Хөлбөмбөгт хайртай, мөнгөтэй хүн байна уу
Харин тухайн спортод сэтгэлгүй, орж ирсэн хандив мөнгө, тусламжийг нь өөрийнхөө халаасанд хийчихээд явдаг удирдлагатай бол багийн гэлтгүй л спорт унаж байна шүү дээ. Ерөөсөө л спорт хөгжинө, тамирчид амжилт гаргана гэдэг хөрөнгө мөнгөтэй салшгүй холбоотой гэдэг нь харагдаад байгаа. Жүдочид дэлхийн төвшинд амжилт гаргадаг байсан уу гэвэл тийм. Гэхдээ өнөөдрийнх шиг жин бүрт шилдэг тамирчид гарч ирж, дэлхийд өрсөлдөх хэмжээнд байгаагүй. Хэн ийм болгов. Ердөө л жүдогийн спортод сэтгэл зүрхээ зориулсан Х.Баттулга гэдэг хүний гавъяа.
Чөлөөт бөх нэг хэсэг уналтад орсон. Ямар ч тэмцээн уралдаанд орсон медальгүй хоцордог байлаа. Хааяа ганц нэг ур чадвар өндөртэй тамирчин нүүр тахалдаг байсан. Тэгвэл өнөөдөр Монголын эмэгтэй тамирчдаас дэлхий айж байна. Эрэгтэйчүүд ч гэсэн аливаа тэмцээнээс хоосон хоцордог хөг ард хоцорч. Д.Дагвадорж гэдэг хүн холбооны тэргүүн болж, хамаг сэтгэл зүтгэлээ зориулсантай холбоотой. Сагсан бөмбөгийн спорт хөгжиж, Азийн хэмжээнд шилдэг найман багийн нэг болж байна. Энэ бол С.Эрдэнэ гэдэг хүн сагсан бөмбөгийн спортод сэтгэл зүрхээ зориулан зүтгэж яваагийнх. Тэгвэл Монголын хөлбөмбөгийн спорт хаана явна вэ. Ёстой нөгөө сураггүй гэдэгтэй л адилхан байгаа. Бид дэлхийд битгий хэл Азид сураггүй байна.
Хөлбөмбөгийн холбоог Б.Ганболд гэдэг хүн хэчнээн ч жил удирдав. Энэ хугацаанд хөлбөмбөгийн спортод ахиц гарсан юм алга. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн барь гэж мөнгө өгсөн. Өнөөдөр цэнгэлдэх гэхэд ичмээр жижиг талбайтай л байна. Шигшээ багийн хэмжээнд тэмцээн уралдаанд орж байгаа юм алга. Лигийн тэмцээн нь үлгэн салган л явж байгаа. Гэтэл өнөөх алдарт Ерөнхийлөгч Б.Ганболд нь авлига авсан хэргээр Олон улсын хөлбөмбөгийн холбооноос бангадуулаад байж байна.
Ерөнхийлөгч нь таван жилийн хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхгүй болсоны дараа тэр суудалд нь суух гэж зүтгэсэн хэдэн хүмүүс хэрэлдэж, уралцаад л байж байна, одоо. Тэр дунд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлчих сэтгэлтэй, бодолтой хүн байгаа эсэх нь үнэхээр эргэлзээтэй.
Ганц нэг хөлбөмбөгийн спортыг үнэхээр хөгжүүлчих сэтгэлтэй хүмүүс нь нэрээ татаад эхэлсэн сурагтай. Ингэж байгаад дахиад нэг Ганболд гарч ирээд, баахан самрах бололтой. Энэ улсад хөлбөмбөгт хайртай, тэгээд гайгүй мөнгө төгрөгтэй, хандив мөнгө авчих боломжтой, Олон улсын хөлбөмбөгийн холбоонд нэр нүүртэй байж чадах хүн байхгүй юм гэж үү. Монголчууд бид хөлбөмбөгийн шигшээ багаа дэмжээд, ядаж Азийн хэмжээнд гайгүй тоглохыг нь хармаар л байна шүү дээ. Бүр даварвал дэлхийн аваргад оролцохыг нь хармаар байна. Гэтэл ердөө л Ерөнхийлөгчийн суудлын төлөө уралцсан хэдэн хүн холбоог авахаар өрсөлдөж байгаа нь энэ мөрөөдөл биелэхэд бурхны нас ч хүрэхгүй гэдэг онигоог л санагдуулаад байна даа.
Н.Пунцагболд