Улсын начин Б.Ганзоригийн цолыг хураах шийдвэр гаргажээ
-Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо улсын начин Б.Баатарцол, Б.Ганзориг нарын допингийн эсрэг зөрчилд хариуцлага хүлээлгэлээ-
Допингийн эсрэг үндэсний төвөөс 2016 оны аравдугаар сарын 26-нд өнгөрсөн жилийн баяр наадамд шөвгөрсөн Баян-Өлгий аймгийн харъяат Б.Баатарцол, Увс аймгийн харьяат Б.Ганзориг нарын шинжилгээнээс допингийн эсрэг зөрчил илэрсэн талаар мэдэгдсэн билээ. Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авах эрх бүхий байгуулага нь Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо юм.
Тус хороо зөрчил гаргасан бөхчүүдэд ямар хариуцлага тухай асуудлыг шийдвэрлэсэн байна. Ингэхдээ Б.Ганзоригийн шинээр хүртсэн улсын начин цолыг хураах, Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна.
Өнгөрсөн жилийн баяр наадамд шөвгөрсөн Б.Баатарцол тавын даваанд улсын харцага Ө.Даваабаатарыг, Б.Ганзориг улсын арслан Д.Ганбатаар тус тус давж, улсын начин цолны болзол хангасан юм.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо энэ цаг мөчид Төрийн ордонд Шадар сайдын хүрээнд хуралдаж байна. Хуралдааны үеэр дээрх шийдвэрийг танилцуулсан юм. Шадар сайд У.Хүрэлсүхийн зүгээс ч допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хураах ёстой гэдэгтэй санал нийлж байгаа аж.
Өмнө нь Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо 2017 оны нэгдүгээр сарын 5-нд хуралдаж, Монголын допингийн эсрэг үндэсний төвийн дүгнэлтийг хэлэлцсэн. Бөхчүүдэд хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гараагүй он дамнасан нь Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотой хэмээж буй. Допингийн зөрчил гаргасан цолтнуудад ямар хариуцлага тооцох санал боловсруулах үүрэгтэй Үндэсний бөхийн салбар хороог одоо Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан ахалж байгаа юм.
Сануулахад, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадамд барилдсан шөвгийн 32 бөх, харваачаас хуулийн дагуу допингийн шинжилгээ авч, БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /KIST/ Допингийн хяналтын лабораторид шинжлүүлсэн юм. Тус лабораториос 2016 оны наймдугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн шинжилгээний хариуд 3940625 дугаартай, Баян-Өлгий аймгийн харъяат Батчулуун овогтой Баатарцол, 3939453 дугаартай Увс аймгийн харъяат Бадрах овогтой Ганзориг нарын "А” сорьцны дээжинд хориотой эмийн жагсаалтад багтах бодис илэрч, допингийн эсрэг дүрмийг зөрчсөн болох тухай мэдэгдсэн байдаг. Ингээд Үндэсний бөхийн холбоо болон дээрхи хоёр бөхөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу "В” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтийг 2016 оны наймдугаар сарын 29-ний өдөр тавьсан бөгөөд БНСУ-аас 2016 оны арав дугаар сарын 11-ний өдөр ирсэн "В” сорьцын шинжилгээний хариу "А” сорьцын шинжилгээний хариутай ижил гарсан болохыг мэдэгдсэн гэдэг.
ДОПИНГИЙН АСУУДЛААР ХУУЛИНД ЯМАР ЗААЛТ БАЙДАГ ВЭ?
- Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар зөрчил гаргасан бөхөд түүний барилдах эрхийг 2 жил хүртэлх хугацаагаар хасах, тухайн баяр наадмаас хүртсэн цол, бай, шагналыг хураах зэрэг шийтгэлийн аль нэгийг ногдуулах ёстой байдаг.
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬ
ТАВДУГААР БҮЛЭГ
14 дүгээр зүйл:Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага
- 14.1. Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараах шийтгэлийн аль нэгийг ногдуулна:
- 14.1.1. Тухайн баяр наадамд оролцуулахгүй байх буюу тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах;
- 14.1.2. Тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;
- 14.1.3. Баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах.
- 14.2. Энэ хуулийн 14.1.1, 14.1.2-т заасан шийтгэлийг аймаг, сумын болон салбар хороо, 14.1.3-т заасан шийтгэлийг зохион байгуулах хороо тус тус ногдуулна.
- 14.3.Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна.
эх сурвалж: news.mn Б.ЭНХ