Тавантолгойд гологдсон “Энержи ресурс”, “Сүмитомо” хоёр эргэн ирэв
Удаан жил ярьж байгаа ч, эргэлтэд орж өгдөггүй төслүүдээ эхлүүлэх нь хүндрэлийг давах гарц гэсэн үгсийг эрх баригчид хэлсэн. Тэдгээрийн эхэнд мэдээж Тавантолгой бичигдэнэ. Сая Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад албан ёсны айлчлал хийх үеэр Монголын "Энержи ресурс” компани Японы "Сүмитомо” компанитай нүүрсний борлуулалт болон маркетингийн хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Тэгснээр Тавантолгойн нүүрс зөвхөн урд хөрш рүү хүрэхгүй, Японы зах зээл рүү нэвтрэх нь гэгдэж буй. Гэхдээ хэрэг дээрээ бол гуравдагч хөрш рүү нүүрсээ гаргах тухай сэдэв мөнхийн болтлоо яригдаж ирсэн гэдгийг тодотгоё.
За тэгээд хамтран ажиллахаар болоод буй "Энержи ресурс”, "Сүмитомо” нь өмнөх засгийн үед зарласан Тавантолгойн тендерт ялагчаар шалгарч байсныг эрхэм та санаж байгаа байх. "Энержи ресурс”-ийн тухайд өрөө төлж чадахгүй хүндхэн байдалд орлоо гэгдэж байсан ч, нөгөө талтайгаа тохироо хийж асуудлаа шийдсэн гэгдэж байгаа. Ер нь бол Энержи ресурсын тухайд аль ч засгийн үед тал алддаггүй нэг тийм онцлогтой. Тэр жишиг энэ цаг үед ч давтагдах нь тодорхой байна.
Япончуудын хувьд ч өмнө нь Тавантолгой дээр орж ирж л байсан. Гэвч буцаагаад л явуулж байсан даа. Эрхэм та санаж байвал, зургаан жилийн өмнө Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжид "Тавантолгой ордыг хамтран ашиглах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгохдоо юуны түрүүнд улс орны хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэх, улс төр, эдийн засгийн тэнцвэртэй харилцааг бэхжүүлэх хувилбарыг” гаргахыг уг үндэс болгож байв. Харин яг тэр он цагт ОХУ-ын "Төмөр замуудын нэгдэл” тэргүүтэй оролцогчид тендерийн Хураангуй жагсаалтад үлдсэн. Тэгэхдээ тэд "ах”-ын санааг ямагт гаргаж ирсэн нь Солонгосын компанитай хамтрал болж, тэднээр мөнгө босгуулан Тавантолгой зэрэг ордуудын үүц баялгийг үнэ цэнэд хүргэх төмөр замын сүлжээний тэн хагаст эзэн суух гэсэн ашиг сонирхлоо тээж ирсэн юм. Тэгвэл Оросуудыг тийм бодолтой байхад Өмнөд хөршийн өнөөх "Шинхуа” Америкийн "Пибоди”-той нийлэх асуудал яригдаж байсан ч, Японы "Мицуи”-г аюулгүй гэж үзсэн үү, яасан. Ямартай ч эвссэн.
Тэгсэн нэг жилийн дараа, Монгол наадам болохоос өмнөхөн Тавантолгойн 40 хувийг Хятад, 24 хувийг Америк, 18 хувийг Орос, 18 хувийг Монголд тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ гэх мэдээлэл гадны дотны хэвлэлүүдээр гараад эхэлсэн. Яг тэр үед Солонгос, Японууд "бидний голлоо” хэмээн гомдоллож байсныг санаж байна, би. Тэгсэн өнгөрсөн засгийн үед "Сумитомо” Японыг төлөөлж, Тавантолгойн хөрөнгө оруулагчдын хэлэлцээ үр дүнд хүрсэн гэгдэж байсан ч, бас л түүнийг явуулсан юм.
Тэгэхээр Тавантолгойд гологдсон хоёр компани энэ засгийн үед эргэн ирж байх шиг байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл байхгүй байна.