Г.БАТЦЭНГЭЛ: “ШИНХУА”, “СҮМИТОМО”, “ЭНЕРЖИ РЕСУРС” ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭРЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
Таван толгойн хэлэлцээр хэрхэн үргэлжлэх, ажлын хэсгийн түвшинд ямар тохироо хийгдсэн талаарх мэдээлэл олны анхааралд байна. Хэлэлцээрт Таван толгойн өмнөх тендерт ялсан Японы "Сүмитомо”, Хятадын "Шинхуа”, Монголын "Энержи ресурс” компаниуд консорциум болж оролцох эсэх дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байгаа юм. "Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй энэ сэдвээр ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гаргасан танай компанийн мэдэгдлээс Засгийн газрын Таван толгойн ажлын хэсгээс консорциумтай яриа хэлэлцээр үргэлжлүүлэхээр боллоо гэж ойлгосон...?
-Тийм ээ. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгээс өнгөрсөн пүрэв гарагт консорциумд албан ёсны захидал ирүүлсэн. Нээлттэй хувьцаат компанийн хувьд олон нийт, хөрөнгө оруулагчдадаа мэдээллийг цаг хугацаанд нь түгээх ёстой учраас тухайн өдрийнх нь орой энэ талаар мэдээлсэн юм. Таван толгойн өмнөх тендерт шалгарсан "Энержи ресурс”, БНХАУ-ын "Шинхуа” групп болон Японы "Сүмитомо” корпорацийн хамтарсан консорциумтай Засгийн газрын шинээр байгуулагдсан ажлын хэсэг яриа хэлэлцээрээ хийгээд, Тавантолгойн төслийг үргэлжлүүлэх юм байна гэсэн утгатай мэдэгдэл байгаа.
-Шинэ ажлын хэсэг эхний өдрөө "Шинхуа” группийн удирдлагуудтай уулзсан нь "Ганцхан Шинхуад Таван толгойг өгөх нь” гэх хар дагуулсан. Тэгэхээр "Шинхуа” ганцаараа биш гурван орны консорциум бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцээрт ороод явна гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Консорциумын бүтэц анхнаасаа ойлгомжтой байсан. Тэр хэвээрээ байгаа. Монголын талаас "Энержи ресурс”, Хятадын талаас "Шинхуа” групп, Монголын нүүрсийг гуравдагч зах зээлд гаргах үүднээс Японы "Сүмитомо” корпораци хамтарсан. Энэ бүрэлдэхүүнээрээ л Засгийн газрын ажлын хэсэгтэй яриа хэлэлцээрээ үргэлжлүүлээд явна.
-Таван толгойн хэлэлцээрийг үргэлжлүүлэхтэй холбоотойгоор гаргасан Ерөнхий сайдын удирдамжид өмнөх гэрээний нөхцөлүүдийг сайжруулна гэж онцолсон харагдсан. Чухам ямар сайжруулалт хийгдэх тал дээр тодорхой мэдээлэл байна уу?
-Ерөнхий сайдын удирдамжид төслийн компанид Монголын талын хувь эзэмшил доод тал нь 51 хувьтай байна, төмөр замын 51 хувьд Монголын төрийн өмчит МТЗ компани оролцоно, олборлосон нүүрсийг зөвхөн Монголдоо боловсруулсны дараа экспортолно, төслийн боломжит бүх л үе шатанд дотоодын туслан гүйцэтгэгчдийг олноор оролцуулах ёстой гэсэн нөхцөлүүдийг маш тодорхой зааж өгснийг харсан байх. Гэрээ маш олон зүйл, заалтаас бүрддэг. Засгийн газрын тусгайлсан саналуудыг бид хүлээж аваад, консорциум дотроо ярилцаж, аль боломжтой байдлаар саналуудаа тусгаад явах бодолтой байгаа. Тодорхой өөрчлөлт гэвэл жишээ нь, төмөр замын бүтээн байгуулалт дээр Монголын төрийн өмчит МТЗ компани 51 хувийг эзэмшинэ, үлдсэн 49 хувь дээр "Шинхуа” групп оролцоод явна гэсэн өөрчлөлтүүд орсон байна лээ. Гэх мэтчилэн шинэчилсэн нөхцөлүүдийг хүлээж авах бүрэн боломжтой гэж харж байгаа. Ажлын хэсгээс ирүүлсэн захидалд дурдсанаар бол арванхоёрдугаар сарын 21-нээс хэлэлцээр албан ёсоор эхэлнэ. Тэгэхээр хэлэлцээрийн үр дүнг Засгийн газар, ажлын хэсгээс тухай бүрт нь мэдээлээд явах байх.
-"Шинхуа” группийн хувьд гол зах зээл БНХАУ-д тээвэрлэлтийн сүлжээ эзэмшдэг бол "Сүмитомо” Таван толгойн нүүрсийг гуравдагч зах зээлд гаргахад чухал үүрэгтэй. Энэ стратегийн давуу талууд ашиглагдах хэвээрээ юу?
-Консорциумын санал анхнаасаа маш тодорхой байсан. Ерөөсөө Монгол Улсын Засгийн газраас тавьсан шаардлагад нийцүүлж л саналаа тавьж байсан. Энэ стратегийн давуу талууд мэдээж хадгалагдана. Тухайлбал, нийт бүтээгдэхүүний 75 хувийг Хятадын зах зээлд, үлдсэн 25 хувийг далайн чанадын зах зээл, тэр дундаа Япон, Солонгос, Энэтхэг гэх мэт улсад борлуулна гэдгийг саналд тодорхой заасан.
-Ерөнхий сайдын удирдамжид Таван толгойн нүүрсийг зайлшгүй дотооддоо боловсруулж байж экспортолно гэж заасан. Таны хувьд үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Нүүрсний томоохон төслийг хөдөлгөхөд, ялангуяа Таван толгойн ордын хувьд хоёр зүйл маш чухал. Эхнийх нь мэдээж экспортын төмөр зам, дэд бүтэц. Төмөр замтай болчихвол Монголдоо нүүрс тээвэрлэхээс гадна далайн боомтын зах зээлд хүрэх боломж нээгдэнэ. Дараагийн анхаарах асуудал бол мэдээж олон улсын зах зээлийн эцсийн хэрэглэгчдэд хүрэхийн тулд нүүрсийг түүхийгээр нь биш боловсруулж экспортлох. Дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортолсноор экспортын орлого нэмэгдэх давуу талтай. Уул уурхай, геологийн талаасаа ч ордын нөөцийг бүтнээр нь ашиглах, сорчлохгүй байх гэсэн хуулийн заалттай бүрэн нийцэж байгаа. Ийм учраас нүүрсийг дотооддоо бүрэн боловсруулж, экспортлох чиг баримжаатай ажиллана. Шаардагдах хөрөнгө оруулалтуудаа ч хийгээд явна. Бидний хувьд Монголдоо баяжуулсан нүүрс экспортлогч ганц компани учраас хуримтлуулсан туршлага, технологийн давуу тал хангалттай бий. Одоо байгаа үйлдвэр маань жилд 15 сая тонн түүхий нүүрс боловсруулах чадалтай. Төслийн хүрээнд хүчин чадлыг нь 30 сая тонн хүртэл нэмэгдүүлж, өргөтгөл хийхээр төлөвлөсөн. Ингэснээр Таван толгойн ордыг эдийн засгийн бүрэн эргэлтэд оруулахад маш чухал ажил болно. Өнөөдрийнх шиг орд газрынхаа нөөцийг сорчлоод, зөвхөн хамгийн сайн чанарын нүүрсийг түүхийгээр нь олборлож гаргаад байвал ердөө 5-6 жилийн дараа Таван толгой ордын үнэ цэнэ тэг болоод дуусна. Ордыг сорчлох нь ямар аюултайг уул уурхайн мэргэжлийн хүмүүс андахгүй. Өнөө, маргаашдаа ашиг өгч байгаа мэт харагдах ч тухайн орд газрыг олон арван жил ашиглана, нөөц нь бүрэн ашиглагдах ёстой гэдэг талаас харвал маш аюултай. Канад, Австралийн бодлогыг харах хэрэгтэй. Австрали улс бүх нүүрсээ баяжуулж гаргадаг.
-Таван толгой төсөлд зөвхөн консорцуимаас гадна дотоодын аж ахуйн нэгжүүдийг түлхүү татан оролцуулна гэж Ц.Дашдорж сайд мэдэгдсэн. Оролцооны түвшин, нөхцөл тодорхой болсон юм болов уу?
-Дотоодын аж ахуйн нэгжүүдээс янз бүрийн түвшинд хэлэлцээрийн саналыг авсан байх. Гэхдээ бидний ойлгосноор, бүх компани туслан гүйцэтгэгч хэлбэрээр оролцъё гэсэн байдлаар сонирхлоо илэрхийлсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, консорциум эрсдэлээ үүрнэ, хөрөнгө оруулалтаа татна, үйл ажиллагааг зангидаж удирдана гэсэн үг. Гэхдээ энэ ажлыг ганцаараа хийнэ гэж байхгүй, монголчууд, Монголын аж ахуйн нэгжүүд бүгдээрээ л нийлээд хийнэ. Ямар оролцоотой байна гэдгээрээ л ялгаатай болохоос биш Таван толгой монголчуудын л төсөл шүү дээ.
Жишээ нь 2008 оноос хойш манай компани Ухаа худагийн төслийг хэрэгжүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар Ухаа худагт ажиллаж байгаа бүх боловсон хүчин 100 хувь монголчууд. Нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, усан хангамж, уурхай, уурхайн төлөвлөлт, геологи, тээвэрлэлт зэрэг бүх ажлыг монголчууд 100 хувь өөрсдөө хийгээд явж байна. Дээр нь сүүлийн зургаан жилд бид давхардсан тоогоор 3000 гаруй дотоодын аж ахуйн нэгжтэй хамтарч ажилласан байдаг. Ханган нийлүүлэлт, гэрээт гүйцэтгэгч, уурхайн тэсэлгээний ажил, өрөмдлөг гээд бүх л ажил дээр 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компаниудтай хамтарч ажиллаж байна. Гэх мэтээр эдийн засгийн цар хүрээгээрээ монгол компаниудаа татаж оролцуулдаг, тэдэнтэйгээ хамт хөгждөг зарчмаа цааш нь үргэлжлүүлээд л явна. Ингэснээрээ монголчууд ажилтай орлоготой, монгол компаниуд бүтээн байгуулалтад оролцоод явна гэж харж байна.
-Цаг хугацааны хувьд нүүрсний үнэ боломжийн сэргэсэн энэ "цонх”-ыг ашиглаж Таван толгой төслийг хөдөлгөх нь зөв гэсэн судлаачдын байр суурьтай та санал нэг байна уу?
-Мэдээж санал нэг байна. Үнэ нэг хэсэг өссөн ч одоо Австралийн далайн боомтууд дээр дахиад буугаад эхэлчихлээ. Би өмнө нь ч хэлж байсан, Цагаан сар хүртэл нүүрсний үнийн өсөлт үргэлжилж магадгүй, түүнээс хойш бол эргээд буурах байх гэж. Иймээс хүлээлт бол нүүрсний салбарын хувьд тийм амар биш. Гэхдээ шаардлагатай бүтээн байгуулалтаа хийгээд, тээвэрлэлт ложистикийн асуудлаа шийдээд, нэг "цонх”-ны бодлогын хүрээнд зангидвал Монголын нүүрс урт хугацаандаа өрсөлдөх чадвартай явах бүрэн боломжтой.
Сэтгэгдэл байхгүй байна.