Гайхамшгаас мэндэлсэн хүү
Винсент хэмээх энэ бяцхан хүү анагаах ухааны хөгжил дэвшлийн хүчээр хорвоод мэндэлжээ. Түүний ээж төрөлхийн савгүй боловч орчин үеийн анагаах ухааны хөгжлийн ачаар хүүхэд тээж төрүүлэх сав шилжүүлэн суулгуулсан аж. Өмнө нь маш цөөхөн оронд туршиж үзсэн ч хүүхэд тээж төрүүлэх хэмжээнд хүртлээ амжилттай болж байгаагүй сав шилжүүлэн суулгах мэс заслыг Шведийн эмч мэргэжилтнүүд хийж гүйцэтгэжээ. Шведийн Готенбургийн Сахлгренска их сургуулийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн сүүлийн 15 жилийн хөдөлмөрийн үр дүнд эмэгтэйчүүдэд сав шилжүүлэн суулгаж эхэлсэн бөгөөд Винсентийн ээж хамгийн анхны амжилттай тохиолдол нь болж байгаа юм. Түүнээс гадна одоо амаржихаа хүлээж буй хоёр ч ээж байгаа гэнэ. Винсентийн ээжийн хувьд 61 настай танил эмэгтэй нь түүний донор болохоор зөвшөөрсөн бол нөгөө хоёр эмэгтэйн хувьд хоёулаа төрсөн ээжийнхээ савыг авсан байна. Азаар тэдний шилжүүлэн суулгасан сав эсрэг реакц үзүүлэлгүй, хүүхэд тээхэд ноцтой хүндрэл гараагүй байна.
Ер нь, сав шилжүүлэн суулгахад дахин хүүхэд төрүүлэхгүй гэж шийдсэн эмэгтэйчүүд, эсвэл цогцсыг донор болгодог аж. Донорын биеэс савыг нь авах мэс засал 12 цаг үргэлжилдэг бөгөөд үүний дараа савыг хэсэг хөргөгчинд хадгалсны дараа өвчтөний биед суулгадаг гэнэ. Энэ мэс засал нь харин зургаан цаг үргэлжилдэг юм байна. Ингээд мэс засал амжилттай болж, шинээр суулгасан сав ноцтой хүндрэл өгөхгүй бол үр шилжүүлэн суулгах эмчилгээг эхлүүлдэг ажээ.
Анагаах ухааны энэ ололт амжилт төрөлхийн савгүй төрсөн, эсвэл золгүй явдлын улмаас саваа авахуулсан эмэгтэйчүүдэд итгэл найдвар бэлэглэж байна. Одоохондоо Шведэд амжилтад хүрсэн энэ мэс заслыг Британи, АНУ зэрэг бусад улс орны эмч мэргэжилтнүүд ч бас хийхээр төлөвлөж байгаа аж.
Винсент хүүгийн тухайд тэрээр хугацаанаасаа өмнө дутуу төрсөн ч эмнэлгийн хяналтад нэг сар байлгасны дараа гэртээ гарсан байна.