Нийслэл хотод 5 иргэн архинд хордож амиа алдсан харамсалтай хэрэг гараад удаагүй байна. Тухайн иргэдийн хордсон гэх газраас "Найрсаг”, "Gold Chinggis” нэрийн архины шил олдсон билээ. Тиймээс Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулж түүгээр үйлчилж буй цэгүүдэд яаралтай шалгалт хийсэн байна. Шалгалтад 354 цэгийг хамруулж "Gold Chinggis” нэрийн 5900 гаруй шил архийг битүүмжилсэн байна. Харин "Найрсаг” нэртэй архи шалгалтын үеэр илрээгүй талаар МХГ-ын улсын байцаагч хэллээ.
Улсын хэмжээнд ийм нөхцөл байдал үүссэн тул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал цаашид ямар арга хэмжээ авах талаар өнөөдөр мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцлоо. Учир нь нийслэлийн ИТХ-аас архи, согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг Эрдэнэт хотод хэрэгжүүлэх шаардлагатай эсэхэд дүгнэлт хийх хэрэгтэй байгааг Засаг даргын орлогч А.Түвшинжаргал онцлон хэллээ. Хуралдаанд оролцсон мэргэжилтнүүд шаардлагатай арга хэмжээг авсан тул аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглох шаардлагагүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Тиймээс яаралтай ажлын хэсэг байгуулж дахин шалгалт явуулах шийдвэрт хүрлээ.
Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хурлын төгсгөлд хэлэхдээ "Шагийн архи заруулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Ямар нэгэн баталгаагүй архи энэ замаар борлуулагдаж байж болзошгүй. Мөн ЦГ-ын Замын цагдаагийн тасаг хот руу орж, гарч буй авто машинуудад тавих хяналтаа чангатгах хэрэгтэй байна” гэсэн юм. Мөн ажлын хэсгийг байгуулж хяналт шалгалт явуулах ажиллагааг яаралтай эхлүүлэхийг үүрэгдлээ.
Эх сурвалж: erdenet.mn
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
1 сэтгэгдэл