Хэлдэг, хийдэг хоёрын ялгаа

962

6-25-7_700x700

Их тэнгэрт болсон "Бизнесийн дээд хэмжээний уулзалт-2015”-ын үеэр ганцхан гэрээнд гарын үсэг зуржээ. Нийт 17 төсөл танилцуулагдсан ч үр дүн нь тодорхойгүй.

Хэлдэг гурав, хийдэг ганцын тухай монголчууд бид зөндөө сонсч  байсан. Сонсоод барахгүй өөрсдөө яг ийм зарчмаар ажилладаг учир энэ үгсийг сайн мэддэг байж таарна. Монгол Улс Азийн бар болж хөгжихгүй байгааг монгол хүн бүр өөрөөсөө бус бусдаас хайдаг юм. Яг энэ санаан дээр өнгөрсөн долоо хоногт манай Их тэнгэрт, хойд хөршийн Санкт-Петербургт нэг өдрийн зөрүүтэй болсон эдийн засгийн уулзалтуудын агуулгын бус үр дүнгийн ялгааны талаар уншигчдадаа сонирхуулъя гэж бодлоо. Мэдээж хэрэг цар  хүрээ,эдийн засгийн чадавхийн хувьд Орос ,Монголд хийж буй уулзалтыг яаж жишиж болох  билээ. Балтийн тэнгисийн эрэг дээр болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад дэлхийн улс орны томоохон удирдагчид, Оросын болон дэлхийн "акул” компаниудын захирлууд ирж ажил хэргээ ярьсан. Харин манай Их тэнгэрт болсон Бизнесийн дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч үг хэлж гуравхан сая иргэнтэй жижиг Монголын цөөн хэдэн эдийн засагч, тоотой хэдэн компанийн захирлууд бас манайд хөрөнгө оруулахаар төлөвлөгчдийн төлөөлөл оролцсон хэрэг. Ийм агуулгаар харвал энэ хоёрыг эн тэнцүүд бодох нь үнэхээр тэнэг хэрэг билээ.Харин өргөн далайцаар нь бус хэлсэн ярьснаа ажил хэрэг болгодог талаас нь авч үзвэл бидний хооронд маш их зөрүү байна.

6-25-7a1_700x700

Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 300 тэрбум рублийн өртөг бүхий 205 гэрээнд гарын үсэг зуржээ.

Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын зохион байгуулалтад өөлөх зүйл алга. Бүгд төгс биш боловч тэнд тив дэлхийн улстөрчид, бизнесмэнүүд ирээд үзэж харах юмтай, буцахдаа ашиг ихтэй гэрээтэй өндөрлөж байна. Бидний цөөн сэтгүүлчид  үзэсгэлэнгийн ганцхан танхимд нь нэг цаг гаруйхан саатсан ч эдийн засгийн уулзалт, үзэсгэлэн гэдэг бидний хийдгээс арай өөр байгааг олж үзэв. Чуулга уулзалтын гол танхимын техникийн шийдэл, хурлын  илтгэлийг найман орны хэлээр орчуулж буй цар хүрээ, үзэсгэлэнгийн танхим  дахь төслүүдийн танилцуулга. Энэ бүгдийг тэд сонирхохгүй байхын аргагүй хийж чадаж байна. Ганцхан жишээ татахад л худалдаа, үйлчилгээний Юлмарт төвийн танилцуулга, макетыг яг бодит мэт хийсэн байв. Тус төвд юу байхаас эхлээд гадуур нь холхих ачааны тэрэгнүүд хүртэл жинхэнэ мэт давхина.

Бид эдийн засгийн чадавхиасаа  болж ийм төвшинд эдийн засгийн уулзалт хийж чадахгүй байж болно. Харин том, жижиг нь хамаагүй гарч буй үр дүн гэдэгт нь асар их ялгаа байгаа юм.

Петербургийн уулзалтын дараа "Итар тасс” агентлаг  "Энэ жилийн уулзалтад дэлхийн 120 орны 10 мянга гаруй зочин оролцлоо. Уулзалтын үеэр 300 тэрбум рублийн өртөгтэй хөрөнгө оруулалтын 205 гэрээнд гарын үсэг зурлаа "гэж В.В.Путин мэдэгдсэнийг дамжуулжээ.  Хэдийгээр АНУ, Европын холбооны зүгээс хориг арга хэмжээ авсаар байсан ч Орос улс хоёр хувийн уналттай байгаа эдийн засгаа 3.5 хувь хүртэл өсгөж чадна гэдэгт  иргэд нь итгэж буйг онцолсон  байна.

Энэ бол хэлдэг бус хийдэг улсын жишээ. Орос манай хоёрын эдийн засгийг жиших аргагүй ч үр дүнгээр нь авч үзвэл хэтэрхий өөр байна. Манай Их тэнгэрт болсон  Бизнесийн дээд хэмжээний уулзалтыг бид мөн л ярьсаар байгаад өнгөрөөлөө. Шинэ эхлэл, Зэс хайлуулах үйлдвэр, Төмөр замын хөгжил, Хаягдал ус зайлуулах, лаг боловсруулах эко технологи, Улаанбаатар-2030 гэх мэт сэдвээр илтгэл тавьж баахан ярьсан байна. Харин үр дүнг нь шүүж үзвэл Шарын голын уурхайн удирдлага БНСУ-ын талтай угаасан нүүрс нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан гэдгээс өөр юм олдсонгүй. Монгол, Солонгосын хамтарсан "Монгол Саммок Интернэйшнл” компанитай ийм гэрээ зурж чаджээ. Уг уулзалтаар  томоохон гэгдэж буй нийт 17 төсөл танилцуулсан ч үр дүнгийн талаар мэдээлэл алга.

Ийнхүү дээрх эдийн засгийн чуулга уулзалтууд адилхан гурав хоног үргэлжилсэн ч үр дүн огт өөр байна. Үүнд бидний хэлдэг болохоос хийдэггүй зан хамгийн их нөлөөтэй бололтой. Айл болохоор бүх зүйлээ урьдчилаад хийчихдэг аж. Харин бид ямар ч төлөвлөгөөгүй, төсөвгүй  уулзалтуудыг байнга зохиож, хийнэ гэж ярьсаар 25 жил болж байна. Хэлдэг, хийдэг хоёрын ялгааг энэ хоёр уулзалтаас тодорхой харж болохоор байгаа биз.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

962 сэтгэгдэл