Татвар+Эсэргүүцэл!
Спикер чуулганыг нээж хэлсэн үгэндээ "ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн асуудлыг энэхүү чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Юуны түрүүнд Монгол Улсын 2017 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай. Тодотголоор төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, төсвийн сахилга, хариуцлагыг чангатган, зарлагын үр ашгийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа бодлогыг шинэ түвшинд үргэлжлүүлэх болно. Төсвийн тодотголтой хамт зарим төрлийн татварыг үе шаттай нэмэх, тэтгэврийн насыг уртасгах зэрэг асуудлыг хэлэлцэх болно. Ингэхдээ олонх цөөнх гэж хуваагдалгүй, оноо очков авах гэлгүйгээр, иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө багатайгаар шийдэх чиглэлийг баримтлах нь зүйтэй.” гэсэн. Тэгвэл эрх баригчдын эл бодлогын эсрэг байгаагаа илэрхийлж буй талууд бий. Тухайлбал, МҮЭХ-ны зүгээс УИХ-ын дарга, дэд дарга, байнгын хороодын дарга, гишүүдэд санал хүргүүлсэн байгаа.
Засгийн газраас 8 төрлийн татвар, шимтгэл болон тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх чиглэлээр ОУВС-тай урьдчилсан тохиролцоо хийсэн нь иргэдийн амьдралыг сайжруулах, улс орны эдийн засгийг сэргээх биш улам дордуулах, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ өсгөх нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэж байгаа. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр байгуулсан Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн зарим заалтууд зөрчигдсөнөөр хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлэхэд хүргэж, улмаар нийгэмд тогтворгүй байдал бий болж болзошгүй байна гэж буй юм.
Монгол Улсын Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын Ажил олгогч, эздийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 2.5, 3.2, 3.9 дэх заалтууд зөрчигдөж хөдөлмөрийн хамтын маргаан үүсч болзошгүйг Монгол Улсын Засгийн газар, холбогдох сайд нарт МҮЭ-ийн холбооноос удаа дараа албан ёсоор мэдэгдсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй байна.Жирийн иргэдийн халаасыг нимгэлж, нуруун дээр нь ачаа нэмсэн, төрийн тансаглалыг нэмэгдүүлсэн, зардлаа танаагүй төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж богино хугацаанд хэлэлцүүлэн батлуулах гэж байгааг иргэд, МҮЭ-ийн холбооноос буруушааж байна. Иймд улс орон, ард иргэдийнхээ нийтлэг ашиг сонирхлыг дээдлэн ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж батлахдаа дундаж болон дунджаас доош орлоготой иргэдэд татвар, үнийн дарамт учруулахгүй байх шийдвэр гаргана гэдэгт итгэж энэхүү саналыг хүргүүлж байна гэсэн байгаа юм.
Тэгвэл татвар нэмэгдүүлэх асуудлыг өнөөдөр чуулганаар хэлэлцэх гэж байна. Мөн тэтгэврийн насыг уртасгах асуудлыг хэлэлцэнэ гэж спикер хэлсэн байгаа. Уг нь засгаас өгч буй мэдээллээр "Тэтгэврийн насыг нэмнэ гэж яригдаад байгаа нь 2035 онд хүрэх хэмжээ юм. Түүнээс одоо тэтгэвэрт гарах дөхсөн иргэдийн хувьд гэнэт тэтгэврийн нас нь хойшлогдох асуудал биш.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд зааснаар нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 60 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. Хувь хэмжээний хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь УИХ-ын 2015 оны 53 дугаар тогтоолоор батлагдсан "Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого” (2015-2030), Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Мөн улс орны нийгэм, эдийн засгийн байдалтай уялдуулан тэтгэвэр нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж байсан.
Тэгэхээр ОУВС-ийнхний шаардлагад нийцүүлэхийн тулд тэтгэврийн насыг нэмэх асуудлыг 2035 оны байдлаар шийдэх асуудлыг наашлуулаад байгаа л харагдаж байна. Ямартай ч татварын нэмэгдлийн асуудал хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн эсэргүүцэл дагалдан гарахаар харагдаж буй юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл байхгүй байна.