Л.Гансүхийг суллахаар болов уу?
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх магадлангаар суллагдах гэсэн боловч түүний хүсэлтийг хэд хэдэн удаа буцаагаад байгаад бухимдаж Ерөнхийлөгчид захидал илгээсэн билээ. Тэгвэл түүний магадлангаар суллагдах материалыг Улсын Ерөнхий Прокурорын газраас татаж авч, шалгаж байгаа гэх мэдээлэл гараад байна. Гэхдээ энэ нь албан бус эх сурвалжийн мэдээлэл юм.
"Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүгдсэн Л.Гансүх шоронгоос Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан бичсэн захидалдаа "Таны захиалгаар, таны томилдог АТГ, прокурор, Шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийн хилс хэрэг зохион хэлмэгдүүлэн байж өгсөн ялыг чинь миний бие өнгөрсөн оны 11 сарын сүүлээр эдлээд дууссан.
Эрүүгийн хуулийн 74-р зүйлийг үндэслэн биеэр эдлэх ялын холбогдох хугацааг дуусгасан, өр төлбөргүй, хэрэг зөрчил ял эдлэх хугацаандаа гаргаагүй учраас хуулийн дагуу хорих ангиас Төв аймгийн прокурор руу 2016 оны 12-р сар, 2017 оны 1-р сард нийт 2 удаа материал явуулсан боловч прокурор миний материалыг шүүх рүү явуулалгүй тухай бүр хорих анги руу буцаан намайг үндэслэлгүй хорьж байна.
Статистик дурьдвал Төв аймгийн шүүхээс 2016 онд 185 хүнийг тэр дундаа миний хоригдож буй ангиас 41 хүнийг энэ хуулиар тэнсэн харгалзаж сулласан байна. Энэ ангид хоригдож байсан УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярыг энэ хуулиар хорих ангиас хүсэлт нь очиход прокурор дээр 1 хоногийн дотор шүүх дээр 5 хоногийн дотор шийдэн сулласан байдаг. Гэтэл хамгийн сүүлд 2017 оны 1 сард энэ хорих ангиас 7 хүн прокурор руу очиход 6-г нь цааш нь шүүх рүү явуулаад ганцхан намайг буцааж надад үндсэн хууль, эрүүгийн хуулиар олгогдсон эрхийг минь эдлүүлэхгүй 2 сар боллоо.
Хэрэг хийгээгүй байж танай хуулийн мафийн өгсөн ялыг эдэлж суухдаа өөрөө эрх чөлөөтэй болохдоо яарсан биш хорт хавдартай үлдсэн эхнэрээ хурдан гарч эмчлүүлж асарч сувилах юмсан гэж өдөр хоногийг тоолж суулаа. Үүний тулд шүүхээс оноосон Багануурын уурхайд учруулсан "хохирол” гэгч олон зуун сая төгрөгийг байраа барьцаалан зээл авах, найз нөхдөөсөө тусламж, хандив авах замаар төлж барагдуулсан. Мөн хоригдох хугацаандаа элдэв зөрчил гаргаагүй.” Хэмээн бичсэн байсан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл байхгүй байна.