УИХ 108 гишүүнтэй болж, 108 суварга босгох уу
Өчигдөр Сайдын цаг уулзалтаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцож сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Түүний хийсэн мэдээллүүдээс анхаарал татсан нэг сэдэв нь Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах явдал юм.
Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хэр хэмжээнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэвлэлүүдээр мэдээлэгдэж байсан ч парламентын гишүүдийн тоог нэмэх талаар яригдаж байгаа тухай мэдээлэл цоо шинэ байлаа. Магадгүй түүний ярианаас үзвэл 2016 онд монголчууд 76 биш 108 УИХ-ын гишүүнтэй болж мэдэх аж.
Парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэхээс гадна насны асуудал ч бас яригдаж байгаа гэнэ. Түүний тайлбарлаж буйгаар 1992 онд Үндсэн хуулиа батлахад хүн ам 2 сая байсан ба 76 тойргийг батлахад тойргийн хүн амын суурь нь 30 мянга, бүх тойрог ижил байсан. Харин одоо хүн ам 3 сая болж нэмэгдээд тойргийн тоо хэвээрээ байна. Улаанбаатарын нэг тойрог, аймагт байгаа тойргийн тооны хооронд 3-4 дахин ялгаа гарчихаад байна. Тэгэхээр шударга нэг хүн өөрийгөө төлөөлж төр барилцах гэдэг утгаараа баланс нь алдагдсан гэсэн үг. Яг хэд болгож нэмэгдүүлэхийг одоогоор батлаагүй байгаа ч сонгуулийг угтаж Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсэг дээр 99 юмуу 108 гэсэн тоо яригдаж байгаа аж.
Гишүүдийн тоог нэмэх явдлыг ард иргэд ямраар хүлээж авах нь сонирхолтой. Сүүлийн жилүүдэд нэр хүнд нь унасаар байгаа Их хурлын гишүүдийн тоог нэмэх нь төрийн нүсэр аппаратаас зайлсхийх явдалтай эргээд сөргөлдөж байгааг хэлэх хүмүүс ч байна. Мөн твиттерээр 108 гишүүнтэй болвол нэртэйгээр нь нэгмөсөн 108 суварга амь сэрүүнд нь төрийн ордныг тойроод босгодог болчихооч, 76 луйварчинд идүүлдэг байсан төр одоо 108 луйварчинд идүүлэх нь, одоо 76-гаас жирийн үедээ 50 нь л хуралдаа суудаг юм чинь 108 болгоод 76 нь л суух байлгүй чанарын ялгаа гарахгүй гэх мэт шүүмжлэл хэдийнэ яваад эхэлжээ.
С.Дулам