Ц.Баяртсайхан Ерөнхийлөгч өө, гадаад руу “зугаалах”-ын оронд ажлаа хийгээч
МАН 2016 оны сонгуулиар үнэмлэхүй олонх болсныхоо дараа нэн яаралтай Монголбанкы өмнөх Ерөнхийлөгчийг халж, шинээр хүн томилсон. Уг нь Монголбанкны Ерөнхийлөгч 6 жил ажиллаж байж дараагийн хүндээ халаагаа өгөх ёстой. Гэтэл өнгөрсөн хугацаанд ганц л хүнийг эс тооцвол бусад бүх Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө ажлаа өгсөн байдаг. Угтаа Монголбанк улс төрөөс хараат ажиллах ёстой ч тийм байж чадсан хүн гарсангүй. Бүгд л Засгийн газар мөнгө хэвлэ гэвэл хэвлээд, хөтөлбөр хүртэл санхүүжүүлээд л давхиад байгаа. Үндсэндээ улс төрийн томилгооны нэг бай болчихсон. Улстөрчдийн мөнгөний машин болж хувирчихаад байна, Монголбанк.
Одоо ч нэг их өөрчлөгдсөн юм байхгүй. Аргагүй улс орны эдийн засаг хэцүүдэж, мөнгө төгрөг муудсан болохоор алдаатай бодлогуудыг хүчээр хумиахаас өөр арга байхгүй л дээ. Тэр зарчмаар л ажиллаж байна. Гэхдээ түүнийг нь буруу гэхээсээ илүүтэй сайшаах хэрэгтэй. Мэдээж шинэ Ерөнхийлөгч Ц.Баяртсайхан сайшаагууштай цөөнгүй ажил хийж, хэрэгжүүлж байна. Өмнө нь мөнгө хэвлээд Ипотекийн зээлийг шууд санхүүжүүлдэг гажиг тогтолцоо байсныг өөрчилж, эргэн төлөлтөөр орж ирсэн мөнгийг нь буцааж зээлэх маягаар зогсоохгүй авч явж байна. Эрүүлжүүлэх чиглэл рүүгээ ажиллаж байгаа гэсэн үг. Гэхдээ ганц нэг л эерэг үр дүн гарч байгаагаас бусдаар нөхцөл байдал дээрдчихсэн юм алга.
Ам.долларын ханш ямар байгаа билээ гэдгээс авахуулаад л асуудал болгоод ярьвал түм буман шийдэх зүйл байна. Харин Монголбанкны зүгээс "Бид ийм ийм ажил хийж байгаа. Үүнээс өөрөөр яах билээ. Одоо Засгийн газар л хөдлөх хэрэгтэй байна” гээд л өөрсдийгөө өмөөрөөд суугаад байна. Яах вэ, нэг талдаа үнэн. Гэхдээ нөгөө талдаа өөр олон боломжуудыг бий болгоод, чөдөр тушаа болоод байгаа хууль тогтоомж байвал жаахан өөрчлөлт, нэмэлт оруулаад. Улс төрөөс хараат бус гэдэг зарчмаа яг баримтлаад ажиллавал болохгүй юм байхгүй. Гэтэл дорвитой ажил хийхийн оронд өмнөх удирдлагууд, багаа муулаад, үгүйгээд л суугаад байна.
Өчигдөр УИХ-ын чуулганы үеэр Монголбанкны Хяналтын зөвлөлийг томилох үеэр зарим гишүүд Ц.Баяртсайхан Ерөнхийлөгчийг хуулийн дагуу ажиллах байх, хашир хүн хэмээн ярьж байна билээ. Мөн Европ руу явчихсан талаар ч цухуйлгасан гишүүд байсан. Яахав, мань эр нэг том чуулганд оролцох гэж явсан гэсэн. Гэхдээ тэр нь ирэх долоо хоногт болох юм билээ. Ийм эрт очиж байгаа нь наана нь зохицуулах ажил, хийх уулзалтууд байгаа болохоор тэгсэн гэж найдаад байна. Ер нь мань хүн ажлаа авснаас хойш хоёр гурван удаа гадагшаа явлаа. Юу амжуулж, ямар асуудал шийдэж, Монголд ашигтай үр дүнтэй ирсэн юм уу бүү мэд. Түүнийгээ тайлагнаад, ярьсан юм алга.
Үр дүн гарсан бол сайхан хэлээд, мэдэгдээд, би тийм асуудал шийдчихлээ гээд яримаар байна. Тэгээгүй бол гадаад руу "зугаалах”-ын оронд ажлаа сайн хийгээч ээ. Ам.долларын ханш 2500 төгрөг даваад явчихлаа. Төгрөг цаас болох гээд байна. Энэ янзаараа үргэлжилбэл цаашид улам өсөх шинжтэй. Монголбанкнаас интервенц хийсэн нэртэй хэдэн ам.доллар гаргаж зарж байгаа. Түүнийг нь банкууд худалдаж аваад л хав дарчихаад байх шиг байна. Үр дүнгээ өгч байгаа юм алга. Хэрвээ жаахан ч гэсэн үр дүнгээ өгдөг бол 10, 20 төгрөгөөр бага багаар өсөхгүй, жаахан ч болов буурах байсан биз дээ.
www.mminfo.mn
Сэтгэгдэл байхгүй байна.