Пан Азийн аварга Д.Лхагваа дахин мөрийтэй тоглож байгаад баригдлаа

912

Пан Азийн аварга, мэргэжлийн боксчин Д.Лхагваа дахин хууль бусаар мөрийтэй тоглож байгаад баригдлаа. Энэ сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ..... зочид буудлын найман давхарт хэсэг бүлэг хүмүүстэй мөрийтэй тоглож байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригдсан байна. Тэрбээр нууцаар мөрийтэй тоглоом тоглож, олон хүнийг хохироосон хэргийг өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрынхан удаа дараа илрүүлж, саатуулан шалгаж байсан ч хэрэг нь хэрэгсэхгүй  болсон байдаг. Улмаар 2012 онд дахин хууль бус мөрийтэй тоглоом тоглож, хуулийнханд саатуулагдан шүүхийн танхимд очиж байсан ч Хан-Уул дүүргийн шүүхээс түүнд тэнсэн харгалзах ял оноож сулласан байдаг. Гэвч тэрбээр засралгүй дахин хууль бусаар тоглож байгаад баригдлаа.

Тоглож байсан өрөөнөөс нь зүү тариур, цагаан нунтаг эд зүйлсийг хураан авлаа

Мэргэжлийн боксчин Д.Лхагваа нар хууль бусаар мөрийтэй тоглож байхдаа  хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Учир нь цагдаагийн алба хаагчид мөрийтэй тоглож байсан зочид буудлын өрөөнөөс зүү тариур, хар тамхины төрөл нунтаг цагаан зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан гэж албаны эх сурвалж мэдээллээ. Гэхдээ баттай эх сурвалжийн мэдээлснээр мэргэжлийн боксчин Д.Лхагвааг хар тамхи хэрэглээгүй. Харин хамт баривчлагдсан хүмүүсээс хар тамхийг хэрэглэсэн гэж мэдээлж байна. Гэхдээ тэднийг хэрэглэсэн эсэх, хэрэглэсэн бол чухам хэн гэгч этгээд нь хэрэглэснийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Д.Лхагваа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

Мөрийтэй тоглоом хууль бусаар тоглосон Д.Лхагваа, хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй этгээдүүдэд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192, 243.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тус зүйл ангиудад мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн хууль бусаар мөрийтэй тоглож, энэ хэргийг давтан үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Цагтаа өөрийн хүч хөдөлмөрөөр олон түмний хайр хүндэтгэлийг хүлээж байсан аварга боскчин Д.Лхагваа ийнхүү дахин хууль бусаар мөрийтэй тоглож байгаад баригдлаа.

Б.Чимэг

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

912 сэтгэгдэл