ОХУ Бан Ги Мүнд талархахаас татгалзжээ
НҮБ-ын дараагийн ерөнхий нарийн бичгийн дарга тангараг өргөөд хоёр хоног өнгөрсөн байна. Түүнд одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энэ жилийн сүүлийн өдөр албан тушаалаа хүлээлгэж өгнө.
Тиймээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн орон Бан Ги Мүнд хүндлэл үзүүлэхээр түүнтэй уулзжээ. Тэд өнгөрсөн 10 жилийн хугацаанд Баны гаргасан амжилт ололт, ялангуяа ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалж ирсэнд талархал илэрхийлсэн аж.
Гишүүн орнууд Банд зориулан "Эмэгтэйчүүд, залуучууд, ЛГБТ хүмүүсийг сонсож, тэднийг дэмжиж ирсэнд баярлалаа, ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа. Өнөөдөр тэдний дуу хоолой энэ НҮБ-ын индэрт төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт чанга сонсогддог болжээ" гэж бичсэн байна.
Гэвч энэхүү мэдэгдлийг ОХУ эсэргүүцсэн байна. Учир нь, тус улс ижил хүйстний эрхийг хүлээн зөвшөөрдөггүй аж.
Ижил хүйстэн байх нь дэлхийн 73 оронд гэмт хэрэгт тооцогддог. Тиймээс НҮБ-д ижил хүйстний эрхийн асуудал халуун маргаан дагуулсаар иржээ.
Бан Ги Мүн лесби, гей, бисексуал, трансжендер хүмүүсийн тэгш эрхийг олон жилийн турш өмгөөлж ирсэн ч Африк, Араб, Исламын шашинтай орнууд болон ОХУ, БНХАУ-ын эсэргүүцэлтэй тулгардаг байжээ.
2014 онд Бан НҮБ ижил хүйстэн ажилчдаа гэрлэхийг зөвшөөрөх талаар хэлсэн. Гэвч Саудын Араб, Хятад, Иран, Энэтхэг, Египет, Пакистан, Сири зэрэг 43 улсын дэмжлэгтэйгээр ОХУ энэхүү саналыг эсэргүүцэж чадсан юм.
Түүнээс гадна өнгөрсөн хоёрдугаар сард НҮБ-ын гаргасан ЛГБТ хүмүүсийн тэгш эрхийг дэмжих маркийг Африк, Исламын шашинтай орнууд нийлсэн 79 орон эсэргүүцэж болиулжээ.
Эх сурвалж: The Guardian