Хүүхдээсээ өдөр бүр асуух ёстой 4 асуул
Хүүхдээ сайн хүн болгоё гэвэл бага мөнгө, их цаг зарцуул гэсэн үг байдаг. Тиймээс эцэг эхчүүд хэчнээн завгүй байсан ч өдөр бүр хүүхэдтэйгээ ярилцах, тэдний амьдралд юу болоод байгааг сонсох зав гаргаж байхыг гэр бүл судлаачид зөвлөж байна. Хүүхэд өсөж томрохын хэрээр асарч тойглохоос илүү тэдэнтэй ярилцаж, ойлголцох хэрэгцээ шаардлага үүсч эхэлдэг.
Дараах дөрвөн асуултыг хүүхдээсээ өдөр бүр асууж заншихыг нэгэн туршлагатай ээж зөвлөжээ. Эдгээр асуулт энгийн, амархан мэт санагдаж байгаа ч хүүхэд тань өөрийг нь анхааралтай сонсож байгааг мэдрэх, харилцан ярилцах нь тэдний хүмүүжил, үзэл бодол төлөвшихөд багагүй үүрэгтэй. Мөн хүүхэддээ өөрийгөө итгэж, найдаж болохуйц хүн гэдгийг ойлгуулах хамгийн энгийн арга юм.
Амьдрал чинь хэр байна?
"Би охиноо хэлд орж, хангалттай ойлголцдог болсон цагаас нь хойш энэ асуултыг тогтмол асуудаг болсон. Бага байхдаа тэр асуултанд нэг бүрчлэн, дэлгэрэнгүй хариулахыг хичээдэг байсан. Харин одоо 10 настай охин минь заримдаа ганц, хоёр үгээр л асуултанд минь хариулдаг. Гэхдээ энэ нь тийм чухал биш. Учир нь, тэр нухацтай, эсвэл ямар нэгэн зүйлийн талаар шууд ярилцахыг хүсч буйгаа илэрхийлэх хэмжээнд хүрсэн. Гагцхүү тэр үеийг нь би мэдэрч, ойлгох нь л чухал юм” гэж нэгэн ээж ярьжээ. Эцэг эхчүүдэд хэлэхэд, хүүхэддээ асуулт тавьж, хариулт авах нь гол зорилго биш юм. Харин хүүхэд тань ярилцахыг хүсч байгаа нөхцөлд эдгээр асуулт харилцан яриа үүсэх гүүр нь болж өгөх учиртай.
Найзуудтайгаа ямар харилцаатай байгаа вэ?
Ялангуяа өсвөр насан дээрээ яваа хүүхдүүдийн хувьд найз гэдэг эцэг эхээс ч илүү итгэлийг нь хүлээсэн, нууцаа шивнэн ярьдаг хүмүүс байдаг. Тиймээс хүүхдийнхээ ертөнцийг ойлгож мэдэхийн тулд тэдний найз нөхдийг тань, ойлго. Мөн хүүхдүүд шууд өөрийнхөө тухай ярихаас илүүтэй найз нөхдийнхөө харилцаагаар дамжуулж амьдралд нь юу болоод байгааг илэрхийлэх нь элбэг.
Сүүлийн үед ямар нэгэн "сайхан, сонин, хачирхалтай” зүйл тохиолдов уу?
Шалгалтандаа хэд авсан, ангидаа хэдэд жагсав гэх мэт асуулт тавихын оронд амьдралд чинь ямар нэгэн "сайхан, сонин, хачирхалтай” зүйл тохиолдов уу гэж асуух нь та хоёрын дунд нээлттэй, чөлөөтэй яриа өрнөх нөхцөл бүрдэнэ. Энэ энгийн асуултыг зуршил болгож, хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж эхэлбэл хэсэг хугацааны дараа тэд таны асуусан, асуугаагүй өөрсдөддөө тохиолдсон сонирхолтой зүйлсийн талаар түрүүлж ам нээдэг болно.
Аав, ээжийнх нь зүгээс туслах зүйл байна уу?
Энэ хамгийн чухал асуулт. Хэрэгтэй үед эцэг эх нь тэдний төлөө байна гэдгийг тэд мэддэг ч шаардлагатай үед тусламж хүснэ гэдэг хүүхдүүдийн хувьд хүнд даваа юм. Тиймээс аав, ээжийнх нь зүгээс туслах зүйл байгаа эсэхийг тогтмол асуу. Гэхдээ бүх зүйлийг өмнөөс хийж өгөх бус шаардлагатай үед нь дэмжлэг үзүүл, заримдаа нөхцөл байдлыг тайлбарла, сэтгэл санаагаар дэмж, хамтрагч нь мэт асуудалд ханд. Хамгийн гол нь хүүхэд тань бие даан аливаа асуудлыг шийдвэрлэж сурахад та туслах үүрэгтэй. Харин тэдний төлөө хэт ихийг хийгээд эхэлбэл хүүхэд өөрийгөө сорих хүсэл тэмүүлэлгүй, бүхнийг бусдаар хийлгэхийг эрмэлздэг болно гэдгийг анхаараарай.
Б.Саруул