БИ НАМД ЭЛСМЭЭР БАЙНА
Тийм ээ, би намд элсмээр байна. Аль нь ч хамаагүй, аварч өршөөх, амьдралд хүргэх аль нэг намд элсмээр байна. Жив жирийн хэнд ч хэрэггүй, нам бус нэгэн байж залхлаа. Аль нэгэн намд л бушуухан элсэх минь. Аль нэгэн бүлэглэлд багтаж, улс төрийн эдийн засгийн хүрдэн дунд эргэлдэж, тогоонд нь чанагдаж, тоосонд нь булагдаж нийгмийн идэвхтэй гишүүн байхыг хүсч байна, би. Би намын үнэнч гишүүн, улаан фонат байж чадна. Нам бус байх нь үнэндээ айхавтар хүнд юм. Намд элсээд мөрөөрөө нэг хүн шиг амьдрахыг би хүснэ. Чөлөөт электрон байхаас залхаж, улс төр, эдийн засгийн аль нэг бүлэглэлд багтмаар байна. Хорьдугаар зууны дундуур нэгдэлд элсэхгүй байх нь хүнд байсан бол хорин нэгдүгээр зуунд намд элсэхгүйгээр амьдарч болохооргүй болж.
Намын гишүүд л амьдралд хүрдэг юм бол би намд элсье. Төлбөрт нь би цагаа заваа, хүчээ, сэтгэл зүрхээ намдаа өгье, сүнсээ худалдъя. Хувь заяагаа би намдаа даатгахад бэлэн байна. Намайг намдаа элсүүлж, амьдрах боломж хайрлаач. Эгэл нэгэн байж хархны замаар амьдарч цөхөрлөө, жирийн нэгэн эгэл бор биш, намын жинхэнэ, идэвхтэн өнгөтөн гишүүн болж цэнгэлийн манлайд хүрэхийг би хүснэ. Надад амжиргааны шатлалаар өгсөхөд жирийн биш хөрвийн арга хэрэгтэй байна. Дээрээсээ крандуулж, татуулж, доороосоо данхраадуулж түлхүүлж амьдралд хүрэхийг би хүснэ. Төлбөрт нь, хий гэснийг тань юу ч байсан хийе, хамаагүй. Амьдралаас би бартаатай зүдэргээтэй замыг биш, түргэвчилсэн цахилгаанчилсэн замыг сонгож, амьдралыг дороос нь биш дээрээс нь харж, амьдралыг үүдээр нь бус тооноор нь орж тольдмоор байна.
Би намын гишүүн байж чадна. Намын шугамаар би тэр гааль дээр чинь ч хамаагүй очъё. Очсон газрынхаа ажлыг жигдрүүлж, өөд нь татаж, давхар намдаа хандив цуглуулж тушааж би чадна. Дампуурч байгаа аль нэг банкинд үүрэг гүйцэтгэгчээр, бүрэн эрхт төлөөлөгчөөр, чагнуур, хутгуур, туршуулаар юугаар ч бай хамаагүй очиж ажиллахад бэлэн. Очсон газраасаа шороо атгаж, ойчоод босохдоо мөнгө босгож төрөлх намаа тэтгэхээ би мэднэ, үүргээ гэж ухамсарлана. Чимэдцэрэн шиг гэнэдэхгүй, Баатар шиг баригдахгүй, бусад шиг бурантаглахгүй, идэхээ идэж, хандивлахаа хандивлаж чадна би.
Надад итгээч би тэгж чадна. Эхлээд мэдээж чадахгүй байж магадгүй л дээ. Гэхдээ надад сэтгэл байна, сэтгэл ч бас биш юмаа амьдралын хатуу үнэн, амьдралын эрхээр шаардлага тулгарч байна. Туршлагажаад, ажилдаа суралцаж дадлагажаад, хэрхэн яаж эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй, намын даалгавраар намдаа ч ашигтай, түмэн олонд ч тустай, өөртөө ч олзтой, хонь бүрэн юм шиг чоно цатгалан байлгах алтан дунджийг олж чадна. Мэдээж надад зөвлөх сургагч өгнө биз дээ. Сургагчийнхаа сургасныг үг дуугүй сурч, зөвлөгөөг нь ширхэгчлэн биелүүлж, намын даалгаврыг нэр төртэйгөөр давуулан биелүүлэхээ батлан илэрхийлье. Надад хүний тоонд багтах боломж олгооч.
Би хүний өөдөөс харж байгаад нүүр улайхгүйгээр худлаа хэлж чадна. Та нарын хэл, ярь гэсэн бүхнийг хэлж, намын амлалтуудыг өдөр шөнөгүй сурталчилж, Эх орны хишиг, Эрдэнийн хувийг аваагүй мөртлөө авсан юм шиг болтол нь итгүүлж үнэмшүүлж, ятгаж чадна би.
Чи англи хэл мэдэхгүй гэж үү? Сургачихгүй юу? Англи, Америк гэж даврахгүй ээ. Сингапур ч юм уу, Малайз руу сургалтанд явуулж сургаад бэлдээд авчих, намайг. Энхрий хайрт намынхаа төлөө, англи байтугай америк, австрали хэлийг ч сурахад би бэлэн. Миний боловсрол бага гэж үү? Боловсролоо дээшлүүлэх талаар би идэвхтэй ажиллах болноо. Хэрэгтэй гэвэл аль хэрэгтэй мэргэжлийн үнэмлэх бичиг баримт, дипломыг худалдаад ч болсон авчихъя. Аан нээрэн болохгүй юм байна. Энэ аргыг нэг шавар гэрэл цохиулчихсан, хяналт шалгалт ч хүчтэй болоод хэцүү байгаа байх. Намын даалгавраар намайг өндөр хөгжилтэй аль нэг оронд явуулж сайтар бэлтгээч. Би зөвшөөрнө. Намынхаа төлөө өөрийгөө ямар ч хамаагүй хөрөнгөтөн оронд цөлүүлж (гэхдээ тэр нь аль болох их хөрөнгөтэй, өндөр хөгжилтэй байвал сайн), хайрт эх орон, нам засгаасаа хол, гэр бүлээрээ хамтдаа тусгаарлагдаж, намын бэлтгэл хүчин кадр болон бэлтгүүлүүлэхэд би бэлэн. Аль болох урт хугацаагаар байх тусмаа бүр сайн. Урт хугацаагаар бэлтгэгдэх тусам тэр чинээгээр сайтар бэлтгэгдэж тэр хэрээр намдаа ихийг бүтээж хандивлах болно. "Энхийн цагт хөлс сайн гарвал дайны үед цус бага гарна” гэдэгчлэн бэлтгэгдэх хугацаа хичнээн урт байх тусам, намдаа оруулах хувь нэмэр тэр хэрээр өндөр байх болно.
Аль нэг оронд Элчин сайдын яаманд томилогдож ажиллахад би бэлэн шүү. Хүний хүү л хийж чаддаг юм бол би яагаад хийж болохгүй гэж. Тамхи байтугай контрбанд хийж эх орондоо (эх орондоо гэдэг чинь намдаа гэсэн үг шүү дээ) өндөр ашиг оруулах болноо. Үл хөдлөх хөрөнгийн наймаа, диллер хийж, муусайн хөрөнгөтнүүдийн хөрөнгийг ховх сорж, казино мазинод нь ч болов тоглож хожъё доо, энэ чинь. Казино тоглож улсын мөнгийг алдсан урагшгүй зарим нэг этгээд шиг улсаа, намаа арай ч тэгж түмний шившиг, ертөнцийн гутамшиг болгохгүйгээ мэднэ. Гишүүн баян бол нам баян, нам баян бол гишүүн амгалан гэдэг үгийг би яс махандаа шингэтэл ойлгож авсан, өмнөх жишгээр. Хүн нууцаар хил давуулах, баривчилж Монгол руугаа зөөх энэ тэрд ч дайчлагдахад бэлэн шүү. Тэглээ гээд намайг тагнуул туршуул, урвагч, хил зөрчигч гэж нэрлэвэл нэрлэг. Эх орон, нам засаг минь ард минь байхад би юунаас айх билээ.
Ногоон нам, Иргэний Зориг нам мэтийн сонгуульд ганц суудал авдаг, илүү суудал авдаггүй, парламентад одиноороо, хоёрын хооронд жижиг, тэгээд ч ирээдүйгүй муусайн намуудыг би хэлээгүй. Гэхдээ ер нь зарчмын хувьд ямар ч нам байж болно л доо. Монголд хэрвээ байдаг бол Монголын Аль Кайда Нам, эсхүл Авлигачдын Нам (эдгээр нэрийн товчлол аль нэг намын нэрийн товчлолтой ойролцоо байвал тэр намыг хэлж байна гэж бүү эндүүрээрэй, эрх баригч намуудыг муу хэлэх санаа надад өчүүхэн ч байхгүйг бурхан мэднэ, намайг тэгж гүтгэн бодож байгаа бол уучлаарай, та л тэгж бодож байгаагаараа өөрөө буруутай, ямар балиар юм боддог юм бэ?) аль нь ч байх нь хамаагүй, үзэл бодлын зөрүү, аль эсвэл үзэл баримтлалгүй ч байсан надад падгүй, баруун байна уу, зүүн байна уу, төвийн байна уу голын байна уу ялгаагүй, хамгийн чухал нь парламентад суудалтай, шийдвэр гаргах түвшинд нөлөөтэй, ядаж ирэх сонгуулиар ялалт байгуулах өндөр магадлалтай, жирийн гишүүддээ бялуу хуваарилдаг, боорцог тараадаг, мөнгөний эргэлтэд хөл гар дүрээстэй тийм намд би сүнсээ худалдахад бэлэн байна. Амь, амьдралаа би намдаа даатгая, засагтаа тушаая. Аль нам гэдгийг харин хэлж мэдэхгүй байна. Нүүхийг нам мэднэ, буухыг нам мэднэ...
Сэтгэгдэл байхгүй байна.