Ё.Отгонбаярт холбогдох хэрэг ингэж алга болов
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эзгүйд гэргийг нь сүр дуулиантай баривчилж, асан цаг хугацаа саяхан. Нийт дөрвөн банкны 20 гаруй дансаар их хэмжээний мөнгө эргэлдүүлсэн гэдэг үндэслэлтэй байв. Гэтэл хэдхэн сарын өмнө манай улсын хуулийн байгууллагаас "БСШУ-ы яамны үйл ажиллагаатай холбогдуулаад иргэдийн гаргасан хэргийг шалгаж үзсэн. Гэхдээ хохирогч байгаагүй учраас 2013 оны зургадугаар сард үүсгэсэн асуудлыг хэрэгсэхгүй болсон. Мөн түүний гэргийг шалгаж байгаад мөн ондоо гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон” гэж мэдэгдсэн. Угтаа энэ хэргийг залилан гэж үзвэл заавал хэн нэгэн иргэн залилуулсан байх шаардлагатай. Тэр нь гомдол гаргасан тохиолдолд хуулийн байгууллага шалгах үүрэгтэй. Гэтэл энэ хэрэгт хохирогч олдоогүй. Тодруулбал хуулийн байгууллагынха жил гаруй хугацаанд хохирогч хайгаад олоогүй гэсэн үг. Гэвч түүний гэр бүлийн эзэмшилд байдаг 20 гаруй дансаар олон тэрбум төгрөгийн орлого, зарлага гаргасан тухай баримт хуучраагүй гэдгийг мартах учиргүй. Үнэндээ Ё.Отгонбаярт тийм их хэмжээний мөнгийг хуулийн хүрээнд шударгаар олох боломж байхгүй. Үгүйдээ л гэхэд түүний гэр бүлд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг бизнес байхгүй. Цаандаж Ерөнхийлөгчөөр өршөөлгөх, уучлалыг нь хүртэх хэмжээний том улстөрч биш. Тэгсэн атлаа ийм их хэмжээний мөнгийг хэрхэн, яаж халаас руугаа цутгаж дөнгөсөн байх вэ. Мөн тийм атлаа одоог хүртэл эрх чөлөөт иргэн хэвээр байна вэ. Үнэндээ энэ асуултад одоог хүртэл хуулийн толгой байгууллагууд оновчтой хариулт өгөөгүй. Үнэндээ тэд өгөхийг ч хүсээгүй байж мэдэх юм. Хэрэгт холбогдсон даруйдаа Н.Энхбаярыг түшиж, эргэж ойрч, эмнэлэгт хүртэл хамт хэвтэж явсан гэгддэг тэрбээр улстөрийн ямар тохиролцоо хийж, ирэх жил УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж яваа болж таарах вэ.