УИХ-ын дарга М.Энхболд Японд “десант” буулгах уу
УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчдийн гадаадын улс орнуудад хийх айлчлал үргэлжилж, мэдээ мэдээлэл нь ч цаг алдалгүй цахим ертөнцөд нийтлэгдсээр байгаа.
Хамгийн сүүлд л гэхэд Япон улсад айлчлах талаархи асуудал хөндөгдөж эхлээд буй. Тодруулбал, УИХ-ын даргыг Элчин сайд М.Такаока ирэх сард Японд айлчлахыг урьсан юм. Энэ удаагийн айлчлалаар Монгол, Японы стратегийн түншлэлийн дараагийн Дунд хугацааны хөтөлбөрийг эцэслэн тохирох сурагтай. Тэгвэл ирэх сард УИХ-ын даргыг хэн хэн дагалдаж явах нь олны сонирхлыг татаж эхлэв.
М.Энхболд дарга аль ч улсад айлчилсан алзахааргүй олуулаа явдаг. Хэвлэлийн албаных нь мэдээлэлд дурьдсанаар, түүнийг УИХ, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Наранхүү, О.Содбилэг, Г.Тэмүүлэн нарын 10 гаруй хүн дагалдан явдаг нь бараг хэнд ч ойлгомжтой болсон.
Тиймээс Японд ирэх сард айлчлахдаа ч өмнөхтэйгөө ижил "десант” буулгах байх даа. Улсын эдийн засаг хямарч, төсвийн байгууллагынхан цалингаа тавьж чадахгүй, Засгийн газар нь хэмнэлт хэмээн хуруу хумсаа хуйхалж суухад ийм олуулаа онгоц хөлөглөн явах нь ард түмэнд таалагдахгүй л болов уу.