсыг дэмжиж, Орос гүрний суурийг тавьж өгсөн. Тэгэхээр монголчууд өөрсдийнхөө хоёр бүтээлээр битүү хүрээлүүлчихсэн байгаа юм. Улсынхаа хил хязгаарыг урд талдаа Өмнөд Монгол, Ганшу, Шиньжан гэх монгол угсаатны эртний овог аймгуудаар, хойд талдаа Тува, Буриад, Ойрадуудаар хүрээлүүлж байгаа хэрэг. Үүнийг "Өөхөн доторх бөөр, өндгөн доторх шар” гэж хэлдэг юм. Ийм таатай нөхцөлд бид амьдарч байна. Энэ бол монголчуудын тив дамнан энх амгалан аж төрөх суурь гэж хэлж болно.

МОНГОЛЧУУД ХҮН ТӨРӨЛХТӨНД ЮУ ӨГӨВ

Монголчууд хүн төрөлхтөнд юу өгөв гэж ярихын өмнө Генрик Гесс "Нийгмийн байгуулал солигдох болон хоёр иргэншил мөргөлдөхөд хүний зовлон туйлдаа хүрдэг” гэж хэлснийг саная. Монголчуудын туулж ирсэн замыг харахад их сонин. Чингисийн их гүрэн бий болсон. Дараа нь XVII зууны үед тусгаар тогтнолоо алдсан ч монголчууд төрт улсаа гэсэн сэтгэлээ алдаагүй. 200 гаруй жилийн дараа төрт улсаа сэргээсэн юм. XX зууны босгоор бид колони, хараат байдал, хоцрогдмол орны түвшинд алхаж орсон. 1911, 1921 оны хувьсгалаар бид феодалын байгууллаас огт өөр хүн төрөлхтний хийж үзээгүй социалист байгууллын туршилтыг хийж, 1990 онд ардчилсан хувьсгал өрнүүлсэн байдаг. Үндсэндээ нэг зуунд гурван удаа хувьсгал хийж, нийгмийн байгууллаа хоёр удаа сольсон юм. Бид хүмүүнлэг, ардчилсан нийгмийг сонгосон. Социализмаас иргэний нийгэм рүү шилжихийг тэмүүлсэн ганц улс манайх биш. Биднээс өндөр хөгжилтэй Европын орнууд бас энэ нийгэм рүү шилжсэн. Гэхдээ тэд өмнөх нийгмийн байгууллын удирдагчид, дарга нараа шоронд хийж, заримыг нь гудамжинд буудаж байлаа. Харин монголчууд тэгээгүй. Энэ нь XX зуунд хүн төрөлхтөнд монголчуудын ойлгуулж ухааруулсан нэг том ухаарал байсан. Одоо Арабын ертөнц тэр чигээрээ доргиж, цус урсаж байна. Арван жилийн өмнө Сирийн асуудлыг зогсоохоор, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан "Эднийг оролдоод хэрэггүй юм байна. Та нар монголчуудыг хар. Хоцрогдсон, цөөхөн хүн амтай, ядуу гэгдэж байсан энэ улс иргэний нийгмийн байгууллаа үндэсний зөвшилцлөөрөө шийдвэрлэж сольсон” хэмээсэн байдаг. Монголчууд асар их эрсдэл хүлээх зориг тэвчээртэй гэдгээ энэ үед харуулсан юм. Гурван сая хүний гарт энэ нийгмийн жолоо бий. Бид 1990 оноос хойш олж авсан нэг том зүйл бол амьдралаа өөрөө шийдэх эрх чөлөө. Ард түмэн нь төрөө байгуулж хянаад, төр нь ард түмэндээ үйлчилдэг байхыг л ардчилсан нийгэм гэдэг.

МОНГОЛ ХҮНИЙ АМЬДРАЛЫН УТГА УЧИР

Хүмүүс 1990 оны сүүл хүртэл ардчилал гарснаас хойш хэцүү боллоо гэж ярьдаг байсан. Ардчилал хүний гар дээр мөнгө тавьж өгдөггүй. Өөрийнхөө амьдралыг хариуцах эрх чөлөө л өгдөг юм. 1992 онд Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталсан. Бид социализм гэж бичээгүй. Бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоохыг зорино гэж бичсэн байдаг. Хүмүүнлэг нийгмийн гол зорилго нь шударга ёс, хүний эрх, амьдралын үнэ цэнэ, хүний энэрэнгүй үзэл. Энэ бол үндсэн шаардлага нь. Нийгмийн тухай капитализм, социализмын номлол хэдхэн арван жилийн түүхтэй. Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн тэртээ улс гэрээ засаад нийгмээрээ амьдарч ирсэн нь ухаарал. Энэ ухаарлын дүнд монголчууд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг сонгосон. Иргэдийн идэвх зүтгэл, оролцоонд нийгэм тогтоно гэсэн энэ замыг л бид сонгосон. 25 жилийн хугацаанд олсон ололт их бий. Гэхдээ өнөөдрийн Монголын амьдралыг харахад сэтгэл зовоох юм маш их байна.

Бид "Төрийн эрх мэдэл нь ард түмний гарт байна” гэсэн энэ нийгмийг зарлан тунхагласан хэрнээ өнөөдөр олигархи толгойтой хөрөнгөтний нийгэм рүү гулсан орж байна. Өнөөдөр би оюутан сурагчдад улс төр ярья гэж бодоогүй. Гэхдээ улс төр ярихгүйгээр ямар ч хөгжил дэвшил, эрх чөлөөний тухай ярьж болдоггүй юм. УИХ нь төр барих дээд байгууллага гэж Үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл өнөөдөр бид УИХ-ын гишүүдийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг интернэтээс харж болно. Хэдэн хөрөнгөтөн, баячууд гарч байна вэ. Гэтэл сүүлийн арван жилд Монгол Улс өрөндөө баригдлаа. Монголын өр 22 тэрбум долларт хүрсэн. Энэ бол Монголын иргэн бүр 7000 долларын өртэй боллоо гэсэн үг.

Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа монголчуудад "Үхэвч үл хагацах үйлийн үр, Үгүйрэвч үл барагдах өр төлбөр, Үзэвч үл салах олон санаа, Өтлөвч үл орхих муу авьяас” гэх дөрвөн зовлон байна гэж хэлсэн. Энэ дөрөв хүн төрөлхтөнд байдаг зүйл. Гэхдээ ноён хутагт монголчуудыг үүнээс болгоомжлохыг захисан. Гэтэл ардчиллаараа бахархдаг Монгол орон дэлхийн гуйлгачин болоод гаднаас зээл тусламж гуйж, өр төлбөрөө төлөхийн төлөө зүтгэж байна. Ийм байж таарахгүй. Эдийн засаг маань ужиг хямралд орлоо. 2006 онд Монголын эдийн засаг түүхэнд анх удаа дотоод нөөцөөрөө өөрийгөө сэргээх чадвартай болж, төсөв нь, гадаад худалдаа нь, төгрөгийн баланс нь тэнцвэржсэн. Тэр үед манай эх баригчид шамшигдуулаад, эдийн засгаа хямраачихсан. Улс орны минь эдийн засаг хямарч, дампуурлын ирмэгт очлоо гэж зарлаж байна. Энэ бол өнөөдөр монголчуудын бодох ёстой асуудал. Хүн төрөлхтөнд, аль ч улс оронд, аль ч үеийнхэнд дэвссэн хивс, тавагласан хоол заяадаггүй юм. Цаг үе бүхэнд өөрийнхөө тулгарсан бэрхшээлийг давж амьдралын замыг залгадаг. Өнөөдөр залуучууд, идэр насныхан та нарын шийдэх асуудал энэ. Энэ асуудлыг шийдэх нь өнөөдрийн монголчуудын хариуцлага. Энэ бол монгол хүний амьдралын утга учир.

МОНГОЛ ОРОН ХӨГЖИХ ЁСТОЙ, ХӨГЖИЖ ЧАДНА

Хүний тоогоороо бид дэлхийн хүн амын гурван мянганы нэг хувийг л эзэлнэ. Газар нутаг нь дэлхийн 1.3 хувьтай тэнцүү. Дэлхийд нэг хүнд ноогдох байгалийн баялгийн хэмжээгээр Монгол шиг баян улс байхгүй. Зарим баялгаараа үнэмлэхүй хэмжээнд бий. Бид баялаг ихтэй, хөгжих чадвартай. Хөгжих ч хэрэгтэй.

Хөгжлийн замд гарахын тулд хэд хэдэн том зүйлийг шийдэх ёстой. Английн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер 1993 онд Оксфордын их сургуульд лекц уншихдаа "Ардчилал, зах зээлийн нийгэм бол хөгжлийн зайлшүй нөхцөл. Гэхдээ хангалттай биш” гэж хэлсэн байдаг. Бид ардчиллын тогтолцоонд шилжлээ. Зах зээлийн өрсөлдөөнд өрсөлдөх боллоо гэж ярьж байна. Энэ бол биднийг шууд хөгжилд хүргэхгүй. Хөгжил гэдэг бол огт өөр зүйл. Бид хөгжил гэхээр баяжих, өсөх, үржихтэй холиод байх шиг санагддаг. Гэтэл энэ гурав гурвуулаа өөр ойлголт. Хорвоо дээр амьдрал үүссэнээс эхлээд хүн төрөлхтний амьдрал оюун ухаант, ухамсрын түвшинд хүрэхдээ хөгжлийн замыг туулсан. Хөгжил гэдэг нь төгөлдөржих гэсэн үг. Хүн төрөлхтөн хөгжлийг оюуны бүтээх чадвар гэж ойлгодог. Бидний эдэлж, хэрэглэж буй бүхэн гайхамшиг. Энэ бүхэн хүний оюун ухаанаар бүтсэн. Байгалийн түмэн бодисыг хүний оюун ухаанаар зохицуулж энэ бүхнийг бүтээдэг. Хөгжил гэдэг бол оюунаараа бүтээх чадвар. Хөдөлмөрлөж, хөгжлийг бүтээнэ гэдэг нь ч үнэн. Гэхдээ нэг зүйлийг бодох хэрэгтэй. Хятадын тариачид хэдэн мянган жил нуруугаа бөхийтөл газар ухдаг байсан. Тэгвэл 1970-аад оноос хойш Хятад улс технологийн бодлого явуулснаар 40-өөдхөн жилийн дотор дэлхийн хамгийн хүчирхэг орны нэг болж чадлаа. Бид таньж, мэдэхийн ухаанаар дэлхийд дээгүүрт орно. Гэхдээ мэдлэгээ бүтээл, баялаг болгох бүтээхүйн ухаан дутмаг байна. Монголд бүтээхүйн ухаантай хүмүүс бий. Тухайлбал, манай нутагт Чойжил гээд өвгөн байсан. Дөрөвдүгээр ангийн боловсролтой. Дандаа төмрийн хог түүж явдаг хүн байлаа. Төмрөө нүдсээр байгаад машин хийгээд уначихсан. Телевиз хөдөө суманд гардаггүй байхад уулын орой дээр гөлмөн төмөр нүдсээр байгаад сүлжээ дамжуулагч хийгээд гэртээ зурагт үзээд суудаг байсан. Энэ бол төрөлхтний бүтээхүйн ухаан. Мөн 1980 оны үед Хөвсгөл аймагт Нямдаваа гэдэг хүн нисэх онгоц хийгээд унаж байлаа. Хэрэв тэр хүнийг дэмжсэн бол өнөөдөр Монгол Улс онгоцны үйлдвэртэй байх байсан. Тэгэхээр энэ бүтээхүйн ухаан технологийн сан, зохион бүтээхийн сан гэсэн хоёр зүйлээр л яригдана. Хорвоогийн шилдэг технологийг судалж, олон түмэндээ түгээх хэрэгтэй. Харин манайд технологийн сан байхгүй. Технологийн сантай болно гэдэг улс орны хувьд маш үнэтэй зүйл. Зохион бүтээх, технологи боловсруулах арга бий болсон цагт Ардчилал, өрсөлдөөн хоёр үр өгөөжөө өгч Монгол Улс хөгжинө.

Монгол Улс дэлхийгээс ангид байж чадахгүй. Дэлхий өнөөдөр тэр чигээрээ донсолж байна. Донслохдоо орчин үеийн хүн төрөлхтний амьдрал сууриараа донсолж байна. 1924 онд Оросын залуухан эрдэмтэн "Хүн төрөлхтөн техникийн, Европын соёл иргэншлээ орхиж, оюун ухаанаараа дэлхийтэйгээ цуг хөгжих цаг ирнэ. Үүнийг оюун бодлын соёл иргэншил гэнэ” хэмээжээ. Монгол оронд хөгжлийн ирээдүй бий.

Бид хэн бэ гэдгээ таньж байж яаж амьдрах ёстойгоо мэднэ. Сүүлийн арван жилд бидний үзэл өөрчлөгдөж, Монгол гэхээсээ илүү мөнгө шүтэх үзэл бий болжээ. Энэ л Монголыг алж байгаа юм шүү дээ. Албан тушаалын захад хүрээд авлига, хээл хахуульд орооцолдож байгаа хүн олон байна. Үүнээс бид салах ёстой. Залуу үеийнхэн та бүхэнд өвөг дээдэс тань баатарлаг гавьяа байгуулж, одоогийн Монгол орныг Монгол чигээр нь хүлээлгэн өгч байна. Та нар эзэн нь бай. Бид монгол заяагаа тээж, монгол угсаатныхаа соёлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэхийн төлөө төрсөн хүмүүс. Хүндрэл бэрхшээл тохиолдоно. Үүнийг оюун ухаан, эв нэгдлээрээ, сайн сайханд тэмүүлсэн тэмүүллээр даван туулаарай.

Өдрийн сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.