Монголын дипломатч тамхины хэргээр саатуулагдлаа
Монгол Улсын дипломат ажилтан Украин-Унгарын хилийн Лужанка боомтоор хууль бусаар их хэмжээний тамхи нэвтрүүлэхийг завдан саатуулагдсан талаар Корреспондент сонин мэдээллээ. Онцгой албан татварын наалт бүхий баглаатай тамхинуудыг дүүрэн ачсан микроавтобусны жолооч сандарч тэвдсэн, сэжигтэй санагдсан тул саатуулсан байна. Харин хилийн албаныхныг машинд үзлэг хийхээр очих үед жолооч машинаа онгойлгохгүй, ажилтнуудад саад учруулсан байна. Хилийн үнэрч нохойны тусламжтай үзлэг хийхэд хууль бусаар тамхи тээвэрлэж явсан нь илэрсэн тул машиныг битүүмжлэн, цагдаагийн газар болон аюулгүй байдлын төлөөлөгчдийг дууджээ.
Цагдаагийн үзлэгээр Белоруссын дипломат дугаар бүхий Мерседес маркийн автомашинд дипломат шуудан нэрийн дор Монгол Улсын иргэн их хэмжээний тамхи тээвэрлэж явсан нь тогтоогдсон байна. Саатуулагдсан этгээд өөрийгөө Австрийн дипломат төлөөлөгчийн газар ажилладаг гэж мэдэгджээ. Хичнээн хэмжээний хууль бус бараа тээвэрлэж явсан, энэ барааны үнийн дүн хэд болох талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.
Сэтгэгдэл байхгүй байна.