Л.Бямбажаргал: Ерөнхий сайд болсон нь “Лам олдохгүй бол буцахдаа зална” гэгч болсон

740

77529d526231528722e10d6f09c59164original

Нам дотроо төдийгүй, улстөрийн хүрээнд асуудал болоод буй халуун сэдэвүүдийн талаар Социалдемократ намын генсек асан, Ардчилсан намын гишүүн Л.Бямбажаргалтай ярилцлаа.

-Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойн үеэр нам доторх "хулгайч” нарын асуудал ширүүхэн шүүмжлэлд өртсөн.  Зарим хүмүүс уур бухимдал ихтэй байх шиг байна. Энэ талаар санал бодлоо хуваалцаж ярилцлагаа эхлэх үү?

-Хоорондоо хэрэлддэг асуудал бол аль ч ялсан намд байдаг л зүйл. 20-иод жилийн өмнө бид "Хэдэн залуучууд баллачих гээд байна” гэгдэж залуугаараа баахан шүүмжлүүллээ. Тэр үеийн залуучууд одоо бүгдээрээ 50 гаран насныхан болсон байна. Гэтэл одоо болохоор "Хэдэн хөгшчүүл ирж эзэлж суучихаад байна” гэдэг шүүмжлэлд өртдөг. Яг үнэндээ 50 нас гэдэг бол монгол хүний хувьд хөгшдөөд байх нас биш. Манайхтай адилхан ийм үзэгдэл 2003-2004 онд МАХН-д /одоогийн МАН/ гарч байсан юм. Сонгуульд хэт ялалт байгуулчихсаны дараа нь баахан залуучууд орж ирээд албан тушаал нэхээд л, тухайн үеийн 50 гаран насны нөхдүүдийг "Энэ хөгшчүүлийг намаас зайлуулъя” гээд юм юм л болж байсан. Тэгэхээр ийм зүйл аль ч намд байдаг юм биш үү.

-Нам доторх иймэрхүү асуудлаас гадна "Хулгайч нарын нам” гэсэн үг олныг эмзэглүүлсэн байх гэж бодож байна. Хулгайч гэдэг үгийг санамсаргүй байдлаар унагаагүй байх аа?

-Бизнесийн ашиг сонирхолоор намд шургалсан хүмүүс өөрсдөө даган баясгагчид болон халаасны хүмүүстэй болчихоод тэр нь намаар дамжуулан бодит эрх мэдэл рүү оччихоод байхаар тэгж хэлэхээс аргагүй. Бидний үеийнхэн чинь 1990 оны үед намын төлөө ид ажиллаж байлаа. Тухайн үеийн хүмүүсийн нүдээр харахаар өнөөдрийн нам бол яах аргагүй санаанд хүрэхгүй байгаа. Тэр талаас нь харах хэрэгтэй. Гэхдээ мөнгөтэй хүн болгон хулгайч байх албагүй. Шударга хөдөлмөрөөрөө мөнгөө олоод явсан хүмүүс бий. Үүнээс гадна нам гэдэг бол ямагт эрх мэдэл, албан тушаалын төлөө явж байдаг улстөрийн байгууллага. Тэгэхээр энэ улстөрийн байгууллага дотор мөнгөтэй хүний нөлөө ихэснэ гэдэг бол эргээд нам олигархижих, цаашлах юм бол төр олигархижих шат болно. Энэ талаас нь хэлсэн байх аа.

-АН харьцангуй олон фракцитай. Кроун, Шонхор, Нэг ардчилал, МҮДН, Зүүн хойд Ази, Алтангадас гээд л. Үүнийгээ "Манай намд дотоод ардчилал байгаагийн шинж” хэмээн тайлбарладаг. Танай намд үнэхээр ардчилал байгаа учраас фракциуд бий болоод байна уу. Хөндлөнгөөс харахад  ардчилал гэхээсээ илүүтэй амбиц, дотоод зөрчил харагддаг?

-Далд хор найруулдаг ажиллагааг нь ил болгосон юм. Одоо надад бол МАХН-ынхантай харьцахад амархан харагдаж байна. Харин өөрийнхөө намынхантай харьцахад толгойтой үс цайж байна шүү дээ. За, энэ чинь аль фракцийн хүн билээ, хэний хүн билээ, юу гэж ярихав, хэнээр хэлүүлэхэв гээд түмэн бодлого боддог. Тэрийг арай тоймтой болгож байгаа нь фракциуд. Намын дүрмээр яриад батлагдаад байх юм байхгүй. Хүн болгон мэдэж байна шүү дээ. Энэ ардчиллынхан, энэ кроуных, за энэ чинь зүүн хойт азийнх гээд л. Тэгэхээр би ийм олон фракцитай байгааг нэг их буруутгахгүй байгаа юм. "Болсон сүүний бяслаг идчихсэн юм шиг дүлэгнээд байна” гэдэг шиг яах гэж байгаа нь мэдэгдэхгүй байснаас "Манай фракцийнхан ийм л ашиг сонирхолтой байгаа юм, үүнийгээ л илэрхийлж байна” гээд сууж байгаа асуудал бол болдог л хэрэг. Тэгэхгүйгээр, наанаа фракцигүй юм шиг харагдчихаад ямар нэгэн хурал эхлэхийн өмнө цаанаа юм болоод байвал хэцүү. Яг энэ асуудлыг АН туулаагүй биш туулсан юм. Хурал эхлэхийн өмнөхөн хурлын хэдэн төлөөлөгчдийг ийш тийш нь баар саванд авчаачиж хоол унд идүүлж, "Маргаашийн хурал дээр тэрний төлөө санал өгнө шүү” гэж жинхэнэ утгаараа далд хор найруулж байсан үе бий. Энэ бүхэн улстөрийн намуудын туулах л ёстой зам байсан, бид түүнийг нь туулаад л ирсэн. МАН улстөрийн ууган хүчин гэж байгаа боловч бидэнд улстөрийн намын туршлага байхгүй шүү дээ. 1990 оноос хойш л нам болж тоглох гээд байна. Тэгээд тоглох гэхээр бас зовлон байлаа. Энэ нь АН, том, хүчтэй өрсөлдөгчтэй байсан. Тэр яаж ажиллаж байна, түүний арга замыг хуулахаас өөр зам байгаагүй. Тийм учраас улстөрийн намуудын бүтэц бол үнэндээ МАХН-ын /МАН/ бүтэцийг л хуулсан байхгүй юу. Бага хурал, улстөрийн товчоо гэх мэтээр. Тэр хуулж байгуулсан бүтэц маань өнөөдрийг хүртэл яваад байна. Яагаад гэвэл адилхан механикмтай байж л тэмцэнэ шүү дээ.

-АН олон фракцитай болсон нь далд асуудлыг ил болгосон төдийгүй улам тодорхой болж байна гэж Та үзэж байгаа юм байна. Зарим хүмүүсийн тухайд Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Су Чи-гийн хэлсэн "Дүр эсгэсэн ардчилал дарангуйлалаас илүү хортой” гэх үгийг дэмжсэн шүү дээ?  

-Тийм. Улам л тодроод байна. Дүр эсгэнэ гэдэг чинь юуг хэлж байна вэ гэхээр ханцуй дотроо бүх юмаа хийчихээд гарч ирээд тас хийтэл нь шийдвэр гаргачихдаг явдлыг хэлээд байгаа юм. "Шийдвэр яаж гарав?” гэдэг процесс нь өөрөө ойлгомжгүй байх юм бол тэр чинь л дүр эсгэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын танхим байгуулагдсан процесс нь "Бүү мэд” байж байгаад гэнэтхэн "Май чи” гээд л хэдэн хүн гаргаад чулуудчихаж болохгүй. Цаанаа явагдсан процесс нь ард түмэнд ойлгомжтой байх хэрэгтэй. Яаж байгуулж байгаа юм, хэн хэнийг томилох юм гэдэг асуудал нь тодорхой бус далд байх юм бол дүр эсгэж байна гэсэн үг.

Мөн Ан Сан Су Чи-гийн хэлсэн үгийг нөгөө утгаар нь ойлгох хэрэгтэй. Ямар утгаар хэлэх гээд байна гэхээр Гитлер бол ардчилсан сонгуулиар гарч ирсэн хүн. Сонгуулийн замаар эрх мэдлийг аваад, дараа нь авсан эрх мэдлээ хуваалцахгүй байгаа байдал бол дүр эсгэсэн ардчилал. Өнөөдөр хараад байхад муу хэлэгдээд байгаа Шинэчлэлийн Засгийн газар эрх мэдлийг хуваарилах асуудал дээр зөв, хүчтэй явж байгаа. Хуучнаар бол "Гишүүний мөнгө” гэдэг зүйлийг суманд нь өгдөг болчихсон байна. Тэгэхэд өнөөдөр Говь-Алтайгаас сонгогдсон Ц.Дашдорж гэдэг гишүүнд долигнонох хэрэг байхгүй. Сумын иргэд өөрсдөө хуралдаад тэр мөнгөө юунд зарцуулахаа шийдчихдэг болж. Юу хийж байгаа нь нүдэн дээр ил байна. Хуучин бол гишүүний мөнгө төгрөг тэр хүнийг дагаж явсан хэдэн хүнд л тараагдаад дуусдаг тогтолцоо байдаг шүү дээ.

Улаан цайм идэж уугаад байдаг асуудал хумигдсан

-Үүнээс гадна жагсаалтын асуудлыг хөндмөөр байна. Жагсаалтаар УИХ-д орж ирсэн зарим нөхдүүдийг сонгогчид тийм ч дуртай биш хүлээж авсан. Сонгуулийн дараа "Эмгэнэл илэрхиймээр, инээмээр байна” гэсэн гашуун үгсийг шидэж байсан?

-Сонгуулийн хуулийг дутуу хийчихсэн юм. Уг нь овоо дориун сонгуулийн хууль явж байсан шүү дээ. Би хувьдаа Австрийн сонгуулийн хуулийг шууд авчих гэж хэлж байсан. Энэ нь нэг хүн нэг л санал өгдөг тогтолцоотой. Харин нам бол 76 хүнээ гаргаж ирнэ. Хэрэв хүнийг нь дугуйлах юм бол нам дотроос гарч ирсэн 76 хүнийг эрэмбэлж байгаа юм. Харин намыг нь дугуйлбал намд нэг санал очиж байна гэсэг үг. Үүний дараа энэ нам хэдэн санал авч вэ гэж тоолоод саналынх нь тоогоор суудлаа хуваана. Харин нам доторх 76 хүнийг сонгогчдоос авсан саналаар нь байр эзлүүлдэг ийм л хууль байгаа юм. Гэтэл манайхан үүн дээрээ буруу хийсэн. Намын жагсаалтын 26-д бичигдсэн хүн яах гэж жагсаалтад орж байгаа юм, тэнэг л байхгүй юу. Нэр дэвшсэн гэсэн сэтэр зүүх гэж байгаа юм уу, хаашаа юм. 1 нам бүх суудлыг нь авна гэж байхгүй шүү дээ.

-Австрийн сонгуулийн хуулиар бол намын жагсаалтыг нам биш ард түмэн гаргах юм байна шүү дээ. Тэгвэл ёстой ард түмний шүүлтүүрт орж шигшигдсэн нь жагсаалтын дээр бичигдэх нь ээ?

-Жагсаалтыг намууд нь өөрөө биш ард түмэн эрэмбэлдэг болчих юм бол "Би 76 дээр бичүүлмээргүй байна. Би гурав дээр ормоор байна” гэж орилох хэрэг байхгүй. Тэгвэл монголын нийт ард түмэнд танигдсан үнэхээр шударга шулуун, хийсэн ажилтай хэлэх үгтэй, бас нэр нүүрээ бараагүй байх юм бол өгсөн саналаар нь нэг дээр тасраад л гараад ирнэ шүү дээ.

Бурууд нүд хурц гэдэг. Өдгөө төрийн эрх барьж байгаа АН-ыг хууль хяналтын асуудал дээр намын ялгавартай хандаад байна гэсэн асуудал гараад байгаа. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь хүний өөрийн гэлгүй улаан цайм идэж уугаад байдаг асуудал хумигдсан шүү. "За, би ардчилсан намын хүн юм чинь дураараа идэж ууна, яадгийм” гэсэн ойлголт лав л байхгүй болсон. Энэ бол маш сайн дохио. Хоёрдугаарт, эрхзүйн орчин нь өөрөө их төвөгтэй.

Н.Энхбаяр хамба ламд 40 сая төгрөг өгөх хэрэггүй л байсан юм

-Дээрх асуудлыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгтэй их холбодог шүү дээ?

-Н.Энхбаярын хувьд 2 зүйл дээр доз нь хэтэрсэн. Нэгдүгээрт, Н.Энхбаяр хамба ламд 40 сая төгрөг өгөөд "Минийх шүү” энэ тэр гэх ямар ч хэрэг байхгүй л байсан байхгүй юу. Хоёрдугаарт, сонгуульд ялагдсаныхаа дараа гэртээ суучихаад бүх хөрөнгөө татаж өөр дээрээ нэгтгэх хэрэггүй байсан юм. Түүн дээр хувь хүний хар байсан байх гэж боддог. Өөрөөр хэлбэл, би ажилтай байхдаа үүнийг авч өгсөн, намайг ажилгүй болохоор эд нар цаашаа харчихвал би нэхэж чадахаа больчихно, тэгэхээр эртхэн цуглуулж авъя гэсэн юм шиг байгаа юм. Бүх асуудал үүнээс эхэлсэн байх. 6 сард ялагдаад 10 сард хэдэн тэрбум долларын хөрөнгөтэй аймаар компани байгуулсан шүү дээ Н.Энхбаяр. Тэндээ бүх хөрөнгөө татаж нэгтгэсэн. Үүний логик нь "Би Ерөнхий сайд байхдаа ийм юм мэдэгдэлгүйгээр хийчихсэн юм шүү” гээд хэлээд өгчихсөн. Түүнээс биш Ерөнхий сайд байх үеийн гэх юм байхгүй шүү дээ.

-Шинэчлэлийн Засгийн газарт та ямар дүн тавьж байна вэ?

-Шинэчлэлийн Засгийн газар ерөнхийдөө гайгүй. Ажлаа хийж чадахгүй хэдхэн газар байна. Тэр нь л асуудал үүсгээд байгаа юм. Би саяхан "Эрчим хүчний яам байдаг” гэдгийг саналаа. Эрчим хүчний яамыг мартчихсан байна. Тэгэхээр тэдний яам ажлаа сайн хийж байна гэсэн үг. Түнээс биш тог тасраад л асуудал үүсгээд байсан бол М.Сономпил сайдыг орой болгон зурагтаар харж, өдөр бүр сайтаас унших байлгүй. Тэгэхээр байгаа үгүй нь мэдэгдэхгүй чимээгүй байгаа газрууд чинь ажлаа сайн хийж, тэр хэрээр чихнээс хонх уяхгүй байна. Хэдхэн болдоггүй нөхдүүд л байгаа юм. Бас "Улаанбаатар утаа” гэж нэг "Сайхан” юм байна. Хичнээн ч мөнгө үрэв дээ. Бараг жижигхэн аймаг юм уу, хот байгуулчих хэмжээний мөнгийг залгичихлаа. Би заримдаа ингэж боддог юм. Ер нь алдартай том  асуудал гаргаад тавьчих хэрэгтэй юм байна. Тэгвэл мөнгө идэх бололцоо байдаг юм байна. Эд нар байлгадаг ч юм байна. Хэзээ шийдэгдэхгүй асуудал гаргаад тавьчихвал мөнгө идээд л байх нь. Одоо Улаанбаатар утаатай байгаад л байх юм бол мөнгө идээд л байна. Утаагүй зуух тарааж байхынхаа оронд бас 1 дулааны цахилгаан станц барьдаг ч юм уу, 1 дэд бүтцэээ шийдээд л явах юм бол алин хэзээ 1 том хороолол баригдаад бага ч гэсэн үр дүн харагдах байлаа.

-Р.Амаржаргал гишүүний тавьсан асуудлын тухайд та ямар байр суурьтай байна. Дэмжиж байгаа юу?

-За би ний нуугүй нэг зүйл хэлье. Би Р.Амаржаргалыг 1990 оноос хойш мэднэ. Гэхдээ Р.Амаржаргал гишүүн Монголын ардчилалд яг юу хийсэн юм гэдгийг нь хэлэхэд хэцүү. Нэг удаа Ерөнхий сайд хийсэн. Ерөнхий сайд хийхдээ "Лам олдохгүй бол буцахдаа зална” гэдэг л болсон. Тиймээс би Р.Амаржаргалыг сайн багш хүн л гэж боддог. Улстөрч, тэмцэгч гэдэг зүйл бол  байхгүй байх. Тойрог авах гэж бөөн юм болж байж авсан. н.Нямхүүг Увс руу хөөж байж УИХ-ын гишүүн болчихоод одоо ингэж ярина гэдгийг нь хувь хүнийхээ хувьд ойлгохгүй байгаа. Харин түүний хажууд С.Баяр бол аймаар том улстөрч. С.Баяр бид хоёр сайн найз.

-Сайн найз чинь улстөрд эргэж ирэх үү?

-Үүнийг ёстой мэдэхгүй. Өөрөөс нь асуу.

-Ер нь С.Баяр гэдэг хүн унаж, унагаж сурсан байх. Энэ хоёр хүний хооронд тохиролцоо хийсэн гэсэн мессэж бий шүү?

-1996 онд  байсан бол тавиад туучихсан л даа. Тэр үед УИХ-ын гишүүд хэн болохоо сайн ухаараагүй байж. Дөнгөж сонгогдчихоод л ороод ирсэн нөхдүүд "Аа, УИХ-ын гишүүн болсон” гээд л гүйгээд байдаг. Нэг мэдсэн Засгийн газарт бүх эрх мэдэл нь оччихсон байсныг сүүлд ойлгохгүй юу. Тэгээд энэ сайдуудыг "алаад” өгье гээд бужигнаж байлаа. Тухайн үед Засгийн газрын сайдууд УИХ-ын гишүүн биш байсан учраас гишүүдээсээ бас их айна аа. Тэгэнгүүт нь эд нарыг унагааж болдог юм байна гэж мэдээд "Эднийг унагаагаад өөрсдөө болно” гэж зүтгээд  дампууруулсан шүү дээ. Өөрсдөө ч болсон юм байхгүй, өрөөлийг ч болгосон юм байхгүй, дөрвөн жил Засаггүй байлгачихсан. Үүн дээр гол тоглолтыг найруулсан хүн нь Н.Энхбаяр. Н.Энхбаярсаад байх юм байхгүй, яг үнэндээ С.Баяр шүү дээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан учраас хэнийг Ерөнхий сайд болгохов энэ тэр гэдэг асуудал дээр С.Баяр тоглолт хийчихсэн байхгүй юу. Тэгэхэд Р.Амаржаргалд бол С.Баярын хэмжээний тоглолт хийх чадвар байхгүй. Хоёрдугаарт нам доторх фракц. Р.Амаржаргалыг МҮДН гэж мэдэхээс биш аль фракцид байдаг нь сайн мэдэгдэхгүй л байгаа шүү дээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

740 сэтгэгдэл