С.Баярцогт “Оюу толгой”-н гэрээнээс 9.2 сая ам.доллар халаасалсан
Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос С.Баярцогтын оффшор дансны талаар мэдээлэл хийлээ.
Тус холбооноос С.Баярцогтын оффшор дансын асуудлаар 2015 оны арванхоёрдугаар сард шаардлагатай бүх материалыг нотлох баримтын хамт гаргаж, олон улсын шүүхэд ханджээ. Уг хүсэлтийн дагуу энэ оны зургадугаар сард Швецарь улсын холбооны улсын шүүхээс С.Баярцогтод эрүүгийн хуулийн 305 дугаар зүйл, мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Энэ талаар тус холбооны дэд тэргүүн Ц.Туяацэцэг "Өнөөдөр бид С.Баярцогтын оффшор дансан дахь мөнгөний бодит үнэнг Монголын ард түмэнд хүргэнэ. 2013 оны дөрөвдүгээр сарын 6-нд эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерцумаас С.Баярцогт нь кредит банкинд 1 сая ам.доллартай, оффшор бүсэд компани байгуулсан тухай мэдээлсэн. Дараа нь С.Баярцогт мэдээлэл хийгээд үүнийгээ хүлээн зөвшөөрч 3 сая хүрэхгүй мөнгө дансанд нь байгаа тухай хэлсэн. Улмаар тухайн үед манай холбооноос эрүүгийн цагдаагийн газарт С.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлт гаргасан. Гэвч хүсэлтийг харъяаллын дагуу АТГ-д шилжүүлсэн. Тус газраас 2013 оны зургадугаар сарын 17-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломжгүй гэсэн. Иймд бид олон улсын шүүхэд хандсан. Швецарийн шүүхээс төлөөллөө явуулах хүсэлт ирүүлсний дагуу миний бие уг улсад ажлаад ирлээ” хэмээв.
С.Баярцогтын дансанд одоогийн байдлаар 2009 оны аравдугаар сарын 27-нд шилжин орсон 9.2 сая ам.доллар байршиж буйг хуралд оролцогчид мэдээллээ. Улмаар Швецарийн "Swiss Kredit” банкнаас уг мөнгөний эх сурвалжаа батлахыг шаардаж, албан бичиг явуулжээ.
Уг мөнгөний талаар хуульч М.Туяацэцэг "2009 оны аравдугаар сарын 26-нд Оюу толгойн гэрээг үзэглэсэн. Харин дээрхи мөнгө С.Баярцогтын дансанд тухайн оны аравдугаар сарын 27-нд шилжин орсон байна. Бид анхнаасаа гомдол гаргахдаа "Оюу толгой”-н гэрээнээс гаралтай мөнгө гэдгийг гомдолдоо дурьдсан. С.Баярцогт тухайн үед сангийн сайд байсан. Тэгэхээр "Оюу толгой”-н гэрээг байгуулаад 9.2 сая ам.доллар халаасласан гэдэг хардлага төрж байна” хэмээн ярилаа.
Оффшорын эсрэг хууль УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна. Энэ хэрэг эцэслэн шийдэгдэх хүртэл оффшорын хуулийг хэлэлцэх ёсгүй гэдэг шаардлагыг хуралд оролцогчид УИХ-д хүргүүлж буйгаа онцоллоо.
Г.Тэгшсүрэн
Сэтгэгдэл байхгүй байна.