Х.Баянмөнх аварга сургуулиа дампууруулж газрыг нь зарахаар шийдэв үү
Улсын хэмжээнд биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цөөхөн хэдэн сургууль байдгийн нэг нь "Шонхор-Олимп” дээд сургууль. Х.Баянмөнх аваргын үүсгэн байгуулсан энэ сургуулийн захирлаар түүний охин, УИХ-ын гишүүн А.Сүхбат аваргын анхны эхнэр Б.Баясгалан ажилладаг. 26 жилийн түүхтэй энэ сургууль сүүлийн 2 жилд элсэлт авахгүйгээ мэдэгдэж, энэ хичээлийн жилээс үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ. Тамирчин хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн олон хүүхдүүд энэ сургуулийг зорин ирсэн ч цоожтой хаалга угтаж, харин ч энэ сургуулийн төгсөх курсийн 70 гаруй оюутан сургуулиа ч төгсч амжилгүй "гудамжинд гарах” шахжээ. Нэгэнт тамирчин, багш болохоор шийдэж 2-3 жил сурсан эдгээр оюутнууд арга буюу ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг "Мон-Алтиус”, "Аварга”, "Үндэсний биеийн тамирын дээд сургууль” руу орцгоожээ. Ийнхүү ардын итгэлийг хүлээж, боловсон хүчин, чадварлаг тамирчин бэлтгэх хариуцлага үүрсэн дээд сургууль оюутнуудаа ч төгсгөж амжилгүй, яаран үүд хаалгаа барих болсны цаад шалтгаан юу байв...
-Нэг сургууль нь дампуурч байхад хариуцсан яам мэдээгүй-
Энэ сэдвийн мөрөөр бид БСШУС яамны Бодлогын хэрэгжилтийн газраас тодруулга авахаар очиход "Яамны зүгээс үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Манайхаас мэдээлэл авах гэж байгаа бол албан бичиг авсир” хэмээн үл ойшоосон байдалтай хандсан юм. Нэг дээд сургууль нь үйл ажиллагаагаа өөрийн дураар зогсоож, оюутнуудаа тал бүрт тарааж суухад хариуцсан яам ямар ч мэдээлэлгүй сууж байх юм. Аль эсвэл тэд мэдээгүй дүр үзүүлж, ашиг хайгчдийг хаацайлан дураар нь дургиулж байна уу. Ямартай Ж.Батсуурь сайд та шахааныхаа хүмүүст "салбараа судал” гэж хэлээрэй. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга Х.Батсайханаас тодруулахад ""Шонхор-Олимп” дээд сургууль магадлан итгэмжлэгдээгүй. Магадлан итгэмжлэлийн хүсэлт ирүүлээгүй байгууллагын талаарх мэдээлэлийг бид мэдэхгүй” гэв. Оюутнууд нь намар шилжүүлгээ хөөцөлдөхөөр БСШУС яам руу очтол тус сургуульд сурдаг гэсэн ямар ч бүртгэл байгаагүй гэнэ. Бид Шонхор-Олимп дээд сургуулийн оюутнууд хаана сурч байгаа, тэдний эрх ашгийг хэрхэн хамгаалж байгаа талаар Монголын оюутны холбооныхонтой холбогдоход "Тус сургуулийнхантай дөнгөж сая уулзсан, хэвийн ажиллаж байгаа”гэв. Худал мэдээлэл өгсөндп гайхаж МОХ-ны дэд тэргүүн Н.Санчирбаатартай уулзлаа. Тэрбээр "Асуудлыг тодруулахааряам руу албан бичиг явуулах гэж байна. Оюутнуудаас санал гомдол ирсэн юм байхгүй” гэсэн юм.
-Намар сургуульдаа иртэл цоожтой хаалганы цаанаас бичиг баримтыг минь өгсөн –
Цэцэг, хонх, оюутан сурагчдын баяр жаргалаар гоёсон энэ өдөр "Шонхор-олимп” дээд сургуулийн оюутнуудыг дүнсгэр хоосон хичээлийн байр, сургуулийн сахиул хоёроос өөр юм тоссонгүй. Учир байдлыг сургалтын албанаас тодруулахад "Хүүхдүүдийн ирц муу байна, цөөн хүүхдэд хичээл ороход тог цахилгааны мөнгө төгрөгнөөс эхлээд зардал ихтэй тийм болохоор сургуулийн ирц бүрдтэл амарч бай” гээд буцаажээ. Ингээд есдүгээр сарын 5-нд цуглатал "Сургууль цаашид ажиллах боломжгүй тул өөр өөрсдийн хүссэн сургууль руугаа шилжих боломжтой” гэж хэлжээ.
ҮБТДС-ийн 4-р курсийн оюутан Б.Бадмаа: Олон хүүхэд энэ асуудлаас болж төгсөж чадалгүй мал дээр гарсан
-Есдүгээр сарын 1-нд хичээлдээ орох гээд иртэл сургуулийн хаалга цоожтой байсан. Биднийг оруулахгүй цоожтой хаалганы наана цаанаас Б.Сүрэнжав багштай харьцаад л хичээл орох болов уу гэж өдөр бүр ирж эргэлдэж байгаад буцдаг байсан.Гэтэл гэнэт л сургууль цаашдаа ажиллах боломжгүй боллоо. Та нар хүссэн сургуульдаа шилжиж ор гэсэн.
-Багш нар чинь ирсэн үү?
- Үгүй.Тараачихсан юм билээ.
-Та нарыг сургууль чинь энд оруулж өгсөн үү?
-Үгүй.Сургууль бичиг баримтыг минь өгсөн. Бид өөрсдөө сургуулиа сонгож хөөцөлдөж орсон. Есдүгээр сарын 5-нд сургууль ажиллахгүйг мэдээд шилжүүлгээ хөөцөлдөхөөр яаман дээр очтол бидний ямар ч бүртгэл байхгүй. Өөр сургууль дээр очихоор "яаман дээр бүртгэлтэй бол авна” гээд буцаасан. Яам болохоор "Сургуулийнхаа захиралд хэлээд шийдүүл”гэсэн. Энэ талаар сургуулийн захиргаанаас тодруулах гээд ирсэн чинь цоожтой хашааны цаанаас сургалтын менежер "та нарын төлөө цаг наргүй, цалин мөнгөгүй ажиллаж байна” гэж загнаад олигтой ч мэдээлэл өгөөгүй.Бид наана цаана хөөцөлдөж гүйсээр байтал хагас сар хоцорч сургуульдаа орсон.
-Танай ангийнхан бүгд үргэлжлүүлэн сурч чадаж байгаа юу?
-Үгүй ээ.Тэр асуудлаас болж миний мэдэхийн гурав, дөрөвдүгээр курсийн нэлээдхэдэн хүүхэд сургуулиа төгсөж чадалгүй хаяж малчин болсон.Сургалтын төлбөр нь дутуу байсан учраас сургуулиас бичиг баримтыг нь өгөөгүй. Тэгээд л бичиг баримтгүй учраас өөр сургуульд орж чадаагүй, хэдэн жил сурчихаад хаясан даа. Энэ мэтээр сурч байсан хүүхдүүд хохирч үлдсэн. Ихэнх нь хөдөөний хүүхдүүд байдаг учраас нэг их хэл ам хийгээд яваад байдаггүй. Одоо бид нар төрийн сангийн зээлдээ үргэлжлүүлээд хамрагдах гэтэл бас л шилжсэн, яаман дээр бүртгэлгүй байсан гээд л асуудлууд яригдаад шийдэгдэж өгөхгүй л байна.
-Сургууль чинь цаашдаа дахин ажиллах тухай ярьсан уу. Ингэж хаах болсны шалтгааныг тайлбарласан уу
-Бидэнд тэр шалтгаанаа тайлбарласан юм байхгүй. "Та нар цагтаа бүрэн цуглаагүй учраас цөөхөн хүүхэдтэй ажиллахад ус, дулаан гээд алдагдал ихтэй байна” гэсэн. Гэхдээ үүнийг шалтгаан гэж бодохгүй байгаа. Яагаад гэвэл элсүүлж , төлбөрийг нь авсан оюутнуудаа мэргэжилтэн болгоод төгсгөх нь сургуулийн үүрэг гэж бодож байна. Үүргээ мартаж биднийг хохироосон.
ҮБТДС-ийн 4-р курсийн оюутан Э.Батболд: Уг нь ганцхан жил сургаад оюутнуудаа төгсгөчихсөн бол
-Би 2012 онд "Шонхор-Олимп” дээд сургуулийн жүдогийн ангид элсэж орсон. Уг нь энэ жил төгсөх байсан юм. Намар нэлээн оройтож, хөдөөнөөс 10 сар дөхүүлж ирсэн чинь сургууль үүдээ барьчихсан ангийнхан маань тарцгааж, өөр сургууль руу шилжсэн байсан. Хоцорч ирсэн болохоор шалтгааныг нь сайн мэдэж чадаагүй. Сургалтын албаны Даваа гэж багштай утсаар яриад сургуулийн хашааны гаднаас бичиг баримтаа аваад л явсан. Тэгээд ангийнхантайгаа холбогдож байгаад л ихэнх нь энэ сургуульд орсон байсан болохоор нь материалаа бүрдүүлээд элсэж орсон.
Зургаан жилийн өмнөөс үйл ажиллагаагаа зогсоохоор төлөвлөж байжээ
Энэ мэдээллийг Х.Баянмөнх аваргын охин Б.Сүрэнжав бидэнд өглөө. "Энэ гэнэтийн шийдвэр байгаагүй бид үйл ажиллагаагаа зогсоохоор 2010 оноос ярьж эхэлсэн, багш ажилчид оюутнуудад ч энэ мэдээллийг өгч байсан” гэлээ. Чухам яагаад зогсоох болсон, сургууль алдагдалтай байсан уу, чухам юу энэ шийдвэрийг гаргахад нөлөөлөв гэсэн асуултанд минь тэр хариулт өгөх боломжгүй, захирал /Х.Баянмөнх аварга/-аас асууя гэлээ. Тэр хэлэхдээ Х.Баянмөнх аварга маш олон жил бичиж, туурвисан номоо хэвлэлтэнд өгөх гээд тун ч завгүй байгаа учраас энэ талаар ойрын хугацаанд хариулт өгөхөд хэцүү гэлээ. Ингээд сургуулийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр боловсролын яамнаас хамааралгүйгээр цэвэр тус сургуулийн удирдлагуудын шийдвэр болох нь тодорхой боллоо. Харин чухам яагаад гэдэг хариултыг Х.Баянмөнх аварга л хэлэх эрхтэй гэсэн.
Сургуулийн барилгаа яах гэж байгаа бол
"Шонхор-Олимп” дээд сургууль хотын А зэрэглэлийн бүс буюу Спортын төв ордны ард байршилтай. Энэ хавийн газрыг хэсэг хүмүүс хуваагаад өмчлөөд аваад дууссан гэдэг. Сургуулийнхаа байшинг Баянаа аварга чухам юунд ашиглах гэж, яаран сандран оюутнуудаа гаргасан юм бол. Магадгүй боловсролын бизнесээсээ уйдаад шинэ бизнес эхлүүлэхээр яарсан байж болох. Газраа зарах гэж байж мэдэх л юм. Сүүлийн үед хувийн сургуулиуд олширч, боловсролын бизнес үндсэн үүргээ мартаж, ашиг хонжоо хайсан хэдэн хүний гарт ороод байна. Салбарын яам нь хүртэл өөгшүүлэн даврааж, хаацайлан өмгөөлсөөр байгаа нь үнэн. Даварч сурсан хувийн хэвшлийн сургуулиуд дуртай цагтаа хаалгаа барьж, зориод ирсэн хүүхдүүдийг хөөж байна. Ийм байж болох юмуу сайдаа. Баянмөнх аварга аа, бөхийн дэвжээндээ ч, бизнесийн салбартаа ч ёс жудгаа гээхгүй байя.
Н.Мөрөн
Tonshuul.mn