“Pinterest.com”-ын мөнгө олох арга
"Хүмүүсийн сонирхлыг зар сурталчилгаа ба элдэв мэдээлэлтэй холбох нь тэдэнд харилцан ашигтай, бас сонирхолтой байх болно” хэмээн "Pinterest.com”-ыг үндэслэгч Бен Силверман нэгэн ярилцлагадаа онцолжээ. Түүний энэ үг нь вэб сайтынх нь утгыг бүрэн илэрхийлэхэд хангалттай болов уу.
Массачусетсын технологийн хүрээлэнгийн харъяа Яли дахь Шинжлэх ухааны хүрээлэнг 2003 онд төгссөн Силверман "Google” компанийн Онлайн зар сурталчилгааны хэлтэст ажиллаж байсан нэгэн юм. Дэлхийн хамгийн том онлайн компанид хэдхэн жил ажилласны дараа тэрбээр "Apple” компанийн арр (application) хөгжүүлэлтийн загвар дизайны талаар коллежийн найз Пол Скиарратайгаа хамтран зүтгэв. Гэвч "iPhone”-д онлайн худалдааны "Tote” хэмээх арр гаргаад амжилт олсонгүй. Энэхүү арр нь өнөөдөр 5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй "Pinterest” вэб сайтын суурь байв.
Силверман "Apple”-д санаагаа бүрэн илэрхийлж чадаагүй нь түүний алдаа байж болох юм. Тэрбээр найз Эван Шарп, Пол Скиарра нартайгаа хамтран 2009 оны арванхоёрдугаар сард "Pinterest”-ийг байгуулахаар санаа шулууджээ. Тус сайтын нэрний "P” үсэг нь "pin” буюу "зүү” гэдэг үгийг илэрхийлдэг бол "interest” нь "сонирхол” гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, "Pinterest” гэдэг нь "сонирхолтой зарлалын самбар” гэх утгыг илэрхийлдэг гэхэд хилсдэхгүй билээ.
2010 оны гуравдугаар сард тэдний компани албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Тухайн үед сайтын анхны хэрэглэгчид нь үндэслэгчдийн гэр бүлийн гишүүд, коллежийн найзууд юм. Тэд "Pinterest.com”-д өөрийн сонирхлоороо зурагтай мэдээлэл оруулж, мөн сайтын админ залуус бие дааж сонирхолтой мэдээллээр бөмбөгдөж байв. Силверманы залуус технологийг дэмжиж ажилладаг "FirstMark Capital”, "Behance”, "Highline Venture Partners”, "EventBrite”, "Behance” гэх мэт 10 орчим хөрөнгө оруулалтын компани, хувь хүнтэй уулзаж тухайн ондоо амжилттай гэрээ хэлэлцээр байгуулж, хөрөнгө оруулалт татаж чадсан нь хурдан хугацаанд амжилт олж, мөнгө хүүлэхийн эхлэл байлаа.
Олон арван ажилтан авснаар сонирхолтой, ойлгомжтой мэдээллийн бааз бүрдүүлж, дагаад хэрэглэгчдийн тоо ч нэмэгдэв. "Facebook”, "Twitter”-ийн хэрэглэгчдийн тоо өсөхийн хэрээр "Pinterest”-т оруулсан сонирхолтой мэдээллийг хүмүүс харилцан хуваалцах, түгээх болсон нь хэрэглэгчдийн тоо хурдан хугацаанд нэмэгдэхэд нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд тодорхойлдог. Хамгийн чухал нь хүмүүс өөрсдөдөө байгаа мэдээлэл, сонирхолтой зураг гэх мэт олон адал явдлаа оруулах талаар хялбар байсан нь "улаан сайт”-ын давуу тал болжээ. Үүний сацуу гар утас, таблетын зарим үйлдвэрлэгч арр-ийг цэсэндээ оруулах зайлшгүй гэж үздэг болсон байна.
"СomScore” байгууллагын судалгаагаар 2012 оны нэгдүгээр сард АНУ-д "Pinterest” олон нийтийн сүлжээний сайтын хэрэглэгч 11.7 саяд хүрчээ. Энэ нь хамгийн хурдан хугацаанд 10 сая давсан хэрэглэгчтэй болсон гэсэн нэр хүндийн эзэн болгов. Судалгааны байгууллагын тоо баримтаар 2012 оны нэгдүгээр сарын дунд үеэс хоёрдугаар сарын дунд үед тус сайтын хэрэглэгчдийн тоо 85 хувиар өссөн. Харин хоёрдугаар сараас гуравдугаар сард энэ үзүүлэлт 17 хувиар өссөн байна. 2013 оны хоёрдугаар сард "Reuters” агентлаг болон "СomScore” байгууллага "Pinterest”-ийг дэлхий дахинд 48.7 сая хэрэглэгчтэй болсон тухай зарлалаа. Харин Францын нийгмийн сүлжээний вэб сайтын судалгааны "Semiocast” компани 2013 оны долдугаар сард тус сайтыг дэлхий дахинд нийт 70 сая хэрэглэгчтэй болсон хэмээн мэдээлсэн байна.
Харин сайтын үнэлгээ нь 2012 оны тавдугаар сард 1.5 тэрбум ам.долларт хүрсэн бол 2013 оны хоёрдугаар сард 2.5 тэрбум, 2013 оны аравдугаар сард 3.8 тэрбум, 2014 оны тавдугаар сард 5 тэрбум ам.долларт хүрсэн тухай томоохон хэвлэлүүд, судалгааны байгууллагууд мэдээлэх болсон юм.
2012 оноос хойш "Pinterest”-ийн сонирхолтой хэлбэр, хийц хийгээд хэрэглэгчдийн хурдацтай өсөлт, сайтын үнэлгээний талаарх итгэмээргүй тодорхойлолтууд олны анхаарлыг улам татах болов. Зарим ажиглагч тус сайтын ийм хурдан хугацаанд амжилттай явааг нь ихэд сонирхож, хэрхэн мөнгө олдог тухай хурцхан үгс чулуудах болсон байна. Технологийн блогуудад тавигдсан даруйдаа хамгийн олон хүний сэтгэгдлээр булуулсан нэгэн бяцхан нийтлэлд өгүүлэхдээ "...Бен Силверманы үндэслэн байгуулсан сайтыг мэргэжилтнүүд эхэндээ мөнгө олдоггүй гэж товчхон тодорхойлж байсан. Гэсэн ч нэг л мэдэхэд олон тэрбум ам.доллараар үнэлэгдэх хэмжээнд очсоныг ойлгоход бэрх байна. Энэ сайт магадгүй хэн нэгэн бүлэглэлийн санаатайгаар хөөргөдөж мөнгө хүлээх хэрэгсэл” хэмээжээ.
Силверман болон түүний нөхөд энэ бүх зүйлд төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Тэд олон нийтийн вэб сайтын хүчээр хэрхэн мөнгө олдог тухай "Facebook”, "Twitter”-ийг үндэслэгчдийн адил "Зар сурталчилгаа” хэмээн хариулсан байдаг.
"Guardian” сонины сэтгүүлч, хатагтай Кароли Кодуалладр 2014 оны дөрөвдүгээр сард "Pinterest”-ийг үндэслэгчтэй ярилцлага хийсэн байна. Сэтгүүлч ярилцлагын эхэнд "3.8 тэрбум ам.доллараар үнэлэгдэж, олон сая хэрэглэгчтэй болсон вэб сайтыг үндэслэгч энгийн даруухан нэгэн юм. Ердийн технологитой хэрнээ маш сонирхолтой энэ вэб сайт мөнгөний машин болох шинжтэй байна” гэж тодорхойлжээ.
"Энэ сайт хэрхэн мөнгө олдог юм бэ. Мөнгө олох гол эх үүсвэр, шалтгаан нь юу вэ” хэмээн сэтгүүлч асуухад Силверман "Манай сайт бол бусдаас хамгийн сонирхолтой нь. Учир нь энд орж байгаа зурагнууд сонирхолтой, өвөрмөц юм. Өөрөөр хэлбэл, сайхан зүйлс дээр тулгуурлаж компаниуд бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах боломжийг олгосон. Энэ нь хүмүүст нэг талаар сайхан зураг харж сэтгэлийн таашаал авах, нөгөө талаар тухайн бүтээгдэхүүн барааны талаар ойлголтыг өгдөг” гэжээ.
Силверманы ярьснаар уламжлалт хэв маягийг илэрхийлэхийн хамт гоёмсог өнгө үзэмжтэй зургууд нь бүсгүйчүүдэд ихээхэн таалагддаг байна. Тиймдээ ч өдгөө "Pinterest.com” сайтын идэвхтэй хэрэглэглэгчдийн дийлэнх нь буюу 70 гаруй хувь нь охид, эмэгтэйчүүд болсон. Тэд өөрсдийн сонирхлын дагуу загвар, хоол хүнс, гоёл чимэглэл гэх мэт компаниудын "Pinterest” дэх хаягийг дагаж мэдээлэл авдаг аж.
Силверман ярилцлагадаа "Олон нийтийн сүлжээний вэб сайтууд хэрэглэгчийн сонирхлыг мэдэрч ажиллах нь хамгийн чухал. Тэд уйдамтгай байдаг. Гэсэн ч шантрахгүйгээр түүнд нь зохицож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ яльгүй өөрчлөх хэрэгтэй” хэмээн онцолсон байна.
"Pinterest” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг тэрбээр "Forbes” сэтгүүлийн 40 хүртлэх настай шилдэг ажил олгогч залуусын жагсаалтад бичигджээ.