“ОЮУНЛАГ ҮЙЛСТЭН” Оны тэргүүний залуу багш нар тодорлоо
Монголын нийт багш нарын 70 орчим хувь 40-өөс доош насны залуу багш нар байдаг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс Монголын Залуучуудын холбоосурган хүмүүжүүлэх үйлсэд эрдэм мэдлэгээ зориулж буй залуу багш нарыг урамшуулан алдаршуулах зорилгоор оны тэргүүний залуу багш шалгаруулах "Оюунлаг үйлстэн” ёслолын ажиллагааг анх удаагаа зохион байгууллаа.
Шилдэг залуу багш нарыг "Оны тэргүүний арга зүйтэй залуу багш”, "Оны тэргүүний судлаач залуу багш”, "Оны тэргүүний нийгмийн идэвхтэн залуу багш”, "Оны тэргүүний нийгмийн ажилтан”, "Оны тэргүүний сургалтын менежер” гэсэн 5 номинациар тус бүр 2 багшийг шалгаруулсан юм.
"Оюунлаг үйлстэн” ёслолын ажиллагааг МЗХ-ны ерөнхийлөгч А. Мөнхбат нээж хэлсэн үгэндээ "Залуучуудын байгууллага Оны шилдэг улстөрч, оны шилдэг эдийн засагч гэж шалгаруулдаг байснаа зогсоогоод энэ жил оны шилдэг Оюунлаг үйлст залуу багш нараа тэргүүндээ залж шалгаруулахаар шийдсэн. Багш сайн байвал залуучуудын ирээдүй, ирээдүйн зам мөр нь дардан байна” хэмээн онцоллоо.
Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Доктор, Профессор Д.Цэнджав, Монгол Улсын Гавьяат багш, МУБИС-ийн зөвлөх багш, Доктор, Профессор, Академич Б.Жадамбаа, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Олон улсын тоймч, Доктор, Профессор Б.Дашзэвэг, Соёмбо академийн ерөнхий захирал А.Санжмятав, Монголын ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын холбооны тэргүүн Р.Батхуяг нар урилгаар оролцсон юм.
Ерөнхий боловсролын сургуулиудаас 180 гаруй шилдэг багшаа тодорхойлон, материал ирүүлсэн бөгөөд үүнээс шилдэг 10 багш тодорч, МЗХ-ны "Тэргүүний залуу багш” цол тэмдэг, өргөмжлөлийн эзэд боллоо.
МЗХ-оос цаашид уг ёслолын ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж.
"ОЮУНЛАГ ҮЙЛСТЭН” ОНЫ ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ БАГШ НАР
Сэтгэгдэл байхгүй байна.